Барилгын салбар хямарчихсан зүйл байхгүй
"Монгол дээвэр" компанийн захирал Д.Алтангэрэл
2015.04.09

Барилгын салбар хямарчихсан зүйл байхгүй

Импортоос хараат бус байж өөрсдөө хэрэгтэй зүйлсээ үйлдвэрлэж байвал эдийн засаг урагшилна. Сүүлийн хэдэн жилд Монголын салбар үсрэнгүй хөгжиж дотооддоо тогтвортой ажиллаж бүтээгдэхүүн нийлүүлдэг компаниуд бий болсонн Тэдний нэг болох "Монгол дээвэр" ХХК-ийн захирал Д.Алтангэрэлтэй ярилцлаа.

- Танай компани ямар бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд нийлүүлдэг вэ?

Манай компани 20 жилийн өмнө Дархан хотод байгуулагдсан. Барилгын дээвэр үйлдвэрлэж үйл ажиллагаагаа эхэлсэн. Монголчууд дээврээ өөрсдөө хийдэггүй байсан тэр үед бид Германы төсөл боловсруулаад Германы черпицэн дээвэр гэдгийг хийх болсон. Хүмүүс вааран дээвэр гэж нэрлэдэг ч энэ нь үнэндээ бетонон дээвэр. Тансаг зэрэглэлийн байшинд голдуу ашигладаг. Энэ төрлийн дээвэр хэдэн зуун жилийн настай байдаг. Үнийн хувьд төмөр дээврээс ялгаагүй.

Анх герман тоног төхөөрөмж ашигладаг байсан бол одоо япон машин ашиглаж байгаа. 30.0 мянга квадратыг үйлдвэрлэх хүчин чадалтай. Гэхдээ манай улсын хэрэгцээ үүнээс бага. Бид үйлдвэрлэлээ эхлэхдээ өөрсдөө стандартаа боловсруулсан. 4 жил орчим зүтгэж байж хэвийн борлуулалттай болсон. Харин өнөөдөр шинэ бүтээгдэхүүнийг хэдхэн үзэсгэлэнд оруулаад л зах зээлд гаргачих боломжтой. Хэрэглэгчид өөрсдөө ч шинэ зүйлийг хайдаг болж.

2000 онд Улаанбаатарт ирээд компаниа “Монгол дээвэр” нэртэй байгуулсан. Зөвхөн дээвэр биш барилгын 10 гаруй төрлийн бүтээгдэхүүн хийдэг болсон. Голдуу тохижилтод зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Нэгдүгээрт явган зам, талбайн хавтан. Нүхтэй эко хавтан гэдгийг Монголд анх үйлдвэрлэж эхэлсэн. Анх хүмүүс ойлгодоггүй байсан. Ялангуяа гутлынх нь өсгийг хугалчихдаг болохоор хүүхнүүд муу хэлдэг байв. Гэвч эко хавтанг дэлхийд хэрэглэж заншаад багагүй хугацаа өнгөрсөн. Газрын хөрсөнд өвс ургамал ургах боломж өгдгөөрөө эко гэсэн нэр авсан. Суулгасныхаа дараа үр цацчихдаг. Налуу газар бетон цутгах боломжгүй учраас эко хавтанг тавьдаг. Нисэхийн налуу, Тасганы овоонд байдаг хавтанг санаж байгаа биз дээ? Мөн машины зогсоол хийж болохоор зузаантай хавтан ч бий.

