Төсвийн хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо
2015.10.28

Төсвийн хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Байнгын хорооны хуралдаанд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Болор, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон болон байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагчид, Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд оролцов.

Ирэх оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, З.Энхболд нар Сангийн сайд болон байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж, хариулт авсан юм.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд Батлан хамгаалах яам, Гадаад хэргийн яам, Цөмийн энергийн комиссын удирдлагуудаас тухайн байгууллагын төсөв 2005 оноос өнөө хүртэлх хугацаанд хэрхэн өссөн талаарх тоо баримтыг лавлаж тодруулаад “Салбарынхаа арван жилийн хугацааны төсвийн талаарх тоо баримтыг хүснэгтээр гаргаж байнгын хорооны гишүүдэд тараах хэрэгтэй. Энэ хугацаанд тухайн салбарын төсөв 5-10 дахин нэмэгдсэн байна. Иймээс салбар бүрийн ирэх оны төсөвт 10 хувийн таналт хийх нь зүйтэй” гэсэн байр суурьтай байгаагаа хэлэв.

Ингээд төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр улс орны эдийн засаг хүндрэлтэй, уул уурхай, барилгын салбар зогсонги байдалд орсон ийм үед хугацаат цэргийн албан хаагчдыг бүтээн байгуулалтын ажилд ашиглах замаар ажлын байрыг нэмэгдүүлэх, залуустаа мэргэжил, ур чадвар эзэмшүүлэх шаардлагатай байгаа тул батлан хамгаалах салбарын ирэх оны төсвийг 76 тэрбум төгрөгөөр нэмэх зарчмын зөрүүтэй санал гаргаж, уг саналын үндэслэлээ тайлбарласан юм.

Энэ асуудлыг байнгын хороо зарчмын хувьд дэмжвэл холбогдох байгууллагуудаас гаргасан судалгаа тооцоонд үндэслэн хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх талаар Төсвийн байнгын хороо, Засгийн газар дээр ярилцаж эцэслэн шийдэх юм гэдгийг тэрээр тодотгов. Уг саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайхан, Н.Номтойбаяр, Ц.Цолмон, Б.Болор нар санал хэлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь уг зарчмын зөрүүтэй саналыг дэмжив.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр зэвсэгт хүчний албан хаагчдын нормын хувцас, сургалтын зардал 5 тэрбум 39 сая төгрөгийг Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас санхүүжүүлэхээр тусгасныг хасч, улсын төсвөөс гаргах зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Үүгээр Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүнийн хөгжил, Нийгмийн даатгалын сангуудын 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг дуусгаж, энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Дараа нь ирэх оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Тагнуулын байгууллагын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болгох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр Сангийн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулаад Тагнуулын байгууллагын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаах зарчмын зөрүүтэй санал гаргасан юм. Уг саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувь нь дэмжлээ.