Биднийг дэмжихгүй бол Солонгос, Хятадууд зах зээлийг эзлэх нь
Үндэсний Бетон үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Т.Ганбаатар
2015.04.20

Биднийг дэмжихгүй бол Солонгос, Хятадууд зах зээлийг эзлэх нь

Үндэсний Бетон үйлдвэрлэгчдийн холбоо нь 2013 оны 11 сард байгуулагджээ. Тус холбоо нь бетон зуурмаг болон бетонон хийц үйлдвэрлэгч үндэсний компаниудын эрх ашгийг хамгаалах, төр засгийн бодлого шийдвэрт гишүүдийнхээ санал бодлыг тусгуулах, техникийн шинэчлэл, хүний нөөцийн хөгжилд дэмжлэг үзүүлэх  зорилготой ажээ. Одоогоор үндэсний томоохон 15 аж ахуй нэгж нэгдээд байна. Тус холбооны Гүйцэтгэх захирал Т.Ганбаатартай ярилцлаа

-Бетон  зуурмаг үйлдвэрлэлийн зах зээлд  гадны хөрөнгө оруулагчид, үндэсний компаниудын харьцаа ямар байна вэ?

1995 оноос хойш манай бетон зуурмагийн салбарт Хятад, Солонгос  зэрэг хөрөнгө оруулагчид асар их орж ирсэн. Ингэснээрээ барилгын бетон зуурмагийн чанарын асуудал маш эрсдэлтэй болсон. Мэргэжлийн хяналтын шаардлагыг биелүүлдэггүй байдал явсаар өдий хүрсэн.

Тухайн үед бид бетон хэрхэн хийх туршлага, өндөр техник технологи байхгүй байсан ч өнөөдөр үндэсний компаниуд бүх технологийг нутагшуулж, боловсон хүчнээ бэлдчихэж. Тэдэнтэй, тэдэнгүй бетоныг чанартай, сайн хийх учраас энэ салбараа өөрсдөө авч явъя гэдэг үүднээс үндэсний компаниуд нэгдэн холбоог байгуулсан.

Бетон үйлдвэрлэгчдийн жараад хувь нь гадны 100 хувийн хөрөнгө оруулалттай компаниуд байна. Үүнийг өөрчлөхгүй бол магадгүй арван жилийн дараа үндэсний компаниуд шахагдаж 100 хувь гадны хөрөнгө оруулагчид бидний амьдрах 100 жилийн настай барилгыг бетон зуурмагийг үйлдвэрлэх  төлөв харагдаж  байгаа.

Мөн энэ салбар дахь их мөнгөний урсгал  Солонгос, Хятад руу буцаад гарч байна. Тэд бетоны 100 хувийн хөрөнгө оруулалттай компани байгуулчихаад,   бас  үл хөдлөх хөрөнгийн компани давхар байгуулдаг.

Бетоноос, барилгаас ашиг олсон мөнгөө аваад тэд Солонгос, Хятад руу гаа явдаг. Энэ нь барилгын салбарт байгаа  их хэмжээний мөнгөний урсгал зогсох бас нэг хүчин зүйл болж  байгаа. Энэ асуудалд төр засгийг анхааруулах, мэссэж өгөх үүднээс ч бид холбоогоо “Үндэсний” гэж тодотгож нэрлэсэн.

Тэгэхээр бид Үндэсний компаниудаа дэмжиж магадгүй таван жилийн дараа зах зээлийн 70 хувийг эзэлчих болов уу гэсэн горьдлого байгаа юм.

-Манай төрөөс үндэсний компаниудаа дэмжих бодлого байна уу?

Өнгөрсөн жил бид импортыг орлох, экспортыг дэмжих 888 төсөлд холбоогоороо нэгдэн арваад аж ахуй нэгж санал оруулсан. Импортыг орлох гэдэг шалгуурт нь дэмжигдээгүй. Бид ЖДҮ-ийн төсөл зэрэг олон зүйлд хамрагдах гэж явдаг ч улирлын чанартай, өвөл эргэн төлөлт хийж чадахгүй гээд  хасчихдаг.

-Энэ салбар улирлын шинжтэй үйл ажиллагаа явуулдаг. Яг одоо ажил эхлэхэд бэлэн байна уу.

Манай салбар хавар дөрөвдүгээр сараас өвөл арваннэгдүгээр сарын дунд хүртэл идэвхтэй ажилладаг. Одоо эхнээсээ ажилдаа гарч эхэлчихсэн.  Гэхдээ төр засгийн зарим шийдвэрүүд хүндрэл дагуулж байна.

Тухайлбал, гуравдугаар сарын 20 –оос дөрөвдүгээр сарын 20 хүртэлх сарын хугацаанд газар гэсэлт, овойлтын үе  гээд  авто зам дээгүүр хүнд даацын машин явахыг хориглодог.  Мөн аравдугаар сарын 20 –оос арваннэгдүгээр сарын 20 хүртэл бас хориглодог. Ид ажлын үе таардаг болохоор  их хэцүү л дээ.

Энэ асуудлаар манай холбоо, Элсхайрга, дайрга үйлдвэрлэгч компаниудын холбоо,  Хүнд машин механизм түрээслүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах  холбоо, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоодуудтай хамтарч саяхан Шадар сайд, Барилга хот байгуулалтын сайд,  Нийслэлийн Засаг даргад хүсэлт хүргүүлсэн.

Мөн дугаарын хязгаарлалт бас их хүндрэл учруулж байдаг. Тухайлбал, Помп машин бараг нэг тэрбум төгрөгийн үнэтэй. Компаниуд үүнийг  лизингээр  авдаг. Гэтэл дугаарын хязгаарлалтад ороод, нэг өдөр л зогсоход асар их алдагдал хүлээдэг.

