2015.03.26

Үндэсний үйлдвэрлэгчид дотоодын зах зээлийг бүрэн хангах чадалтай

Барилгын материал үйлдвэрлэлийн "Unico" компанийн захирал Б.Батаатай ярилцлаа.

-Монголд барилгын материал үйлдвэрлэлийн зах зээл ямар байна вэ ?

Барилгын салбарын өнөөгийн байдал нилээд уналтанд орсон байна. Хэдий найман хувийн зээл олгож байгаа ч худалдан авагчын чадвар муудаж хүлээлт үүсээд байна. Өөр нэг зүйл нь байрны үнийн асуудал. Уг нь барилгын үнийг буруулах боломж бидэнд бий. Ингэхдээ үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, тэдэнд хөнгөлөлт үзүүлснээр буруулах орчин бий. Өнөөдөр дотоодын зах зээлд барилгын үйлдвэрлэл хямд зардлаар баригдах боломж байна. Учир нь барилгын материалын бүх төрлийн бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэгч нар 100 хувь үйлдвэрлэж чадаж байгаа.

Харин ганц асуудал нь материал үйлдвэрлэлийн түүхий эдийг импортоор авдагт байгаа юм. Хэдий ам.долларын ханш өсч байгаа ч бидний бүтээгдэхүүн хоёр жилийн өмнөх үнэтэйгээ ижилхэн зарагдаж байгаа нь биднийг алдагдалд оруулдаг.

Тухайн үед ам.доллар 1640-тэй байхад  бүтээгдэхүүний үнэ 5500 байсан бол 2000 руу дөхөж байгаа одоо ч энэ үнээ барьсаар л байна. Мэдээж бидний хувьд зах зээлээ алдахгүйн тулд үнээ барьж байна. Энэ нь ижил төрлийн компаниудын хувьд өнөө, маргаашаа л харсан зүйл болчихоод байгаа.

-Тэгвэл  таны хувьд ямар санаа, бодол байна вэ ?

Импортоор оруулдаг барилгын материалын түүхий эдэд оногдуулдаг татварыг чөлөөлөөд өгчих хэрэгтэй. Тэгвэл барилгын материалын үнэ улам буурч, үйлдвэрлэгч нар хямд өртгөөр барилгаа барих боломжтой болно. Ингэснээр нөгөө байрны үнийг буруулах нөхцөл үүсч байгаа юм. Жишээ нь манай компани түүхий эдээ БНСУ-аас оруулж ирдэг. Гэтэл тэнд таван жилийн өмнөх ам.долларын ханш одоог хүртэл яг хэвээрээ.

Харин энд бүх зүйл эсрэгээрээ. Тиймээс бид үнэхээр алдагдалтай ажиллаж байна. Түүнчлэн эрчим хүч, усны үнэ ямагт өсч байна. Усыг дахин хэрэглэдэг учраас гайгүй гэж тооцоход эрчим хүч бол нэлээд хүндрэлтэй. Өндөр хүчин чадал бүхий технологийг 24 цагаар ажлуулдаг учраас хүндрэлүүд гардаг.

Өөр нэг жишээ хэлэхэд Солонгост энгийн иргэн хүн импортын машин унадаггүй. Хэрвээ дотоод нь байгаа ижил төрлийн бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирвэл 100 хувийн татвар төлдөг гэсэн үг. Энгийнээр хэлбэл 100 мянган ам.долларын автомашин оруулж ирэхийн тулд татварт нь дахиад 100 мянган ам.долларыг нэмж төлдөг.

Ингэж дотоодын үйлдвэрлэгч нараа бодлогоор дэмждэг. Гэтэл манайд адил төстэй импортын бараанд ч ямар ч хяналт байхгүй. Тиймээс тэдгээр хүмүүсийн импортын бараанд ядахдаа 50 хувийн татвар тавьчихвал үндэсний үйлдвэрлэгч нар хөгжих бололцоо харагдаад байгаа юм.

Жишээ нь Монголд хэдэн залуучууд нийлээд барилгын цавуу хийсэн.  Гэтэл яг адилханг урдаас оруулж ирсэн цавууг хямдхан гээд худалдагч нар авч байна. Яг үнэндээ хамгийн гол чанар. Намайг Бээжинд ажлаар явж байхад худалдагч нь “Та аль улсын хоолойг авах вэ” гэж асуусан.

Ер нь дотоодынхон бүх төрлийн барилгын материалыг олон улсын стандартын дагуу хийж чадна.

