Монголын бизнесменүүд "найзлаад" найман жил болж байна
2007 онд 35 гишүүнтэйгээр албан ёсоор байгуулагдаж байсан "Монголын Бизнесийн Зөвлөл"-ийн 8 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож байна. 8 жилийн хугацаанд гадаад, дотоодын төрийн болон ТББ, олон салбарын компаниуд нийлсэн 200 гаруй гишүүдийг эгнээндээ нэгтгэж чадсан байна. Гишүүддээ бизнесийн түнш олох, ашиг орлогоо нэмэгдүүлэхэд туслах, бизнес эрхлэхэд таатай орчин бүрдүүлэх зорилготой "Монголын Бизнесийн Зөвлөл" аравдугаар сарын гишүүдийн уулзалтаа арваннэгдүгээр сарын 2-нд хийж, энэ үеэр 8 жилийн ойгоо тэмдэглэхийн сацуу 2015 оны "Шилдэг компани", "Шилдэг ажлын хэсэг"-ээ тодруулж, хүндэтгэлийн босоо хүлээн авалт болсон юм.
Ажил хэрэгч, бүтээлч уулзалт боллоо
Тус арга хэмжээг нээж "Монголын Бизнесийн Зөвлөл"-ийн ТУЗ-ын дарга Б.Бямбасайхан үг хэлсэн юм. Үргэлжлүүлэн зөвлөлийн гүйцэтгэх захирал Жим Двайер шинэ гишүүдээ танилцуулсан.
2015 оны аравдугаар сарын уулзалт, илтгэлийн үеэр гишүүн байгууллагын төлөөлөл
Зөвлөлийн сар тутмын уулзалт бүтээлч, үр дүнтэй болдог бөгөөд энэ удаагийн уулзалтаар "Minter Ellison LLP" олон улсын бизнес, хуулийн зөвлөх компанийн төлөөлөгч Элизабет Эллис "Хөдөлмөрийн тухай шинэ хуульд дэвшүүлэх санал, бизнест үзүүлэх үр нөлөө" сэдвээр илтгэл тавьж, "Транспэрэнси Интернэшнл Монгол"-ын хувийн хэвшил хариуцсан хөтөлбөрийн менежер Сусан Коит Фрийман байгууллагын үйл ажиллагаагаа танилцуулсан бол "Оюу Толгой" ХХК-ийн ерөнхийлөгч Эндрью Вүдлэй "Олон улсад өрсөлдөх чадвартай зэсийн бизнес" сэдвийг хөндөж, зөвлөлийн гишүүдтэй санал солилцсон юм.
Тус арга хэмжээний үеэр "Монголын Бизнесийн зөвлөл"-ийн ТУЗ-ын дарга Б.Бямбасайхантай хэдэн хором ярилцлаа.
"Монголын Бизнесийн Зөвлөл"-ийн ТУЗ-ын дарга Б.Бямбасайхан
"Би зөвлөлийн ТУЗ-ын даргаар сүүлийн 3 жил ажиллаж байна. Манай зөвлөл гишүүн байгууллагууддаа мэдээлэл өгөх, бизнесийг дэмжих зорилготой. Хамгийн сайн мэдээлэлтэй бизнесүүд сайн шийдвэр гаргаж, ашиг орлогоо нэмэгдүүлж чадна. Тиймээс мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн баг олон салбарын мэдээлэлд дүн шинжилгээ хийж, зөвлөмж гарган, гишүүддээ тараадаг. Мөн зөвлөлийн хүрээнд гишүүн байгууллагууд хоорондоо хамтран ажиллах өргөн боломжтой.
Манай компани ч зөвлөлийн нэг гишүүн. Сар бүр бид албан ёсоор энэ уулзалт хурлыг зохион байгуулдаг бол жилийн эцэст гишүүн байгууллагууддаа зориулан том хэмжээний хүлээн авалт хийж, энэ үеэр оны "Шилдэг компани", "Шилдэг ажлын хэсэг" тодруулдаг."
"Монголын Бизнесийн Зөвлөл" шинэ гишүүдээр хүчээ зузаатгаж байна
Өнгөрсөн сард зөвлөлд хэд хэдэн байгууллага, компани шинээр элссэн байна. Эдгээр нэр дурдсан байгууллагууд зөвлөлд нэгдэж, үйл ажиллагааны цар хүрээ, салбар үл харгалзан ижил тэнцүү боломж, тэгш эрхээр хангагдах болно гэж зөвлөлийнхөн хэлж байлаа.
-Өндөр зэрэглэлийн зочид буудал, хурлын танхимаар үйлчлэх "Blue Sky Hotel&Tower"
-Байгууллагын харилцаа холбоо, дуудлагын төв зэргийг цогцоор шийдэх "CallPro" ХХК
-"Компанийн засаглалын хөгжлийн төв"
-Мэдээ мэдээллийн цахим хуудас "News.mn"
-Эрүүл мэндийн чиглэлээр голлон контент үйлдвэрлэгч "OTV"
-Хүний нөөцийн зөвлөх үйлчилгээ, сургалтын бизнес эрхэлдэг "RTHR Services"
-Авлигын эсрэг хүчтэй дуу хоолой болж чаддаг иргэний нийгмийн төлөөлөл болох "Транспэрэнси Интернэшнл Монгол"
Шинээр элссэн гишүүн байгууллагаас төлөөлөл болгож, яагаад Монголын бизнесийн зөвлөлд элсэх болсон талаар тодрууллаа.
"East Maven" менежмент, PR агентлагийн гүйцэтгэх захирал О.Гэрэлтуяа
"Бизнес эрхлэгчдэд тулгарч буй гол асуудлуудыг нэгтгэж, тэдний дуу хоолой болж чаддаг байгууллагын нэг нь "Монголын Бизнесийн Зөвлөл" гэж ойлгодог. Тогтмол үйл ажиллагаа явуулж, гишүүддээ үйлчилдэг гэдэг утгаар нь гишүүнээр нэгдэж байна. Яваандаа Монгол улс гадаадад өрсөлдөх чадвар сайтай болох байх. Энэ ч үүднээс зөвлөлд нэгдсэнээр гадаадын туршлагатай мэргэжилтэн, зөвлөхүүдтэй хамтран ажиллаж, туршлага солилцох боломж олдоно гэдэгт итгэлтэй байна. Зөвлөлийн гишүүд салбар, салбарын төлөөлөл болж чаддаг нь сонирхол татсан."
"Blue Sky" Hotel&Tower-ийн ерөнхий менежерийн нарийн бичиг Н.Уянга
"Сар болгоны тодорхой өдрүүдэд "Монголын Бизнесийн Зөвлөл"-өөс манай хурлын танхимд уулзалт зохион байгуулдаг. Тиймээс бид ч бас тэдний нэг болж, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүссэн. Мөн зөвлөлийн гишүүн байгууллагуудын зохион байгуулах хурал зөвлөгөөн, уулзалт, арга хэмжээний захиалга авч, борлуулалтаа нэмэгдүүлэх зорилготой. Манай хурлын танхим нэг дор 600-650 хүн хүлээн авах хүчин чадалтай, олон улсын чуулга уулзалт, форум боллоо гэхэд "Төрийн ордон", "Гадаад хэргийн яам" зэрэг газартай ойрхон учраас цаг хугацаанд хэмнэлттэй, хүрч очиход хялбар байршилтай. Зөвлөлийн гишүүдэд гэрээний дагуу хөнгөлөлт үзүүлэх болно."
"CallPro" компанийн захирал Б.Идэр-Од
"Бизнесийн маш том хүчтэй бүл үүссэн гэж хардаг. Маш том мэдээлэл дунд орж байна гэж ойлгож байна. Тиймээс компанийхаа танилын хүрээг нэмэгдүүлье гэсэн зорилгоор нэгдэж байна. Маш сайхан энергитэй учраас таалагдаж байна. Манай компани 2009 онд байгууллагын харилцаа холбооны, дуудлагын төвийн шийдлийг гаргах зорилгоор байгуулагдсан. Одоогоор "Номин Холдинг", "Бодь групп" зэрэг том компаниуд, пицца хүргэлтийн "Пицца Пацца" гээд бүх төрлийн салбарын 60 гаруй компанид үйлчилгээгээ хүргэдэг. Цаашид сар бүрийн уулзалтад тогтмол, идэвхтэй оролцоно."
"Tранспэрэнси Интернэшнл Монгол" байгууллагын хөтөлбөрийн менежер Кристин Хьюдез
"Бидэнд харилцаа холбоо, хамтын ажиллагааны асар том боломжийг Монголын Бизнесийн Зөвлөл" нээж өгч байна. Зөвлөлийн шинэ гишүүн болсондоо баяртай байна."
