Компани нягтлангаа дагах биш, нягтлан нь компанийн бодлогоо дагах ёстой
БДО ХХК-ийн захирал Г.Баянмөнхийг энэ удаагийн онцлох зочноор урьж ярилцлаа. Тэрээр мэргэшсэн нягтлан бодох бүртгэлийн салбарт 20 гаруй жил ажиллаж байна.
- Нягтлан бодогч мэргэжил эзэмшиж ажил, амьдралын гараагаа эхэлсэн үеэс чинь яриагаа эхлэх үү?
Би уул нь яах аргагүй социализмын бүтээгдэхүүн л дээ. Барилгын инженер болох гэж конкурсдаад оноо дутаж "Санхүү, эдийн засгийн техникум"-ыг сонгож нягтлан бодогч мэргэжлийг сонгосон. Санхүүгийн техникумд 1988 онд Сүхбаатарын нэрэмжит цалинтай төгссөн цөөн оюутны нэг нь байлаа. Улмаар текникумаас ХААИС-д урилгаар суралцаж, 1992 онд төгсөж тэндээ багшаар үлдсэн. Шилжилтийн хүнд хэцүү үе байсан учраас ихэнх багш нар маань хувийн секторт ажиллаж би сургуульдаа ганцаараа нягтлан бодох бүртгэлийн хичээлийг нэг жил орчим заасан даа. 1992 онд зах зээлийн үеийн нягтлан бодох бүртгэлийн анхны сургалтыг АНУ-ын хоёр профессор ирж, бүх их дээд сургуулийн нягтлан бодох бүртгэлийн багш нарт заасан юм. Ингэж л шинэ үеийн нягтлан бодох бүртгэлд суралцах эхлэл тавигдаж билээ.
Нэг жил багшилсаны дараа эм хангамжийн байгууллагуудыг нэгтгэсэн улсын хэмжээний эм хангамжийн “Монгол эм импекс” концернд ерөнхий нягтлан бодогч бөгөөд хэлтсийн даргаар ажилласан. Энэ үед цаг үеийн шаардлагаар мэргэжлийнхээ нарийн ширийнийг судалж, туршлагажих шаардлага гарсан. Тухайн үед "Азийн хөгжлийн банк"-наас санхүүжүүлсэн Монгол бүртгэл төслийн хүрээнд их, дээд сургуулийн багш нар, нягтлан бодогчдыг орчин үеийн нягтлан бодох бүртгэлд сургах төслийг Сангийн яаман дээр хэрэгжүүлсэнд нь би хамрагдсан. Ингэж санхүүгийн ба зардлын нягтлан бодох бүртгэл, аудит, бүртгэлийн мэдээллийн систем, удирдлагад зөвлөх үйлчилгээ гэсэн таван чиглэлийн сургалтад хамрагдаж мэргэжлээ дээшлүүлэх алтан боломж олдсон юм. Энэ сургалт бараг 5 жил үргэлжилсэн санагдаж байна.
- Энэ үеэс хувийн бизнес эрхлэх санаа төрөв үү?
1992 онд “Нягтлан бодох бүртгэлийн тухай” хууль батлагдаж, мэргэшсэн нягтлан бодогч, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын талаарх шинэ ойлголтууд гарч ирсэн. Би 1995 онд мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалт өгч тэнцэн Монголын анхдагч мэргэшсэн нягтлан бодогчдийн нэг нь болсон доо. Энэ жил манай анхдагч МНБ нар төрсөний 20 жилийн ой тохиож байна. Ажлаа хийнгээ сурах боломжийг надад Монголэмимпекс концернийн удирдлагаас олгосонд үнэхээр талархаж явдаг. Энэ үеэс нягтлан бодох бүртгэлийг бизнес болгож, мэргэжлийн зах зээлд хүч үзэх санаа төрсөн юм. 1997 онд "Аудитын тухай хууль" батлагдснаар энэ салбарт хувийн компани байгуулах миний санаа шулуудаж тэр жилийнхээ 12 сард “Итгэлт аудит” компанийг байгуулсан.
