Сурагчдын мэдээллийг үнэн зөв болгосноор арав орчим тэрбум төгрөг хэмнэсэн
БСШУЯ-ны Инноваци өндөр технологийн газрын дарга Л.Лувсанжамцтай ярилцлаа.
-Боловсролын нэгдсэн мэдээллийн систем хийж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Энэ нэгдсэн мэдээллийн системийн ажил 2013 оны тавдугаар сараас эхэлсэн. Уг хөтөлберийг хийх маш олон шаардлагууд байгаа юм. Мэдээллийн нэгдсэн системтэй болсноор бодитой мэдээлэл дээр суурилж бүх түвшинд шийдвэр гаргадаг болж байгаа. Тухайн багш, сурагч бүр цаашлаад аймгийн Боловсролын газар, яамны түвшинд шийдвэр гаргахдаа бодитой мэдээлэлд тулгуурладагболно. Ингэснээр салбарын үйл ажиллагаагзүй зохистой, оновчтой удирдах, төлөвлөх боломж бүрдэнэ.
-Өмнө нь мэдээлэл нэгтгэх ажлыг хэрхэн хийдэг байсан юм бэ?
-Урьд нь боловсролын статистикийн нэгтгэлийг манайх хариуцаж ажилладаг байсан. Сургуулиудад Үндэсний статистикийн газраас баталсан баахан маягт явуулна. Түүнийг нь тухайн сургуулийн хичээлийн эрхлэгч бөглөдөг. Улсын хэмжээнд 758 ерөнхий боловсролын сургууль байгаагаас 630 орчим нь төрийн өмчийнх юм. Аймаг, дүүргээрээ мэдээллээ нэгтгэнэ.
Тэгээд аймгаа төлөөлөөд нэг боловсролын мэргэжилтэн яаман дээр ирдэг. Бидэнд ирсэн маш олон хүснэгтийг манай хоёр мэргэжилтэн нэгтгээд тоогоо өгдөг байсан. Бодитой мэдээллийг иймэрхүү маягаар авна гэдэг мэдээж учир дутагдалтай. Бид мэдээлэл технологи өндөр хөгжсөн үед амьдарч байна шүү дээ. Тиймээс нэгдсэн мэдээллийн системтэй болох нь зөв гэсэн хэрэгцээ шаардлага үүнээс гарсан.
Үүнийг бид хоёр жил гаруйн хугацаанд хийгээд одоо нийт ажлынхаа 70 гаруй хувийг гүйцэтгээд байна. Энэ төслийг 2016 оны арванхоёрдугаар сар гэхэд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Суралцагч, багш, үнэлгээ, шилжилт хөдөлгөөн гээд бүгдийг оруулдаг маш том систем. Цаашдаа эцэг, эхчүүд болон сурагчид ашиглаад эхэлбэл улсынхаа бүх айл өрхийг хамарч чадна. Нийтдээ хоёр сая орчим хүн энэ системийн хэрэглэгч байхаар төлөвлөсөн байгаа.
-Мэдээлэл нэгтгэхээс өөр үүрэгтэй юу?
Улаанбаатарын шилдэг багш нарын материалыг бид мэдээллийн системдээ байрлуулах юм
-Зөвхөн мэдээлэл нэгтгэх зорилготой биш л дээ. Үүнээс гадна хүүхдүүдийг хил хязгааргүй сурах боломжийг бий болгож байгаа. Жишээлбэл, сүлжээгээр холбогдоод Өвөрхангай аймгийн Тарагт сумын арван жилийн ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд Улаанбаатарт байгаа нэгдүгээр сургуулийн багшаас хичээлийн зөвлөгөө авч болно гэсэн үг.
