УИХ-ын гишүүд Оюутолгойн далд уурхайн асуудлаар байр сууриа илэрхийлэв
Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Л.Цог нар Оюутолгойн далд уурхайн 4.4 тэрбум ам.долларын зээлийн санхүүжилтийн гэрээг Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс дэлхийн 15 том банк, санхүүгийн байгууллагатай байгуулсныг буруутгаж, үүнээс үүдэх хор уршгийн талаар олон түмэнд хандан Сонордуулга гаргаж буйгаа мэдэгдэж өнөөдөр /2015.12.17/ байр сууриа илэрхийлэв.
Уг сонордуулгад дурдсанаар, “Монголын ард түмний хосгүй баялаг болсон Оюутолгойн ордын лицензийг барьцаалж, Рио тинто компани 6 тэрбум ам.долларын зээлийг дэлхийн томоохон 15 банк, санхүүгийн байгууллагаас авч, хувь нийлүүлэгчийн зүгээс оруулсан одоогийн зээлийн төлбөрөө авч дараад, улмаар 4.4 тэрбум ам.долларыг өөрийн дансандаа байршуулахаар заажээ.
Энэ нь Оюутолгойн ордыг барьцаалж авсан зээлийг зөвхөн Оюутолгойн санхүүжилт, үйл ажиллагаанд зарцуулах бус өөрийн бусад гадаад улс дахь бизнес, үйл ажиллагаанд ашиглах болж байна. Хөрөнгө оруулалтын анхны гэрээний өртөг 4.6 тэрбум ам.доллар, үүнээс 1.5 тэрбум ам.долларыг далд уурхайн бүтээн байгуулалтанд оруулахаар төлөвлөснийг Монголчууд бид мартаагүй байна. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсанаас хойших хөрөнгө оруулалтын санхүүжилтийг хөрөнгө оруулагчид зэс, алтны борлуулалтаараа бизнесийн үйл ажиллагааныхаа хүрээнд шийдвэрлээд явах ёстой юм.
Далд уурхайн зардлыг зохиомлоор 4 дахин өсгөн авч буй 6 тэрбум ам.долларын зээл, анхны хөрөнгө оруулалтын хэтрэлт 1 тэрбум гаруй ам.доллар, алдагдалтай тодотголтой 904 сая ам.долларын татварын хөнгөлөлт зэргийг Дубайн гэрээгээр Монгол Улсын Засгийн газар хүлээн зөвшөөрснөөр манай улсын хүртэх ногдол ашиг анх төлөвлөсөн 2021 оноос 16 жилээр хойшилж, 2037 оноос авахаар болж алсран одлоо.
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ Монголын талд ашиггүй болох нь жилээс жилд амьдралаас нотлогдож байна. Оюутолгойг хэн ч, хэзээ ч зогсоогоогүй. Тухайлбал, Оюутолгой компани 2014 онд 3.1 их наяд төгрөгийн борлуулалт хийснээс түүний 9.3 хувь буюу 300.5 тэрбум төгрөг, 2015 оны эхний 11 сарын байдлаар 3.2 их наяд төгрөгийн борлуулалт хийснээс 11 хувь буюу 352 тэрбум төгрөгийн татвар Монгол Улсад оруулсан байна. Үүний бараг тал хувь нь эргээд зээлийн өрөнд суутгагдаж байгаа гэвэл Монголын тал Оюутолгойгоос нийт борлуулалтынх нь 4-5 хувийг л хүртдэг гэсэн тооцоо гарч байна. Энэ бол баялгийн эзэн манай улсын хувьд дэндүү хохиролтой. Тиймээс өнгөрсөн хугацаанд бид энэ шударга бус байдлыг харилцан үр ашигтай болгох тухай л ярьж ирсэн гэлээ.
Мөн гишүүдийн зүгээс Оюутолгойн гэрээг анхнаасаа шүүмжилж ирсэн. Цаашид ч энэ байр сууриндаа хэвээр байна. Хэдийгээр Оюутолгойн далд уурхайн зээлийн гэрээ үзэглэгдсэн ч Монголын ард түмэнд үнэн зөв мэдээллийг тайлбарлан таниулах ажиллагаагаа үргэлжлүүлсээр байх болно гэлээ.