Итгэлт-Аудит компани 2012 онд “BDO аудит” хэмээх олон улсын сүлжээ компанид гишүүнээр элсэж, БДО сүлжээнд Монгол улсыг төлөөлөн ажиллах болсон юм. “BDO” нь дэлхийн 160 оронд салбартай, 60 мянга орчим ажилтантай, нягтлан бодох бүртгэлийн салбарын хэмжээнд дэлхийд орлогоороо тавдугаарт ордог том олон улсын сүлжээ байгууллага бөгөөд Дэлхийн Нягтлан бодох бүртгэлийн пүүсүүдийн Форумын 7 үүсгэн байгуулагч сүлжээний нэг юм. Бид энэ сүлжээнд нэгдэн орсоноор дэлхий дахинд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдыг хүлээн зөвшөөрч, компаниудын чадвар дээшилсэн гэдгийг харуулж байгаа юм уу даа. Энэ нь миний хувьд болон манай хамт олны хувьд нэг том шат ахисан алхам болсон. Манай харилцагчид БДО-гээс мэргэжлийн үйлчилгээ авсанаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн үйлчилгээ авч байна.
- Гадаадын том аудитын компаниуд Монголд хүч түрэн орж ирж байсан 90-иэд оны сүүл үеэр бизнесээ авч явна гэдэг амаргүй байв уу?
Өөрийн компанийг олон улсын сүлжээнд нэгтгэх хүртэл олон бэрхшээлийг туулсан. Олон жилийн нөр хөдөлмөрийн үр дүнд үндэсний мэргэжлийн үйлчилгээний шилдэг компаниудын нэг болоод байна. Компаниа дэлхийд хүлээн зөвшөөрүүлэхийн зэрэгцээ "Дэлхийн банк", "Азийн хөгжлийн банк", “Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк” гэх мэт донор байгууллагуудаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдэд аудит хийж хүлээн зөвшөөрөгдсөн компани болгож, Үнэт цаасны болон Даатгалын зах зээлд аудит болон үнэлгээний үйлчилгээ үзүүлдэг цөөхөн компанийн нэг болгож чадсанд нь би хамт олноороо үнэхээр бахархдаг. Манайд одоо 40 гаруй нягтлан бодогч мэргэжилтэн ажиллаж, хамгийн чанартай үйлчилгээг үзүүлж байна. Нэг дор ийм олон нягтлан бодогчдыг цуглуулж амжилтыг бүтээж байгаа гээд бодохоор сайхан санагддаг.
1998-2000 онд “Итгэлт аудит” компани Монголын бүх арилжааны банкны аудитыг ямар нэгэн хэмжээгээр хийсэн байдаг юм. Мөн 1999 оны үед ажиллаж байсан Германы хөрөнгө оруулалттай Казиногийн компанийн аудитораар ажиллаж, 2000 онд энэ компанийн аудитын дүгнэлтийг танилцуулахаар Чех улсад айлчилж байлаа. Казиногийн бизнесийн аудит хийсэн туршлагатай аудитын компани манайхаас өөр байхгүй гэдэгт итгэлтэй байгаа шүү. Эдгээр амжилт “BDO” олон улсын сүлжээнд элсэхэд гол үзүүлэлт болсон гэж боддог. “BDO” нэрийн дор бизнесээ эрхлээд гурван жил болж байна. Тус олон улсын сүлжээнээс энэ 9-р сард манай компани дээр 5 хоногийн турш чанарын шалгалт хийж, бид шалгалтаа амжилттай давлаа. Шалгалтаар олон сайхан зөвлөгөө авч, яг юунд нь анхаарахаа олон жилийн туршлагатай мэргэжилтнээр хэлүүлж, бас бидний үзүүлж буй үйлчилгээ хүрсэн гэдгээ бататгалаа.