Эко хавтан

Манай хотод явган зам талбайн хавтан тавихдаа аюулгүй байдлыг боддоггүй. Хятадаас хямдхан хуванцар хэв оруулж ирээд гөлгөр гадаргуутай баахан хавтан цутгах юм уу эсвэл шууд импортолдог. Тэрэн дээр нь хүмүүс халтирч унаад гэмтдэг. Энэ нь асуудал болоод хотын менежерээр Т.Мөнхбаяр ажиллаж байхад явган зам, талбайн хавтангийн стандартыг гаргасан. Тендерт шалгарсан компаниуд өндөр даралтан дор,зөвхөн тэр стандартаар хийсэн хавтан нийлүүлэхээр болсон. Тэр үед ерөнхийдөө гурван компани хавтан хийдэг байсан. Харамсалтай нь сүүлийн үед стандарт дагахгүй үйлдвэрлэдэг газрууд бий болсон. Төрөөс санхүүжилттэй наадмын талбайн төсөл, зам, гудамж төсөл дээр ажилладаг дарга нар өөрсдөө хавтангийн үйлдвэр байгуулаад нөгөө чанаргүй гялгар хавтангаа дахиад тавиад эхэллээ. Чингисийн өргөн чөлөө, Яармаг орчмоор тавьчихсан байгаа. Одоохондоо хүмүүс явж эхлээгүй.

Бидний үйлдвэрлэдэг өөр нэг бүтээгдэхүүн бол угсардаг төмөр бетонон хашаа. Зуслан, үйлдвэрийн газарт ашигладаг. Газар аваад тохижуулалт хийж буй хүмүүс голдуу хэрэглэдэг. Банзан болон төмөр хашаанаас ялгаатай нь хулгайч авч чадахгүй. Банзан хашааг бол түлээд, төмөр хашааг төмөрт өгчихдөг шүү дээ.

Наранхүүг захирал байх үед Эрдэнэт үйлдвэрийг тойрсон 11 км хашааг барьж өгсөн. Үүнээс өмнө үйлдвэрийн хашаанд мал бэлчдэг, хортой ус уучихдаг байсан болохоор оросуудын зүгээс хашаа бариулъя гэсэн санал гарсан юм билээ.

- Засгийн газрын барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрт танай компани хамрагдав уу?

Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлд хамрагдсан. Багахан хэмжээний зээл авсан. Өнөөдөр уул уурхайн объектууд, тусгай хамгаалалттай газар гээд хамгаалах юм олон байна. Хамгаалах хамгийн хялбар арга нь өргөстэй төмөр утсан торон хашаа байдаг. Бэлчээрийг ч бас хамгаалах шаардлага гарч Бэлчээрийн тухай хууль гарах гэж байна. Тиймээс бид өргөстэй утас, түүнд нь хэрэгтэй бетонон шон үйлдвэрлэх төсөл бичсэн юм. Төсөл маань дүүрэг дээр очоод буцаагдсан. Тэгэхээр нь Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийн газарт хандаад өнгөрсөн намар шийдэгдсэн. Тоног төхөөрөмж , түүхий эдээ аваад үйлдвэрлэлээ эхлээд үзэсгэлэнд хавар оролцлоо. Монголын анхны өргөстэй утасны үйлдвэр болж байна.

Гэхдээ утсаа хийх төмрийг урдаас авахаас өөр аргагүй. Оростой худалдаа, харилцаа гайгүй болвол хямдхан төмөр авна гэж найдаж байна.

- Засгийн газрын хөтөлбөрөөр бий болсон барилгын материалын үйлдвэрүүд цаашдаа хэвийн ажиллаад явах нөхцөл нь бий болсон гэж бодож байна уу?

Импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжсэн нь цагаа олсон хөтөлбөр гэдэг нь маргаангүй. Цементээ л гэхэд өөрсдөө дотооддоо хангадаг болох гэж байна. Гэхдээ нэг л анхаарах зүйл бий. Хэрэв тухайн үйлдвэр түүхий эдээ гаднаас авдаг бол хичнээн дэмжээд ч үр дүн гарахгүй. Вакуум цонхны үйлдвэр л гэхэд бүх түүхий эдээ гаднаас авч байна. Дээр нь чанаргүй. Тэгсэн мөртөө Хятадаас оруулж ирдэг цонхноос үнэтэй байна.

Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн тухай янз бүрээр ярьдаг. Миний үзэж буйгаар үүний үр дүнд үнэ тогтворжсон. Өмнө нь бид сезоных нь үед цементийг 1 тонныг 200 гаран мянгаар авдаг байсан бол өнгөрсөн жил 150-160 мянгаар л авсан. Саяхан үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжихээ больсон тухай зарлангуут Хятадууд цементийнхээ үнийг 160 мянга гээд гэдийчихсэн. Гэхдээ Материал импекс ХХК том цементийн агуулахтай учраас 133 мянгаар зарж эхэлснээр цементийн үнэ тогтворжиж эхэлсэн. Уг нь хөтөлбөр дууссаныг олон нийтэд зарлаж улс төржүүлэх хэрэггүй байсан юм.

- Барилгын салбар хямарсан гэдэгтэй та санал нийлэх үү?

Эдийн засаг хямарсан гэвэл тийм. Яагаад гэвэл экспорт багассан. Энэ нь зөвхөн саарал ордонд сууж буй нөхдүүдийн тэнэг мунхагаас болсон юм биш. Хямрал бол дэлхий нийтэд ажиглагдаж буй зүйл. Хямрал салбар бүрт янз бүрээр нөлөөлж байна.  Зарим хэсэгт үйлдвэрлэл багасч байхад нөгөө хэсэгт нь илүүдэлтэй болчихсон. Нефть л гэхэд хэтэрчихээд үнэ нь навс унасан.

Барилгын салбарын хувьдбарилга угсралт багассан ч тэгтлээ хямарсан зүйл байхгүй. Хүн амд орон сууцны хэрэгцээ байгаа цагт барилга баригдсаар л байх болно. 8 хувийн зээл зогсчихсон юм алга.  Зээл хэвийн төлөгдөж байгаа.  Хотын захад зуслангийн байр ч олноор баригдаж байна.

- Тэгвэл хямрал таны бизнест яаж нөлөөлж байна вэ?

Мэдээж хүмүүсийн халаасан дахь мөнгө багассан, тансаг хэрэглээгээ зогсоосон. Манай үйлдвэрийн хувьд өмнөх онтой харьцуулбал 60 гаруй хувийн борлуулалт хийсэн. Энэ нь 2013 оноос бага үзүүлэлт. Гэхдээ хямарсан үйлдвэр ийм борлуулалт хийж чадахгүй. 2015 онд үүнээс дор борлуулалт хийхгүй гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

Нөгөө талаас хямрал гэдэг бол боломж. Би одоо “Хямралыг хэрхэн гэтлэх вэ?” гэсэн номыг уншаад сууж байна.

- Одоо хоёулаа орон сууцны зах зээлийн талаар ярилцъя. 30 хувийн урьдчилгааны босгыг давж чадахгүй байгаа иргэдийг яаж хүртээмжтэй орон сууцаар хангах вэ?

Эрэлт хэрэгцээ ямар байна вэ гэдгийг харгалзаж үзэх ёстой. Эрэлт хэрэгцээ гэдэг маань нөгөө төлбөрийн чадвартай холбоотой байдаг. Урьдчилгаан  10 хувь болгох асуудал яригдаж байна. Нийслэлийн удирдлага ажилчдынхаа урьдчилгааг бүгдийг нь дааж магадгүй байна. Энэ бол орон сууцны зах зээлд болж буй зүй ёсны үзэгдэл. 30 хувь гэдэг чинь угаас өндөр шүү дээ. Хувийг бууруулах асуудал Засгийн газрын түвшинд гарч ирнэ. Буурахгүйгээр цаашаа явахгүй гэдэг нь ойлгомжтой боллоо.

Харин тийм хүртээмжтэй орон сууц барих хөрөнгийг хаанаас босгох вэ гэсэн асуулт гарна. Одоогоор дотоодод валютын нөөц багассан. Тэгвэл бид манай улсад ажилладаг гадаадын банкуудаас санхүүжилт авч болно. Жишээ нь Bank of China-д салбараа нээх эрхийг нь өгчих хэрэгтэй. Өгөхгүй байгаагийн цаад шалтгаан нь манай банкнуудын лобби. Монголбанк өөрөө арилжааны банкнуудын атганд орчихсон.

- Гадны том банкийг оруулж ирэх нь аюултай биш гэж үү?