Машин дугаарын хязгаарлалтанд орж байгаа нэг өдөрт бид ажлаа алдахгүйн тулд Солонгос, Хятадуудыг машиныг түрээслэх хэрэг гардаг. Гадныхан бол олон машин техниктэй учраас дугаарын хязгаарлалтанд өртөөд, хүндрээд байдаггүй. Энэ дугаарын хязгаарлалт дотоодын компаниудад л хүндээр тусаж байгаа.

-Бетон зуурмагийн үйлдвэрлэлийн чанар, стандарт, норм нь ямар байгаа вэ?

Монголд энэ чиглэлийн зуугаад компани үйлдвэрлэл явуулж байгаа. Энэ зуун компани зуун төрлийн л бетон үйлдвэрлэж байгаа.  Стандарт нормоо мөрдөх ёстой. Мэргэжлийн хяналт аж ахуй нэгжүүдээр явж шалгадаг ч чанар тал руугаа сайн шалгаж, дүн өгч чаддаггүй.

Аюулгүй байдал, байгаль орчин дахь хор хөнөөл, тоног төхөөрөмжийн паспорт, тохирлын гэрчилгээ, тусгай зөвшөөрлийг шалгадаг. Гэтэл олон улсад бүтээгдэхүүний чанар дээр хяналт хийж, дүгнэж гэрчилгээ, тусгай зөвшөөрөл өгдөг.

-Энэ бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж болно гэсэн чанарын баталгаа гаргаж, зөвшөөрөл өгдөг байгууллага манайд байхгүй гэж үү?

-Барилга хөгжлийн үндэсний төв, Барилга архитектурын корпораци гэсэн хоёр байгууллага тохирлын баталгаажуулалт өгдөг ч учир дутагдалтай ажилладаг.

Үйлдвэр рүү нь ороод түүхий эд, үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээс нь  дээж авч түүн дээрээ үндэслэн  зөвшөөрөл олгодог. Уг нь олон улсад үйлдвэрээр нь зууруулаад, гарч ирсэн бүтээгдэхүүнийг нь үзэж шинжилснийхээ үндсэн дээр зөвшөөрөл олгодог байх жишээтэй.

-Өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал, хямрал бетон үйлдвэрлэгчдэд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Бэлэн мөнгөний хомсдолд орчихоод байгаа. Бетон зуурмагийн компаниуд ажлаа эхэлье гэхээр элс, дайрга,  хайрга, цемент, Химийн нэмэлт гээд түүхий эд бэлтгэн нийлүүлэгч компаниудаас материалаа татан авалт хийх бэлэн мөнгөгүй суучихлаа. Бидэнд бартерийн хэдэн орон сууцны байрууд л байна. Өнгөрсөн жил яах ч аргагүй ийм байдлаар ажил явуулсан.

Үүнийг гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд ашиглаад бэлэн мөнгөө бариад бартераар хийгээд бидний зах зээлийг булааж байна. Тэд 20-25 хувийн ашиг хийгээд байраа зарчихдаг болохоор бартер хийх нь ашигтай.

Тэд бэлэн мөнгөтэй учраас энэ тоглолтын хийж чаддаг. Харин бид бэлэн мөнгөгүй болохоор түүхий эдээ татан авч чадахгүй байна. Түүхий эд нийлүүлэгч компаниуд ч мөн 2014 онд   байр бартераар авчихсан бэлэн мөнгөгүй болчихсон учраас бэлэн мөнгөөр материал нийлүүлэх гэдэг. 

Бэлэн мөнгөний үүсвэртэй нь Гадны хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүдэд материалаа нийлүүлдэг.  Энэ маягаар л мөнгөний урсгал маань түгжигдчихсэн байгаа. Эдийн засгийн хямрал бодитоор нүүрлэчихсэн байгаа.

-Хямралын энэ байдлыг хэрхэн давж гарах ёстой юм бэ? Та гарц, гаргалгаа нь хэрхэн харж байна?

-Бидэнд байгаа нь бартерын байр. Тиймээс 8 хувийн зээлийн хугацааг уртасгах, шалгуурыг хөнгөвчлөх хэрэгтэй. Мөн барилгын метр квадратын үнэ багасч байгаа учраас залуучуудыг дэмжих бодлого явуулах хэрэгтэй.

-Холбоо байгуулагдсанаар компаниудын эрх ашгийг хэрхэн хамгаалж байна вэ?

-Холбоо байгуулагдахаас өмнө компаниудад нийслэл, дүүрэг, мэргэжлийн хяналт гэх мэт газруудаас гэнэтийн олон шалгалтууд ирдэг.

Шалгалтынхаа дагууг олон журам, шийдвэрүүд гардаг. Энэ шийдвэртээ бидний санал, бодлыг авдаггүй байсан.  Ингэснээр компаниуд үйл ажиллагаа явуулахад төвөгтэй байдлыг үүсгэх болсон учраас өөрсдийн эрх ашгийг хамгаалсан холбоо байгуулсан.

Хоёр жилийн хугацаанд бид бүх шатны төрийн болон төрийн бус байгууллага, шинжлэх ухааны сургуулиудтай мэдээлэл солилцож, хамтран ажиллаж байна. Одоо бетон зуурмагтай холбоотой журам, шийдвэрүүд гарах болоход бидэнд мэдэгдэж, санал авдаг болсон.

-Бетон зуурмагийн үйлдвэрлэл нь энэ барилгын салбарт ямар үүрэг гүйцэтгэдэг, ач холбогдолтой байдаг юм бэ?

Хүнтэй зүйрлэвэл  барилгын мах нь бетон зуурмаг, яс нь арматур юм. Тиймээс энэ бүтээгдэхүүн бол 50 – 100 жилийн настай байх ёстой.

Ярилцсанд баярлалаа.