Юу гэсэн үг вэ гэтэл “Та Польш хоолой авах уу, Германыг авах уу бид шошгыг нь бичээд өгье гэсэн. Гэтэл нөгөөх нь өөрсдийнх нь үйлдвэрлэдэг чанар муутай хоолой байгаа юм. Эдгээр нь манай зах зээлд ирээд зарагдахдаа Герман стандартын хятад хоолой  гэсэн нэрийн дор худалдаалагддаг.

-Барилгын материалын зах зээлийн 30 хувийг дотоодынхон үйлдвэрлэдэг. Хэрвээ татварыг нь нэмээд импортын барааг шахлаа гэж бодоход зах зээлийн даах чадвар нь хэр вэ ?

Би өөрийнхөө бүтээгдэхүүндээ тулгуурлаад ярихад цэвэр, бохир усны хоолойг 100 % үйлдвэрлэдэг компани байгаа нь манай үйлдвэр. Дан бохир усны хоолой үйлдвэрлэдэг өөр компани бий. Хэрвээ бид нийлээд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэлээ гэж бодоход дотоодын зах зээлээ бүрэн хангаж чадна.

Манайх  хоногт 3500-4000 метр хоолой боловсруулах чадвартай. Ингэснээр есөн давхар барилгын цэвэр бохир усны хоолойг 3-4 өдөрт багтаан үйлдвэрлэх боломжтой. Ер нь дотоодынхон бүх төрлийн барилгын материалыг олон улсын стандартын дагуу хийж чадна. Гэхдээ эдгээр зүйлийг зөвхөн шийдвэр гаргагчид л мэдэх зүйл. Харин бид Бухын доодхыг харж үнэг турж үхнэ гэдэг шиг л болоод байна.

Зарим томоохон барилгууд материалаа импортоор оруулж ирдэг. Тэгэхээр дотоодын үйлдвэрлэгчдийн хувьд чанар, стандартын асуудал хөндөгддөг. Үүнийг та юу гэж бодож байна вэ ?

Манай үйлдвэр гэхэд олон улсын ISO, монголын MNS гэсэн стандартын дагуу Европын өндөр зэрэглэлийн технологоор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг учраас ямар ч чанарын зөрүү гарахгүй. Бүр цаашилбал энд хийсэн хоолойг Европт зарсан ч болно.

Монголд томоохон барилгууд ихээр баригдаж байна. Эдгээр барилгуудын цаана ихэнх нь төрийхөн байдаг. Тэд үүнийг барихын тулд зөвхөн энэ материалаар барина гээд буруу хараад суучихдаг. Дээгүүрх хүмүүсийн хувьд бидний нүүрийг харахаар дэмжиж байна гэчихээд цагаа тулахаар юу ч хийдэггүй. Өнөөдөр гурван сар гарчихаад байхад ямар ч барилгын ажил эхлээгүй байна. Бидний хувьд ч борлуулалтгүй л байна.

-Импортын компаниуд оруулж ирж байгаа барилгын материалд ямар нэгэн алдаа гарлаа гэхэд хариуцах эзэн нь олдоггүй. Харин дотоодын үйлдвэрлэгчид эсрэгээрээ байдаг.

Манайх цэвэр, бохир усны хоолойг даралтад болон халаалтынх гэх бүх төрлийг нь хийдэг. Мөн вакум цонхыг импортын ямар ч цонхноос дутахааргүй үйлдвэрлэдэг. Бид хятадын хоолойтой туршиж үзэхэд урдаас оруулж ирсэн хоолой задарч байх жишээтэй. Ийм зүйл 100 айлын барилгын материалын дэлгүүрээр дүүрэн бий.

Хэрвээ би материалаа аль нэг компанид зарлаа гэж бодоход чанарт нь баталгаа өгдөг.

Барилга бол хүний амь настай холбоотой учраас үнийг нь биш, чанарыг нь хардаг болж сурах хэрэгтэй. Тэгэхгүй өнөө маргаашаа харсан байдлаар хэзээ ч урагшилахгүй. Хэрвээ би материалаа аль нэг компанид зарлаа гэж бодоход чанарт нь баталгаа өгдөг. Өөрөөр хэлбэл хариуцлагаа би үүрнээ гэсэн үг.

-Борлуулалт зогссон гэж хэллээ. Ийм үед ямар арга хэмжээ авах вэ ?

Бид дахин зар суртчилгаа явуулж компаниудтай холбогдохоор ажиллаж байна. Их хаадын өргөө компани Чехийн хөрөнгө оруулалтаар Эрдэнэтэд маш том цогцол барихаар болж байгаа. Тэдний хувьд бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэсэн саналаар хамтрахаар болсон.