Г.Баярсайхан сайд Ард Аюуш сан байгуулжээ
УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханыг Ард Аюушийн удмын хүн гэдгийг тэр бүр мэддэггүй ажээ. Манжийн түрэмгийлэгчдийн эсрэг ард олноо толгойлон тэдний эсрэг тэмцэж байсан Монголын цогтой тэмцэгчийн нэг бол Алдаржавын Аюуш юм. Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханы аав Ж.Гарьдхүү гуай Ард Аюуштай үеэлүүд аж.
Доктор Ж.Гарьдхүү гуай бол Монголынхоо газар шороог нэвт судалсан хөрс судлаач эрдэмтэн билээ. Тиймээс ч хүүдээ эх орон газар шороогоо хамгаалж явахыг сургадаг нэгэн гэнэ.
Саяхнаас Г.Баярсайхан сайд үеэл, хамаатнуудтайгаа нийлж “Ард Аюуш” санг үүсгэн байгуулаад амжжээ. Тэрээр Ард Аюушийн үйл хэргийг үргэлжүүлэх бодолтой явдаг гэнэ. Үндэсний эрх ашгийн төлөө тууштай тэмцэж ирсэн Ард Аюушийн удмын хүн гэсэндээ эх орон, байгаль орчныг хамгаалахын төлөө тууштай дуугардаг нэгэн хэмээн судлаачид ч дүгнээд амжив. “Хөвсгөл далайн эзэд” төрийн бус байгууллагаас гаргадаг байгальд ээлтэй гишүүдээр нэрлэсний нэг нь Г.Баярсайхан сайд байлаа.
Түүнийг мөн эх оронч гишүүнээр шалгаруулж байсан удаатай. Чингэлтэй хайрхан уулыг улсын хамгаалалтад авхуулсан, Ноён уулыг хамгаалах хуулийн төсөл санаачилсан гээд түүний үйл хөдлөл, үг бүрийг нь харахаар Ард Аюушийн үйл хэргийг үргэлжлүүлж явна уу гэж ойлгож болохоор юм. Түүний энэ чанар нь Хөх овгийн Ард Аюушийн удмын хүн гэсэндээ цусанд нь шингэсэн байдаг юм болов уу.