Аюултай юм байхгүй. Хятадууд орж ирээд бүх мөнгийг нь атгаад суучихна гэж айгаад байгаа. Тийм зүйл болохгүй. Хэрвээ гадны банк бага хүүтэй зээл өгөөд эхэлвэл өрсөлдөөн бий болж дотоодын банкнуудын өндөр хүү буурч дэлхийн жишигт очно шүү дээ. Арилжааны зээлийн хүү манайд маш өндөр байна. Тэгэхээр гадны банкийг оруулж ирэх нь гарцаагүй. Монгол улс ганцаар арал дээр байгаа юм шиг байж болохгүй. Ер нь бид дэмий зүйлээс айдаг. Малыг малчдад өгөхөөр бүгдийг нь алаад идчихнэ, гадаад паспорт өгчихвөл бүгд гадагшаа гарчих юм шиг яриад байсан тийм зүйл болоогүй.

- Өнөөдөр барилгын материал үйлдвэрлэлд чанар, стандартын ямар тогтолцоо үйлчилж байна вэ?

Барилгын салбарт голдуу Европ, Орос стандартуудыг Барилгын яамны захиалгаар авч ашигладаг. Өөрсдөө зохиож гаргана гэвэл маш хэцүү.  Гадны стандартуудыг судалж өөрийн стандартыг боловсруулсны дараа Барилгын яамны мэргэжлийн хоёр комиссоор ордог. Дараа нь Стандартын хороонд очдог. Хувь хүн, ААН шинэ бүтээгдэхүүн гаргавал түүнийхээ стандартыг зохиох, орчуулах эрхтэй. Баталгаажуулах зардлаа өөрөө даана.

Чанарын тухайд гэвэл үйлдвэр өдөр тутмын хяналтаа өөрөө тавих ёстой. Дэргэдээ лабораторитай үйлдвэр бол өдөр тутам лабораторийн дэвтэрт тэмдэглэгээ хийж явдаг. Ялангуяа даацын элемент үйлдвэрлэдэг газарт байнгын хяналт чухал.  Түүнчлэн итгэмжлэгдсэн лабораторид бүтээгдэхүүнийхээ дээжийг тодорхой хугацаанд шинжлүүлэх ёстой. Шаардлага хангасан тухайн бүтээгдэхүүнд тохирлын гэрчилгээ өгдөг. Өнөөдөр Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо чанар дээр анхаарал сайн тавьж ажиллаж байна. Гэрчилгээгээ авсны дараа тусгай зөвшөөрөл авна.  Гэхдээ тусгай зөвшөөрөл дээр сайд гарын үсэг зурдаг.  Одоо сайдын гарын үсгийг болиулах тухай ярьж байгаа. 

Энэ тогтолцоо бол сайн тогтолцоо. Харин тусгай зөвшөөрөл гэдэг хамгийн сүүлд өгдөг тэр цаас байх уу үгүй юу гэдгийг л шийдээгүй байгаа. Миний бодлоор манайх шиг дээвэр, хашаа хийдэг компаниудад тусгай зөвшөөрөл хэрэггүй. Стандарт, тохирлын гэрчилгээ байхад л болно. Харин даацын элемент болон хариуцлагатай бүтээгдэхүүн хийдэг газрууд зайлшгүй тусгай зөвшөөрөлтэй байх хэрэгтэй.

Орон нутагт үйлдвэрлэж буй барилгын материалд чанарын дутагдал бий. Хашаан дотроо блок хийдэг айлууд зөндөө. Тэгж үйлдвэрлэсэн блок нь үйлдвэрт хийсэн блоктой харьцуулахад хэврэг. Гэтэл тэрийг нь ард түмэн аваад байшин бариад байна шүү дээ. Тиймээс хашааны блок, даацын блок хоёрыг ялгаж ойлгох хэрэгтэй. Цаашдаа орон нутагт барилгын материалын үйлдвэрлэл өсөх хандлагатай байгаа учраас бүсчилсэн байдлаар итгэмжилсэн лабораториуд байгуулвал үр дүнтэй байж болох юм.