Түүнчлэн Улаанбаатарын шилдэг багш нарын материалыг бид мэдээллийн системдээ байрлуулах юм. Ингэхээр хүүхдүүд тал талаас нь суралцах боломжийг бүрдүүлж байна. Сурах, суралцах үйл ажиллагааг дэмжиж ажиллах нь энэ системийн гол агуулга юм. Үүнийгээ хийхийн тулд эхлээд хэчнээн сурагч, багш байна гээд бүх зүйлийг бүртгэх хэрэгтэй болсон. Зөвхөн бүртгэлийн гол ач холбогдлыг аваад үзэхэд өмнө нь бид жилд нэг удаа мэдээллийг нэгтгэдэг байсан. Тэгэхэд тооны давхардал их байлаа.
Жишээлбэл, Архангай аймгийн Тариат сумаас нэг сурагч Улаанбаатар хотод шилжээд ороод ирэхэд Архангай аймагтаа давхар бүртгэлтэй хэвээрээ байх жишээтэй. Анх бид эксел файлуудыг улсын хэмжээнд аймаг аймгаар нь шүүж үзэж байлаа. Шүүж үзэхэд 2013 оны байдлаар нийт 15 мянга орчим хүүхдийн давхардал байсан. Өөрөөр хэлбэл нэг хүүхэд хоёр болон түүнээс дээш сургуульд бүртгэлтэй байсан гэсэн үг.
-Давхардсан бүртгэл цэгцрэхээр ямар ашиг гарах вэ?
-Сангийн яам бидний өгсөн тоон дээр үндэслэн төсвөө хийнэ шүү дээ. Нэг хүүхдийн хувьсах зардал анги болон бүсээсээ хамаараад 500-700 мянган төгрөг байдаг. Давхардлаас болоод тухайн хүүхдийн шилжсэн болон шилжиж очсон сургууль хоёр хоёулаа зэрэг санхүүжилт авах явдал байсан. Энэ системийг нэвтрүүлснээр жилд арав орчим тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж байгаа. Жил бүр ийм хэмжээний мөнгөний алдагдал байсныг өмнө нь мэддэггүй байсан хэрэг.
Үүнээс хойш ахиж ийм эрсдэл гарахгүй. Манай системд улсад байгаа бүх сургуулийн сурагчид анги бүлэгтэйгээ орчихсон байгаа. Мөн багшийн бүртгэл ч орчихсон. Цаашдаа шилжилтийн бүх программ энэ системээр явагдана. Бид буруу тоон дээр төлөвлөөд илүү мөнгө зардаг байсан. Харин одоо мэдээлэл цаг, минут бүрт шинэчлэгдэж байгаа. Ингэснээр дээр дурдсан зөв төлөвлөлт хийх боломж бий болсон гэсэн үг.
-Цэцэрлэгийн хүүхдүүд бүртгэлд хамрагдсан уу?
-Сургуулийн өмнөх боловсролын хувьд дэд бүтэцтэй холбоотойгоор энэ жил бүртгэх гэж байгаа. Цэцэрлэгүүдийг хамруулахад эхлээд интернэт болон компьютерийн хангамжтай байх ёстой. Эхний ээлжинд бид ЕБС-иудынхаа асуудлыг шийдчихсэн.
-Ерөнхий боловсролын сургуулийн бүртгэлийг цэгцлэхэд мөнгө хэмнэхээс өөр ямар давуу талууд байна?
-Одоо яамны албан хаагч болон багш, сургуулийн захирал нар өөртөө хэрэгтэй үзүүлэлтүүдээ татаж авах боломжтой болчихсон. Боловсролын удирдлагын системийг нэвтрүүлж эхлээд байна. Бүх сурагчдын явцын дүнгүүд ордог болсон гэсэн үг. Эхний улирлын дүнг оруулах хугацааг заагаад өгчихсөн. Ингэхээр боловсролын салбарт яригддаг байсан хуурамч гэрчилгээ, дипломын асуудал арилна. Учир нь улирал улирлаар багш зөвхөн өөрөө дүнгээ тавих эрхтэй болсон.