- Аудитын бизнес гэдэг тийм ч олон нийтэд чиглэсэн ойлголт биш. Тэгэхээр аудитын үйлчилгээ ямар ач холбогдолтой вэ?
Та нэгэн компанийн хувьцааг худалдан авах гэж байна гэж бодъё. Худалдан авахын тулд тэр компанийн санхүүгийн тайлантай танилцана. Гэтэл тэр тайлан хэн нэгэн итгэж болох хүнээр эсвэл эрх бүхий байгууллагаар шалгагдаагүй байвал компанид хөрөнгө оруулах шийдвэр гаргах итгэх итгэл төрөх үү?
Мэргэжлийн түвшний, нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эрхтэй хөндлөнгийн байгууллагаар шалгуулж, баталгаажсан тайланг хавсаргасан бол ямар байх уу? Энэ бол санхүүгийн мэдээлэлд итгэх Итгэлийн түвшин. Үүнийг л аудитын ажил бий болгодог. Аудитын зохих стандартын дагуу аудит хийж, дүгнэлт гаргасан санхүүгийн мэдээлэлд итгэж болно, итгэлийг тань эвдэж буруу мэдээлэл баталгаажуулсан бол аудитор нь хариуцлагаа хүлээх учиртай. Илэрхий буруу мэдээлэлд зөв байна гэсэн дүгнэлт гаргачихсан байвал та тэр аудиторын эсрэг гомдол гаргах эрхтэй гэсэн үг л дээ.
Тамга дарна гэдэг тоглоом биш. Үүний цаана асар их хариуцлага байгаа юм.
- Монголд ямар түвшинд хөгжсөн юм бол?
Би ММНБИ-ийн удирдах зөвлөлийн гишүүн, бас ерөнхийлөгчөөр нь 2 жил гаруй ажилласан хүний хувьд саналаа хэлэе л дээ. Сүүлийн үед бизнес эрхлэгчдийн аудитад хандах хандлага ихээхэн өөрчлөгдсөн. Аудит, татварын үйлчилгээ, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээний ялгааг ойлгодог, эдгээр үйлчилгээг чанарын өндөр түвшинд авах эрэлт их байгаа нь анзаарагдаж байна. Илүү өндөр түвшинд гаргах боломж байна. Гэхдээ Монголын зах зээл бол жижиг зах зээл. Аудитын 110 орчим компани 30 тэрбум төгрөгийн үнэлгээтэй аудитын зах зээл дээр тоглолт хийж байна. Энэ зах зээлийн 70 орчим хувийг 5 том компани хангаж, үлдсэн 30 орчим хувийг эзлэх жижиг зах зээл дээр 100 гаруй компани өрсөлдөж байна. Хажуугаар нь татварын мэргэшсэн зөвлөхийн компаниуд энэ зах зээлээс хуваалцаж байгаа. Ихэнх нь 2-4 ажилтантай жижиг компаниуд бага үнэ санал болгож чанаргүй үйлчилгээний төлөө л өрсөлдөж байна гэж харагдаад байна. Ихэнх нь төрийн аудитын байгууллагаас жил бүр хуваарилдаг төрийн өмчит компанид хийх аудитын ажлаар амь зогоож байгаа нь нууц биш байна.
Аудитын үйлчилгээний нэр хүнд сайнгүй байгаагийн гол шалтгаан бол энэ зах зээлд оролцож буй тоглогчдын хариуцлагын асуудал. Хууль тогтоомжийг ягштал биелүүлэхдээ хойрго, мэргэшсэн биш байдал дутмаг, мэргэжлийн түвшин болон хариуцлагаа үнэлэх үнэлэмжээ доогуур үнэлдэг, нэг ажлыг өндөр чанартай, боломжийн үнэтэй хийхийн оронд олон ажлыг хямдхан авч чанаргүй үйлчилгээ үзүүлдэг гэх мэт олон сул талууд манай аудитын компаниудын удирдлагад байгаа нь харамсалтай.
Өнөөдөр үйлчлүүлэгчийнхээ тайланд зөвхөн тамга дарах төдийхнөөр үйлчилгээ үзүүлдэг аудитын компаниуд олон байна. Ингэж хөрөнгө оруулагчдыг хохироож, цаашлаад Монголын аудитын компаниудад итгэх итгэлгүй болгоход хүргэдэг аюул олон жил оршсоор байна. Тамга дарна гэдэг тоглоом биш. Үүний цаана асар их хариуцлага байгаа юм.
- "Нягтлан бодох бүртгэлийн тухай" болон "Аудитын тухай" хуулийн шинэчилсэн найруулгад ямар чухал өөрчлөлтүүд орсон бол?
1992 онд батлагдсан нягтлангийн хуульд тусгагдсан “Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт” гэдэг ойлголт одоо “Санхүү бүртгэлийн олон улсын стандарт” болж өөрчлөгдсөн. Улсын секторын, жижиг дунд аж ахуйн нэгжийн гэх мэт нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартууд шинээр бий болсон. Мөн аудитын олон улсын стандартыг нарийвчлан задалж олон төрлийн баталгаажуулах үйлчилгээ бий болсон. Өөрөөр хэлбэл мэргэжлийн стандартуудад хувьсал гарсан. Нягтлан бодох бүртгэл түүхэн өртөг гэсэн зарчим дээр суурилдаг байсан бол одоо бодит үнэ цэнийн загвар буюу өнөөдрийн бодит байдлаар үнэлдэг систем рүү шилжих хандлагатай болж байна. Ийм том өөрчлөлт орчихоод байхад манай мэргэжлийн харилцааг зохицуулдаг гол хуулиуд хуучнаараа байгаад байсан нь уг хуулийг шинэчлэн найруулах гол шалтгаан болсон.
Төсөвт байгууллага, жижиг, дунд ААН, олон нийтийн ашиг сонирхлын ААН гэх мэт тус тусад нь зориулагдсан олон улсын нягтлан бодох бүртгэлийн болон аудитын стандарт байдаг. Үүнийг шинэ хуулиудад суулгаж өгсөн. Мөн аудитын компани ямар төрлийн үйлчилгээг үзүүлэх ёстойг илүү ойлгомжтой болгосон. Олон нийтийн ашиг сонирхлын томоохон байгууллагад хийх аудитын шаардлагыг өндөрсгөсөн. Харин жижиг, дунд ААН-үүдэд аудит хийвэл шалгуур нь арай хөнгөн байхаар тусгагдаад байна.
- Анх удаа аудит хийлгэж байгаа компаниудад ямар дутагдал байдаг вэ?
Санхүү бүртгэлийн талаар нэгдсэн бодлогогүй, зөвхөн нягтлан бодогчийн мэдлэг, туршлагад тулгуурлаж нягтлан бодох бүртгэлээ хөтөлж, санхүүгийн тайлан бэлтгэх хандлагатай байдаг. Уг нь компани нягтлангаа дагах биш, нягтлан нь компанийн бодлогын дагуу ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл, нягтлан бодох бүртгэлээ хэрхэн хөтөлж, ямар үндсэн бодлого баримтлахаа сонгоод бичгээр баталчихаад тэр бодлого, процедурынхаа дагуу ажиллаж чадах мэргэжилтэнг ажиллуулах талдаа тааруу байна.
- Компаниуд хоёр тайлан гаргадаг, орлогоо татвараас нуудаг байдлыг арилгахын тулд саяхан "Эдийн засгийн ил тод байдлын тухай" хуулийг баталсан. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр аудитын компаниудын ажилд ямар нэгэн хүндрэл гарах уу?
Энэ жил компаниуд нуусан орлогоо ил болгож баримтгүй их хэмжээний орлого бий болно байх. Энэ нь аудитын байгууллагуудад аудитаа зохих дүрэм журмын дагуу хийхэд багагүй хүндрэл учруулах байх гэж бодож байна. Яагаад гэвэл олон улсын стандартын дагуу ямар ч орлого баримттай, нотолгоотой байх ёстой. Гэтэл энэ хуулиар баримт шаардахыг хориглочихсон байна гэж би харсан. Тэгэхээр үнэн гэдгийг батлахад хэцүү болно. Гэхдээ нэг удаа ийм реформийн шинжтэй алхам хийж, далд эдийн засгийг ил болгох хэрэгтэй л дээ.
- Тэгвэл энэ тохиолдолд аудитор хүн ёс зүйн ямар зарчмыг баримтлах ёстой вэ?
Мэргэжлийн нягтлан бодогч нар ажилдаа хариуцлагатай хандаж, хөндлөнгийн нөлөөнд автахгүй, сонирхлын зөрчил үүсгэхгүйгээр ажиллах үндсэн зарчимтай байдаг. Мөн үндсэн зарчмуудаа мөрдөхөөс гадна ямар ч нөхцөлд мэргэжлийн шийдэл гаргах мэргэжлийн өндөр ур чадвартай байх ёстой. Дэлхийн нягтлан бодогчдын холбоо гэж олон улсын байгууллагаас Мэргэжлийн нягтлан бодогчдын ёсзүйн дүрмийг баталж өөрийн гишүүн байгууллагаар дамжуулан дэлхий даяар мөрдүүлдэг юм. Энэ байгууллагад Монгол улсыг төлөөлж Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт(ММНБИ) жинхэнэ гишүүнээр нь элссэн. Ийм учраас Монгол улсын бүх МНБ, аудиторууд энэ байгууллагын гишүүн болсон гэсэн үг учраас энэ байгууллагаас баталсан ёсзүйн дүрмийг даган мөрдөх үүрэгтэй.
- Монголын санхүү, бүртгэлийн системд боловсон хүчний нөөц, чадавхи хэр байна?
Боловсон хүчин дутагдалтай. Жил бүр маш олон тооны хүн бэлтгэгддэг ч шаардлага хангах нь цөөн. Дор хаяж хоёр жил туршлагатай багтай ажиллаж байж, ажилдаа гаршдаг. Гадаадад төгсөөд ирсэн эсвэл хэлний болон мэргэжлийн өндөр мэдлэгтэй шилдэг ажилтнуудаа хэсэг хугацаанд бэлтгэж ажиллуулж байгаад дэлхийн хэмжээнд нэр хүндтэй том компаниудад алдчихдаг бэрхшээл байна.
Энэ нь нэг талаас Монгол хүн гадаадын том компанид өндөр цалинтай ажиллаж байгаа нь сайшаалтай ч, нөгөө талдаа монгол компаниуд боловсон хүчнээ алдах, хүч нь сулрах сөрөг талтай. Ялангуяа манай салбарт олон компани дамжиж ажиллах нь өрсөлдөгч компанид нууц задрах эрсдэлтэй байдаг нь энэ зах зээлийг эмзэг болгодог.
Жишээ хэлэхэд л Монголын Татварын албанд өндөр алба хашиж байсан шилдэг мэргэжилтнүүд маань одоо олон улсын нэр хүнд бүхий аудитын компаниудад хүчин зүтгэж байна шүү дээ. Улсын агентлаг чадварлаг боловсон хүчнээ тогтоон барьж чадахгүй байна. Тэгэхээр жижиг аудитын пүүсүүдэд сайн мэргэжилтнүүдээ тогтоон барих нь түүнээс илүү хэцүү байх нь аргагүй юм даа. Малайз мэтийн зарим улс орон нэг компаниас нөгөө компанийг дамжин олон ажил солих “дэвхрэг”-үүдээс хамгаалах тогтсон бодлоготой байдаг гэж сонсож байсан юм байна. Монгол шиг жижиг зах зээлд ийм систем тогтоочихвол яадаг юм бол.