Эрүүл мэндийн салбарын сайдыг томилох асуудлаар албан тоот хүргүүлэхээ мэдэгдлээ
Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд
2015.12.21

Эрүүл мэндийн салбарын сайдыг томилох асуудлаар албан тоот хүргүүлэхээ мэдэгдлээ

Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд эрүүл мэндийн сайдыг яаралтай томилж, энэ салбарын асуудалд анхаарал хандуулж ажиллах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Л.Эрдэнэчимэг, Г.Уянга нар өнөөдөр /2015.12.21/ хэвлэлийн бага хурал хийн сэтгүүлчдэд мэдээллээ.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, өвөл болж цаг хүндэрлээ. Ханиад томуугийн өвчлөл эрс нэмэгдээд байгаа энэ үед эрүүл мэндийн салбар сайдгүй байгаа нь санаа зовоосон асуудал болоод байна. Эрүүл мэндийн салбарт сайн менежмент дутагдаж байна. Төр засаг энэ талаар онцгой анхаарч салбарын сайд, Төрийн нарийн бичгийг даргыг томилооч гэж бид Ерөнхий сайдад хандан албан тоот хүргүүлэх гэж байна. УИХ-ын даргад мөн хандах болно. Эрүүл мэндийн салбар удирдлагагүй байгаагаас болоод эмч ажилтнуудын байдал хүндэрч байна. Энэ салбарыг удирдах эзэнгүй орхиж байгаа нь буруу гэж үзсэн учир бид ийм шийдвэрт хүрлээ хэмээн мэдээллийн эхэнд хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг эрүүл мэнд, боловсрол, хүүхэд, ахмад настан, эмэгтэйчүүдийн асуудлаар хамтран ажиллаж ирлээ. Эрүүл мэндийн салбарын хэд хэдэн хуулийн төсөл дээр ажиллан, энэ салбарын төсөвт анхаарал хандуулж, хавдрын эмнэлгийн өргөтгөл, гуравдугаар амаржих газрын барилгын хөрөнгө оруулалтыг төсөвт суулган батлуулах чиглэлээр ажилласан гэлээ. Тэрбээр, эрүүл мэндийн сайдын томилгоог улстөржилгүйгээр хийж, мэргэжлийн түвшинд ажиллан, энэ салбарт сайн менежмент хийх хүнийг томилоосой гэж эмэгтэй гишүүд хүсч байгааг мөн дуулгасан.

УИХ-ын гишүүн Г.Уянга, Эрүүл мэндийн салбар шоовдорлогдох ёсгүй хэмээгээд энэ салбарын эмч, ажилтнуудын зүгээс сайдын томилгоонд анхаарал хандуулаач гэсэн хүсэлтийг ирүүлж байгааг дурдсан. Тэрбээр, салбарын сайдыг томилохгүй орхисноос болж энэ салбарын олон мянган ажилтнууд, эмнэлгийн үйлчилгээ авдаг иргэд хохирох ёсгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм. Гишүүд мэдээлэлтэй холбогдуулан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа