Бизнесийн орчинд шинэлэг, таатай, зөв бодлого үгүйлэгдэж байна
Материалимпекс ХК- ийн ТУЗ-ын дарга Г.Аюушмаатай ярилцлаа.
Материалимпекс ХК үүссэн цагаасаа эхлэн улсын хэрэгцээт барилга, цахилгаан, сантехникийн бүхий л төрлийн материалыг хэрэглэгчийн захиалгын дагуу хүлээн авч хуваарилах, тээвэрлэн хүргэх, хадгалах чиг үүргийг хэрэгжүүлж ирсэн 60 жилийн түүхтэй компани юм.
1999 онд төрийн мэдлийн 51 хувийн хувьцаа худалдагдан, хувийн компани болж, барилгын материалын үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ, үйлдвэрлэл үйлчилгээний шинэ салбаруудыг нээн ажиллуулж байна.
Хувийн өмчит шилжсэнээсээ хойш барилга угсралт, аялал жуулчлалын салбар (охин) компаниуд, олон улсын тээвэр зуучлалын нэг цонхны үйлчилгээ, ганжуулсан шилний үйлдвэр, зуурмагийн үйлдвэр зэрэг хэд хэдэн шинэ үйлдвэр, үйлчилгээнүүдийг нэвтрүүлжээ. Төрийн өмчөөс хувийн өмчит шилжсэнээр ашигтай ажиллаж болдгийн бодит жишээ болсон "Материалимпекс" ХК-ийн ТУЗ-ын дарга Г.Аюушмаатай эрхэлж буй салбарын хүрээнд асуудал хөндөж, ярилцлаа.
Барилга бүтээн байгуулалтын салбарт бизнес эрхлэхэд ямар байна ?
Засгийн газрын орон сууцжуулах хөтөлбөрт оролцож, улс орныхоо хөгжлийн бодлогыг дэмжих зорилттой ажиллаж байна.
"Барилгын гол түүхий эд болох арматур бэлдэн нийлүүлэх чиглэлээр ахицтай ажилласан."
Барилга угсралтын ажил тааруухан, уналттай байлаа. Бусад салбарын ажил байнга өсөлттэй байсан бол энэ оноос буурч байна.
Манай гаалийн бүсийн хэмжээнд 2013 онд чингэлэг 7558, вагон 2521 хүлээн авч байсан бол бас 2014 онд чингэлэг 7341, вагон 1714 болж буурсан үзүүлэлт гарсан. 2015 оны дүн хараахан гараагүй байна. Эндээс харахад бүхий л бизнес эрхлэгчдийн ашиг орлого буурч, улмаар улсын төсөв тасалдах магадлалтай байна.
Энэ бууралттай байдлыг яаж өсөх замд нь оруулах вэ?
Баялаг бүтээж шударгаар татвар төлдөг компани, ЖДҮ эрхлэгчдээ төр дэмжиж ажилламаар байна. Шударга ажиллаж, татвар төлсөн хувийн хэвшлийнхнийг төрөөс дэмжиж урамшууллаа гэж сонсоогүй. Харин шударга бус ажилласныг өршөөснийг мэдэх юм байна. Татварын мөнгө ирээдүйн хөрөнгө оруулалт болж, хөгжилд хувь нэмэр бололгүй буруу гараар орж байгаад шүүмжлэлтэй ханддаг.
"Монгол Улсад шударга татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах байгууллага зайлшгүй шаардлагатай байна."
Энэ асуудлаар МҮХАҮТ-ын удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгч Б.Лхагважав, МҮЭХ–ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нарт хандсан боловч хариу ирээгүй байна.
Төр яаж ажиллавал та бүхэнд таатай орчин бүрдэнэ гэж үзэж байна?
Энэ бол маш их өргөн хүрээний асуудал. Бүрэн гүйцэд хариулт өгье гэвэл улс төр рүү орчих гээд байна. Тиймээс товчхон хэдэн зүйл хэлье.
"Төрийн үйлчилгээ авах хүсэлтэй хэн бүхэнд эрх тэгш, шударга, шуурхай үйлчилгээ үзүүлдэг байгаасай."
Төрийн албаныхан хуулиас дээгүүр, өөрөөр хэлбэл албан тушаалаа хэтрүүлсэн шийдвэр гаргадгаа болих хэрэгтэй. Төрийн алба цомхон, мэргэшсэн ажлын ур чадвар сайтай, хуульд заасан эрх хэмжээ, бүрэн эрхээ зөв хэрэгжүүлдэг хүмүүс байгаасай. Үүнтэй холбоотойгоор "Төсвийн тухай хууль" зөрчиж төсөв буруу зарцуулсан, улс орон, нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн гэрээ хэлцэл хийсэн асуудлаар хуулийг чангатгах шаардлага байна гэж хардаг.