Тэрнээс биш яамнаас ороод дүнг нь өөрчлөх эрх бидэнд байхгүй. Хуучин бол гараар бүх сурагчдын мэдээллийг багцалдаг байсан. Өөрөөр хэлбэл анги удирдсан багш ангийнхаа хүүхдүүдийг улирал бүр бүртгээд арванхоёрдугаар анги хүртэлх бүх дүнг хадгалчихна. Тэгээд сургуулиа төгссөн үед нь систем автоматаар хаагдчих юм. Төгссөнийхөө дараа орж засах гэсэн ойлголт байхгүй. Хаасан тохиолдолд бид цаасан хэлбэрт оруулаад архивлана.
Ийм нэгдсэн системийг БНСУ хамгийн сайн шийдсэн. Засгийн газрынх нь харьяа тусгай агентлаг эхлүүлсэн байдаг. Харин манайх бол хамгийн сүүлийн үеийн технологи болсон. Солонгос мэргэжилтнүүд ирж үзээд өөрийнх нь улсад ажиллаж байгаа системээс нэг эрэмбэ илүү дээгүүр юм байна гэж үнэлсэн.
-Өмнө нь яагаад ийм системтэй болоогүй юм. Өөрсдөө хийснээс гаднаас худалдаад авчихаж болоогүй юм уу?
Нэг тэрбумыг зарчихаад 10 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байна. Хэрэв энэ системийг хийгээгүй байсан бол жил бүр 10 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах байсан.
-Гаднаас ийм системийг худалдаж авна гэвэл үнийн хувьд маш өндөр. Зөвхөн программ хангамжийг тааруулаад суулгахад 10 сая ам.доллар болж байсан. Дээрээс нь жилд нэг багшаас таван ам.доллар авна. Ингэхээр сарын хэдэн төгрөг болох билээ. Түүнчлэн сурагч бүрээс мөнгө авах байсан юм.
Манайд ЮНЕСКО анх 2012онд “Ореп-ЕМIS” системийг та нар аваач гэсэн. Энэ нь үнэтэйн дээр манай сургалтын орчинд тохирохгүй байсан. Тийм болохоор бид өөрсдийнхөө боловсролын системийн онцлогт тохируулсныг хийнэ гэжхариулжбайлаа. ЮНЕСКО “Ореn-emis” системээ Киргиз, Узбекстан, Тажикстан гэсэн Төв Азийн орнуудад санал болгоод нэлээн хэдэн сургууль нь ашиглаж үзсэн байна лээ.
Жил бүр “Мэдээлэл технологийн хегжил боловсролын салбарт” гэсэн олон улсын чуулган болдог. Сүүлийн чуулга уулзалт нь өнгөрсөн долдугаар сард боллоо. Бид энэ чуулга уулзалт дээр өөрсдийнхөө хийсэн системийг танилцуулсан. Өмнө нь ЮНЕСКО-гоос боловсролын систем авсан улсууд өөрсдийнх нь онцлогт таарахгүй байна гэж байсан. Мөн Киргиз, Тажикстан зэрэг орнууд манай системийг сонирхоод “Бидэнд өгч болох уу" гэж байна лээ. Бид мөнгө төгрөгийн асуудлаа шийдээд манай яам, Засгийн газарт санал тавиарай гэж хариулсан.
-Том хэмжээний мэдээллийн систем боловсруулсан гэхээр гаднаас зөвлөх ажилласан уу?
-Бид энэ системийг хийж байхдаа нэг ч гадны зөвлөх аваагүй. Олон улсын боловсролын чуулга уулзалт дээр “Та нар Азийн хөгжлийн банк болон Дэлхийн хөгжлийн банкнаас зөвлөх авсан уу” гэж асууж байсан. Азийн хөгжлийн банкнаас нэг зөвлөх авах гэж ярилцсан. Гэхдээ тэр зөвлөх нь бидний шаардлагыг хангаагүй болохоор буцаагаад явуулчихсан.
-Хэдэн төгрөгөөр энэ төслөө хэрэгжүүлж байгаа вэ. Худалдаж авснаас хямд тусахаар байна уу?
