Гамшгийн эрсдэлийг бууруулах дадлага сургуулилт зохион байгуулагдана
"Онцгой байдлын ерөнхий газар", "Хүүхдийн төлөө үндэсний газар", "Нийслэлийн боловсролын газар, "Хүүхдийг Ивээх Сан"-гийн Монгол дахь хөтөлбөр хамтран Гамшиг, онцгой байдлын үе дэх хүүхэд хамгаалал, хүүхэд төвтэй бэлэн байдлыг бэхжүүлэх нь" төслийг хамтран хэрэгжүүлж байна.
Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр төсөлд хамрагдаж буй байгууллагуудын гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг сайжруулан,хүүхэд хамгааллын асуудлыг тусган боловсруулахад "Хүүхдийг Ивээх Сан"-гийн Монгол дахь хөтөлбөрөөс арга зүйн зөвлөгөө өгч дэмжин ажиллаж байгаа аж.
Жил бүрийн аравдугаар сарын 13-ны өдрийг дэлхий нийтээр "Олон улсын гамшгийн эрсдэлийг бууруулах өдөр" болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жил "Аюулгүй амьдрах мэдлэг" уриатайгаар тэмдэглэж байгаа юм байна.
Энэхүү өдрийг тохиолдуулан "Хүүхдийг Ивээх Сан"-гийн Монгол дахь хөтөлбөрөөс төсөл хэрэгжиж буй Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 97 дугаар дунд сургуулийн гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг турших дадлага сургуулилтыг холбогдох байгууллагууд болон тус сургуулийн хүүхдүүдийн оролцоотойгоор зохион байгуулах гэнэ.
Дадлага сургуулилтын үеэр тус сургуулийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх зорилгоор хоёр сая төгрөгийн багаж хэрэгслийг гардуулж өгөх юм байна. Цаашид гамшгаас хамгаалах дадлага сургуулилтыг төсөл хэрэгжиж буй бүх байгууллагууд дээр зохион байгуулахаар мэргэжлийн байгууллагуудтай хамтран бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа талаар ОБЕГ-аас мэдээллээ.