Ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоол батлав
Тус байнгын хорооны хуралдаанаар Ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.
Улсын Их Хурлаас “Батлан хамгаалах бодлогын үндэс” бодлогын баримт бичиг батлагдсантай холбогдуулан салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяраар ахлуулан Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг, Д.Бат-Эрдэнэ, Л.Болд, Ц.Цолмон, Н.Энхболд нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахтухай уг тогтоолын төслийг батлахыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэн юм.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төсөл болон төсөлтэй холбогдуулан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхийлөгчийн Хүнийн эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулсан юм.
Монгол Улс сүүлийн 25 жилийн хугацаанд хэрэгжүүлж ирсэн төвийг сахих зарчмуудыг байнга төвийг сахих бодлого болгон хэлбэржүүлж хуульчлах нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр гаргасан Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж, Засгийн газрын тогтоолыг үндэслэн уг хуулийн төслийг боловсруулсан. Монгол Улсын Үндсэн хууль, Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх тухай хууль, Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, Төрийн цэргийн бодлогын үндэс, мөн НҮБ-ын Дүрэм, бусад улстай байгуулсан харилцааны үндсэн гэрээ зэрэгт төвийг сахих бодлогын зарчмууд туссан, түүнчлэн манай улс Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний гишүүн байгаа нь зэрэг нь хуулийн төслийг боловсруулах эрх зүйн болон бодлогын үндэслэл болж байгааг хууль санаачлагч илтгэлдээ дурдав.
Уг хуулийн төсөл батлагдсанаар үндэсний аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах болон гадаад бодлогын эрх зүйн үндэс сайжирна. Монгол Улс төвийг сахиснаар одоо явуулж буй гадаад бодлогод өөрчлөлт орохгүй, харин ч бусад улстай тэнцвэртэй харилцахад чиглэсэн гадаад бодлогын үндэслэл болно гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж.
Хуулийн төсөл нь 3 бүлэг, 11 зүйлтэй агаад хуулийн төсөлтэй холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалд өөрчлөлт оруулах шаардлагатай тул холбогдох Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.
Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаярын гаргасан горимын саналын дагуу уг хуулийн төслийн хэлэлцэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцлээ