2015.02.13

Ч.Хүрэлбаатар: Компаниудын хоёр тайлан гаргадаг асуудлыг бууруулах боломж бий

Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн дуу хоолойгоос эхлээд эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ.

Энэ ч утгаараа "Хэлэлцүүлэг" буландаа Нягтлан бодох бүртгэл болон Аудитын тогтолцооны шинэчлэлийн асуудлыг хөндлөө. Бид энэ удаад УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай ярилцлаа

-Нягтлан бодох бүртгэл, аудитын хууль хэрхэн шинэчлэгдвэл дээр вэ ?

Энэ хуулийг өнгөрсөн засгийн газар УИХ-д өргөн барьсан. Тухайн үед төсвийн байнгын хорооноос гаргасан ажлын хэсэгт би орж ажилласан. 

Засгийн газрын оруулж ирсэн хуулинд нэлээд өөрчлөлт оруулах санал байсан учраас хуулийн төслийг буцаан татсан. Одоогийн байдлаар УИХ-д орж ирээгүй байна. Засгийн газар нэг бодлого гаргах байх гэж харж байна.

-Ер нь таны хувьд уг хуулийн шинэчлэлт дээр ямар байр суурьтай байна вэ ?

Миний хувьд өнгөрсөн хугацаанд тодорхой хариуцлага хүлээж, үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд томорч, улам хариуцлагатай байж, гаргасан дүгнэлтүүд нь эдийн засагтаа болон компанидаа хэрэгтэй байгаасай гэж бодож байна.

Ийм болчихвол гадаадын адил түвшний чиг үүргийн компаниудтай хамтран ажиллах нөхцөл бололцоог нь хангах юм. Түүнчлэн эдгээр байгууллагуудыг хөл дээр нь бат зогсоход нь  төрийн оролцоо нь чухал дэмжлэг байх нь зөв гэж миний хувьд үздэг.

-Компаниуд хоёр тайлан гаргадаг. Энэ нь тухайн аж ахуй нэгжэд нэлээд хохиролтой байдаг.Ингэснээр далд эдийн засаг явагддаг учраас үүнийг  хуулиараа хэрхэн зохицуулж болох вэ ?

Татварын бодлого л байгаа юм. Саяхан гэхэд “Саус Гоби Сэндс” гээд нилээд шуугиан боллоо. Тэгэхээр татварын асуудлаар тухайн компанийн гурван хүн холбогдсон. Уг нь үүнд эрүүгийн хэрэг үүсгэх нь зөв үү, үгүй юу гэдэг асуудал давхар яригдаж байгаа юм.

Ер нь татварын хуулийн журмыг нарийн тодорхой, энгийн болгоод дээр нь бүртгэлийн болон тайлагнах системийг нь ойлгомжтой болгочихвол хоёр тайлан гаргадаг асуудал буурна гэж үздэг. Үндсэндээ энэ бол монгол улсын татварын тогтолцоотой холбоотой асуудал.

Тэгэхээр татварын хуулиа ойлгомжтой, энгийн, нээлттэйгээр хувиргахын бол Монгол улсын эдийн засагт хамаарч байгаа аж ахуй нэгжүүд хоорондоо холбоотой, иргэд тэдгээрээс бараа бүтээгдэхүүн худалдан авч байгаа учраас эдгээрийг хооронд нь зөв уялдуулах хэрэгтэй.