Бизнесүүд хоорондоо чөлөөтэй харилцсан үдэш болсон
Зөвлөлийн 8 жилийн ойн арга хэмжээнд гишүүн байгууллага тус бүрээс хоёр хүн төлөөлж оролцсон. Эдгээр төлөөлөгчид хоорондоо маш дотно уур амьсгалтай байж, маш энгийн хэрнээ нягт холбоо тогтоож чадсан нь харагдаж байлаа. Өөрийн эрхэлж буй бизнесийн тухай, шинэ соргог мэдээлэл, олж сонссон зүйлс, арга туршлагаа хүндэтгэлийн оройн зоог барих үеэрээ чөлөөтэй хүүрнэж байсан юм
Хүндэтгэлийн босоо хүлээн авалтын үеэр, гишүүн байгууллага тус бүрээс 2 хүн уригдсан
"Шилдэг компани"-аар "Оюу Толгой ХХК" нэрлэгдлээ
"Монголын Бизнесийн Зөвлөл"-д "Ард санхүүгийн нэгдэл", "Голомт банк", "Ньюком", "Эрдэнэс Таван Толгой" зэрэг монгол компаниуд, "Вагнер Ази", "Азиа Пасифик Инвестмент Партнерс", "Монголиа Девелопмент Ресорсес" зэрэг олон улсын компани, 20 гаруй улсын элчин сайдын яам, Монголын болоод олон улсын ТББ-ууд, "Дэлхийн банк", "Азийн хөгжлийн банк" зэрэг олон улсын санхүүгийн байгууллагууд, их сургуулиуд болон бусад чиглэлийн гээд 200 гаруй байгууллагыг эгнээндээ нэгтгэж чадсан. Эдгээр гишүүн байгууллагаас амжилт бүтээлээрээ "Монголын Бизнесийн Зөвлөлийн Оны Шилдэг Компани"-аар "Оюу Толгой" ХХК тодорсон юм.
"Оюу Толгой" ХХК-ийн ерөнхий захирал Эндрью Вүдлэй
"Би маш баяртай байна. Монголын амжилттай яваа бизнесүүдийг урамшуулж энэхүү шагналыг өгч байдагт баяртай байдаг. Ирээдүйд биднийг маш олон өөрчлөлт хүлээж байна. Биднийг сайхан ирээдүй хүлээж байна."
"Оюу Толгой" ХХК-ийн ТУЗ-ын гишүүн Г.Батсүх
"Оюу Толгой"-чуудын хувьд энэ өдөр маш сэтгэл хөдөлгөсөн үйл явдал тохиож байна. "Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ" гэдгийн адилаар Оюу Толгой ХХК-ийг тойрсон сайн, муу мэдээлэл гадуур их гарч байсан ч өнгөрсөн жилүүдэд манай ажилчид үнэхээр хичээнгүй, чармайлттай, нийгмийн хариуцлагатай ажиллаж ирлээ. Ил уурхай, баяжуулах үйлдвэр сайн ажиллаж Монгол улсын экспортыг нэмэгдүүлж, улс орны эдийн засагт онцгой үүрэг гүйцэтгэж байна. Энэ бүхнийг үнэлэн "Монголын Бизнесийн Зөвлөл"-өөс "Шилдэг компани"-аар тодруулсанд ТУЗ-ийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье. Ингээд цаашид тус зөвлөлийн гишүүний хувьд "Оюу Толгой" ХХК нийгмийн болоод үйлдвэрлэл, технологийн үүргээ чанд сахиж, энэхүү өндөр шагналын нэр хүндийг хариуцлагатайгаар авч явах болно.
"Шилдэг ажлын хэсэг"-ээр "Боловсролын ажлын хэсэг" тодорлоо
"Монголын Бизнесийн Зөвлөл"-ийн 7 ажлын хэсэгт 300 гаруй мэргэжилтнүүд сайн дураараа ажиллаж, аливаа асуудал, мэдээлэлд дүн шинжилгээ хийж, гишүүн байгууллагууддаа зориулан зөвлөмж гаргадаг. Хөрөнгийн зах зээл, татвар, хууль зүй, эрчим хүч ба байгаль орчин, боловсрол, ложистик, эрсдэл гэсэн ажлын хэсгүүдээс энэ жил ажлын үр бүтээмжээрээ Боловсролын ажлын хэсэг "Шилдэг ажлын хэсэг"-ээр тодорсон юм.
Боловсролын ажлын хэсэг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц мэргэжил олгох, дээд боловсролын сургалтыг сайжруулах зорилгоор Засгийн газрын агентлагууд, донор байгууллагууд, Монголын болон олон улсын дээд боловсролын институтиудтэй хамтран ажиллаж, гишүүддээ үйлчилдэг байна.
МБЗ-ийн "Боловсролын ажлын хэсэг"-ийн зөвлөх, доктор Саха Дейван Меянатан
"Энэхүү сар бүрийн уулзалтаар эдийн засаг, бизнесийн асуудлаар хоорондоо харилцан ярилцах боломж олгодог. "Монголын Бизнесийн Зөвлөл"ийн гишүүн болсноор хоёр тал ярилцан ашигтай хамтран ажиллаж болно. Манай ажлын хэсэг Монголын бизнесүүдэд бизнесийн мэдлэг боловсрол олгох зорилготой."