-Төслийн зардал тэрбум төгрөг орчим болно байх. Энэ төслийг хэрэгжүүлээд сурагчдын шилжилт хөдөлгөөнөөс гэхэд одоо 10 тэрбум төгрөг хэмнэчихсэн байна шүү дээ. Нэг тэрбумыг зарчихаад 10 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байна. Хэрэв энэ системийг хийгээгүй байсан бол жил бүр 10 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах байсан хэрэг.
-Эцэг эхчүүд хэзээнээс хүүхдийнхээ дүнг үзэж болдог болох вэ?
-Эцэг, эхчүүдэд зориулсан үйлчилгээг бид тусад нь авч үзэж байгаа. Магадгүй тэр үйлчилгээг манай систем дээр түшиглээд өөр компаниуд ч хийж болно. Сурагчдын дүн, амжилтын талаарх мэдээллийг бид эцэг, эхчүүдэд өгнө. Болбол ухаалаг утсанд зориулсан апликейшн нээх гэж байгаа. Тэгээд бүх эцэг, эхчүүд өөрсдийн хаягтай болчихвол хүүхдийнхээ сурлагын мэдээллийг байнга утсан дээрээ авах боломжтой болно. Мөн хүүхдийнхээ сурах бичгийн агуулга зэргийг ч харах нөхцөл бүрдэнэ. Ингэхээр эргэлзээтэй олон зүйл тодорхой болж байгаа юм.
-Багш нарын мэдээллийг нэгтгэх нь ямар ашигтай вэ?
-Аль багш, сургууль сайн гэдгийг мэдэхийн тулд яамнаас журмаар зохицуулсан баг гараад бүс бүсээс нь шалгаруулдаг байсан. Одоо бол очиж үзэх шаардлагагүй болчихлоо. Шилдэг сургууль болон багшийг жилд ганц удаа үнэлэхгүйгээр сурагчдынх нь сурлагын ахицаар улирал бүрээр цаашилбал өдөр бүрээр үзээд байх боломж бий болчихсон. Багш нар дүнгээ тавингуут сурагчдын ахиц, заах арга, захиргаанаас өгсөн үнэлгээг хараад нэгээс нь 25484 хүртэл багш нарыг эрэмбэлж чадахаар боллоо. Тэндээс хараад сайн багш нарыг урамшуулах, зэрэг нэмэх ажлууд хэрэгжих юм.
Одоогийн практик яаж байна гэхээр аймаг аймгаасаа шилдэг багшаа шалгаруулаад манай зөвлөлүүд тэргүүлэх зэргийг нь өгдөг байхгүй юу. Гэхдээ одоо яам дангаараа урамшуулал, зэрэг нэмэх зэргийг хийгээд байна гэсэн үг биш. Жишээлбэл, тухайн сургуулийн захиралд нь багш нараа үнэлэх эрхийг нь өгчихнө. Гэхдээ захирал зөвхөн захиргааны зүгээс багшийг үнэлдэг үзүүлэлт дээр дүнгээ тавина. Үүнийг нь яам өөрчлөхгүй. Сурагчдын амжилтыг бол системээр автоматаар бодоод тавьчихна. Ингээд орчин үеийн боловсролын үнэлгээг шинээр нэвтрүүлж байгаа юм. Тэгэхээр бүх зүйл тодорхой, ойлгомжтой, шударга болж ирнэ.
-Их дээд сургуульд элсэгчдийн мэдээллийг оруулсан уу?
-БСШУ-ы сайдын тушаалаар их, дээд сургуульд элсэх босго оноо хэд болохыг тогтоодог. 400-гаас дээш оноо авч байж их, дээд сургуульд элсдэг шүү дээ. Нэгдсэн бүртгэлгүй, хяналтгүй болохоор саяхныг хүртэл сургуулиуд элсэлт авахдаа 400-гаас доош оноо авсан хүүхдийг авчихдаг зөрчил байлаа.
Иймээс өнгөрсөн хавар Боловсролын үнэлгээний төвийн мэдээллийн баазтай системээ холбосон. Тэгэхээр элсэн орсон оюутнуудыг дугаараар нь системд оруулах юм. Ингэхээр хиймэл оюутан орохгүй гэсэн үг.