Цементын дотоодын үйлдвэрлэл нэмэгдсэнээр үнэ буурна
Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны менежер М.Улаанхүүхэнтэй барилгын материалын зах зээлийн талаар ярилцлаа.
- Барилгын материалын дотоодын үйлдвэрлэл, импортын харьцаа ямар байна вэ?
Арматурын 60 орчим хувийг өөрсдөө үйлдвэрлэж байна. Харин түүхий эдээ ОХУ-ын Улаанбаатар менежмент компаниас авдаг.
Дуу, дулаан тусгаарлах материалыг 80 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг. Цементийн 50 хувь буюу 1,5 сая тонныг импортоор авдаг. 2016 оноос цементээ 100 хувь дотооддоо үйлдвэрлэнэ гэж үзэж байгаа. Дотоодын гурван цементийн үйлдвэр шинээр ашиглалтад орно. Барилгын ажил нь эхэлчихээд явж байна. Хөтлийн цементийн үйлдвэр энэ онд 500 мянган тонныг үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа. Цаашдаа бүрэн хүчин чадлаараа ажиллавал 1 сая тонныг үйлдвэрлэнэ. Сүүлийн үеийн тооцооноос харахад Монголд жилд 2,5 сая тонны цементийн хэрэгцээ байна гэсэн дүн гарсан. Шинээр ашиглалтад гурван үйлдвэр орно. Тус бүр 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. Тэгэхээр бид удахгүй дотоодынхоо хэрэгцээг хангадаг болно гэсэн үг. Мөн Төв аймгийн Сэргэлэн суманд энэ жилд мөн тийм хэмжээний хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орно.
Энэ мэтээр өөрсдөө цементээ үйлдвэрлээд эхлэхээр цаашдаа үнэ буурна. Намар 8,9 дүгээр сард барилгын ид ачааллын үед төмөр замын тээвэрлэлттэй үнэ өсдөг бол энэ байдал алга болно гэсэн үг.
- Ер нь манай улс барилгын материалаа дотооддоо үйлдвэрлэх боломж бий юу?
Боломж бий. Төмрийн хүдрийн орд хаа сайгүй. Түрүүчээсээ үйлдвэрүүд байгуулагдаж байна. Архангай аймагт Бэрэн группын хүдэр хайлуулах үйлдвэр байгуулагдсан. Одоогоор технологи эзэмших түвшиндээ явж байна. Энэ үйлдвэр байгуулагдсанаар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг гангаар хангах нөхцөл бүрдсэн. Дуу, дулаан тусгаарлагч материалуудын орд ихэнх аймгуудад бий. Одоогоор 100 хувь гадаадаас авдаг плитаг хүртэл дотооддоо хийх нөөц бололцоо байгаа. Аргагүй эрхэнд гаднаас авч болох зүйл бол химийн гаралтай барилгын материал. Яагаад гэвэл бидэнд химийн үйлдвэр байхгүй.
2012 онд “Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр” батлагдсан. Түүнээс хойш дуу, дулаан тусгаарлах материалын үйлдвэрүүд бий болж энэ төрлийн материалыг гаднаас авах нь эрс багассан.
Монголд барилгын материал үйлдвэрлэдэг 700 орчим компани байна.
Барилгын дүүргэгч материалыг дотоодоосоо хангадаг. Гэхдээ нэг асуудал бий. Хэдийгээр Монгол улс дүүргэгч материалын ордууд ихтэй ч ихэнх материалаа Туулын сав газраас авдаг. Хэдэн арван жилийн турш хайргаа Туулын орчмоос авсан учраас тэндхийн экологийн тэнцвэрт байдал алдагдсан. Монголчууд уулын чулуулгаа буталж дүүргэгч материалаа бэлдэх цаг болсон.
- Монголд үйлдвэрлэсэн барилгын материалын чанар ямар түвшинд байна вэ?
Монгол цементийн чанар олон улсын стандартын хэмжээнд байгаа. Гангийн чанар боломжийн түвшинд байна. Дуу, дулаан тусгаарлах материалын чанар алагтай цоогтой.
Чанарыг хангахын тулд эхлээд материал үйлдвэрлэх үйлдвэрлэгч тусгай зөвшөөрөлтэй байх ёстой. Хоёрдугаарт тухайн үйлдвэрийн чанарын үзүүлэлтийг гэрчлэх тохирлын гэрчилгээ байх учиртай. Энэ бүхний хянадаг хяналтын тогтолцоо байх ёстой. Гэтэл өнөөдөр энэ салбарт хүнд суртал, авлигал газар авчихсан нь харамсалтай.
Түүнээс гадна хэрэглэгчид өөрсдөө худалдан авч буй материалын чанар, стандартыг шалгалгүй шууд авчихдаг тал бий.
Чанартай барилгын материал үйлдвэрлэхэд нөлөөлөх өөр нэг хүчин зүйл нь мэргэжлийн лабораториуд. Монголд үйлдвэрлэж энэ олон барилгын материалыг судалж чанарын үнэлгээ өгч байдаг лабораториуд хэрэгтэй.
- Барилгын материалын үйлдвэрлэлд гаалийн татварын дэмжлэг бий юу?
Импортын барааны татварыг өндөрсгөх талаар манай холбоо яамтай хамтран ажиллаж байгаа. 5-6 төрлийн материалын жагсаалт бий. Хэрэв Гаалийн тарифийн зөвлөлөөр 20 хүртэл импортын татварыг нэмчихвэл манай бүтээгдэхүүний зах зээл өргөжнө.