Маргааш олон улсын нягтлан бодогчдын өдөр
Маргааш олон улсын нягтлан бодогчдын мэргэжлийн баярын өдөр. 11-р сарын 10-ны өдөр нь энэ салбарт хүч хөдөлмөрөө зориулдаг хэдэн сая мэргэжилтнүүдийн эв санааг дэлхий дахинаа нэгтгэн илэрхийлдэг чухал өдөр юм.
1494 онд Нягтлан бодох бүртгэлийн эцэг гэгддэг Luca Pacioli Венец хотноо өөрийн “Данс ба бусад бичилтүүдийн тухай” номыг хэвлэн гаргаснаас үүдэлтэй. Тус ном нь өнөөдөр хэрэглэгдэж буй нягтлан бодох бүртгэлийн цикл, журналыг хэрхэн ашиглах тухай, түүнчлэн нягтлан бодох бүртгэлийн ёсзүйн талаарх тайлбар бүхий онч мэргэн сургаал зөвлөгөө болон давхар бичилтийн бүртгэлийн талаарх нийтлэлийг багтаасан, бизнесийн бүртгэлийн бусад ажлын үндэс суурь нь болсон анхны ном юм.
Хэдийгээр нягтлан бодогчдод “баярлалаа” хэмээн хэлдэг тодорхой өдөртэй улс орон олон байдаг ч 11 дүгээр сарын 10 бол энэ салбарт хүч хөдөлмөрөө зориулдаг хэдэн сая мэргэжилтнүүдийн эв санааг дэлхий дахинаа нэгтгэн илэрхийлдэг чухал өдөр юм. Улс орон бүр нягтлан бодогчдоо алдаршуулах, баяраа тэмдэглэх өдрүүд ялгаатай боловч манай улсын хувьд жилийн бүрийн 12-р сарын эхээр бүртгэл, санхүү, эдийн засагчдын баяр тохиодог бөгөөд энэ онд 12-р сарын 4-нд Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтээс баярын арга хэмжээг 17 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Энэ үеэр оны шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай бөгөөд 2015 оны бүртгэл, санхүүгийн шилдгүүдийн номинацид энэ сарын 16 хүртэл http://www.top10.monicpa.mn хуудсаар дамжуулан олон нийтээс санал авч байна.