Цөм хөтөлбөрийн гол цөм
БСШУЯ-ны харьяа лаборатори 45 дугаар сургуулийн 2Е ангийн монгол хэлний хичээлд суусан юм.
Ангийн багш Ц.Наранцэцэг өнгөрсөн жил 33 дугаар сургуулиас уригдаж иржээ. Энэ өдөр 2Е ангийнхны монгол хэлний хичээлийн сэдэв бүтэн өгүүлбэрээр ярьж сурах байлаа. Хүүхдүүд сурах бичгээсээ “Эрвээхийд тохиолдсон явдал” нэртэй үлгэр уншив. Энэхүү үлгэрт “...бамбарууш, тоорой хоёр бүдүүн модыг мөрлөн өргөж явлаа. Гэтэл ганган эрвээхий ирж модон дээр суув. Тоорой модны үзүүрээс зүүгдэж байгаад тэрийн уналаа. Харин эрвээхий нисээд явчихав” гэж багш уншаад хүүхдүүдээс “Энэ үлгэрт юуны тухай гарч байна вэ” гэж асуув. Хүүхдүүд “баавгай, тоорой, эрвээхий” гэж хариулахад багш “Өнөөдөр бид бүтэн өгүүлбэрээр ярьж сурна шүү дээ. Тэгэхээр та нарын хариулт зөв байх нь уу?” гэхэд хэн ч дуугарсангүй. Гэтэл Д.Энхжин охин суудлаасаа босож, “Найзуудаа намайг сонсоорой” гээд “Үлгэрт баавгайны тухай гарч байна” гэж хариуллаа. Багш Д.Энхжингийн хариулт “Зөв үү” гэхэд бүгд нэг дуугаар “Зөв” гэлээ. Үлгэрт гарсан “мөрлөж явах” гэдэг үгийн утгын талаар багш асуухад сурагчид “Бүдүүн модыг баавгай, тоорой хоёр мөрөн дээрээ дамнаж явахыг хэлнэ” хэмээн хариулав. Тэд үгийн утгыг ойлгож, тайлбарлаж
чаддаг болжээ. Хүүхдүүд үлгэрийн агуулга, шалтгаан, үр дагаврыг нь ч тайлбарлаж байлаа.
Ц.Наранцэцэг багш “Цөм хөтөлбөр хүүхдийг хөгжүүлэхэд чиглэсэн. Манай ангийнхан монгол хэлний хичээлээр үгийн утгыг ойлгож, аливаа зүйлийн үр дүн, шалтгаан нөхцөл юунаас болов гэдгийг тайлбарлаж чаддаг болсон. Ирэх улирлаас монгол хэлний толь бичигтэй хэрхэн ажиллах талаар суралцана” гэв.
Ц.Наранцэцэг багш дээвэр нь загалтаж, нурж унах шахсан ангийг жишиг кабинет болгон тохижуулжээ. Ухаалаг самбар, ангийн үзүүлэнгүүд нь хүүхдийн мэдлэг ухаан тэлэхэд тус дөхөм болохоор харагдсан. Тэрбээр “Цөм хөтөлбөр зорилго, зорилт, төлөвлөлт, ерөнхий чадвар, тусгай чадвараас бүрддэг” гэж томъёолжээ.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 115 дугаар сургууль мөн л лаборатори гэсэн тодотголтой. Тус сургуулийн захирал С.Оюун “Манай сургууль цөм хөтөлбөрийг хэрэгжүүлснээр сурлагын хувьд том амжилт гаргасан. Олимпиадад ороод хэлний чиглэлээр гүнгийрүүлсэн сур- гуулийнхнаас илүү оноо авсан. Би арын хаалгаар хүн ажилд авдаггүй. Чин сэтгэлээсээ багшлах сонирхолтой, мэдлэг чадвартай багш нарыг л ажилд авдаг.
Багш чадварлаг байх ёстой гэдэг нэн тэргүүний шалгуур. Дүүрэгтээ ганц лаборатори сургууль нь манайх учраас бусад сургуулийнхаа багш нарт зориулсан сургалт явуулдаг. Шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэснээр хүүхдүүд хими, физик гээд байгалийн ухааны хичээлд илүү сонирхолтой болсон. Хүүхдүүдийн мэдлэгийг тэлэх, бие даах чадварыг сайжруулдгаараа цөм хөтөлбөр онцлогтой. Иргэний боловсрол, амьдрах чадварын хичээл орж байгаа. Иргэний боловсролын хичээлээр хувь хүн болж төлөвших талаар сургадаг. Мөн амьдрах чадварын хичээл дээр цэцэг, тарьж үрслүүлж сурч байна” хэмээн ярив.
115 дугаар сургуулийн хувьд лаборатори гэсэн тодотголтой ч хүүхдүүдийн сурах орчныг хангалттай бүрдүүлж чадахгүй байгаа аж. Учир нь гуравдугаар давхарт нь 'Монгол тэмүүлэл” сургууль байрлах болсноор номын сан, Багшийн хөгжлийн танхим, дугуйлангууд ажиллуулах зориулалт бүхий тусгай танхимуудаа анги болгожээ. Энэ жил нэгдүгээр ангийнхаа тоог нэмснээр нэг анги нь 44-50 хүүхэдтэй байгаа аж. Гурван ээлжээр хичээллэдэг, ачаалал ихтэй учраас хүүхэд чөлөөт цагаараа хөгжих боломж байдаггүй гэдгийг багш нар нь хэлж байв.
Бид энэ сургуулийн 8Б ангийн химийн хичээлд суулаа. Сурагчид ажлын хуудас хэмээн албан бланк маягтай зүйл бөглөснөөр хичээл эхлэв. Хүүхдүүд зургаан багт хуваагдаж, ам зайлах уусмал бэлтгэнэ гэж Д.Батцэцэг багш тайлбарлав. Ширээн дээр хуруу шил, хэмжүүртэй шилэн аяга, савтай ус тавьжээ. Багш “Туршилт хийхдээ юуг анхаарч, мөрдөх вэ, ажлын хуудсан дээрээ бичээрэй” гэж сануулав. Сурагчид “Ариун цэврийг сахина, бээлий хэрэглэнэ, багаж хэрэгсэлтэй болгоомжтой харьцана” гэж хариулаад ажлын хуудсан дээрээ бичлээ. “Нэг литр усанд хэдэн грамм давс орох вэ” гэж багш асуухад, сурагчид 10 грамм гэж хариуллаа. Багшийн зөвшөөрөлгүй багаж хэрэгсэлд хүрэх, хичээл орж байхад бусдынхаа анхаарлыг татах үйлдэл хийх, гар утас хэрэглэх хоригтой гэдгнйг багш дахин санууллаа. Энэ өдөр 8Б ангийнхан ам зайлах уусмал найруулж сурснаас гадна шингэний эзлэхүүний талаар мэдлэгтэй боллоо. Туршилтын явцад хүүхэд бүр багажтай ажиллаж, уусмал бэлтгэж сурсан юм. Д.Батцэцэг багш “Химийн хичээлээр судлах зүйл амьдралд илүү ойр болсон. Ханиад хүрлээ гэхэд хүүхдүүд ам зайлах уусмалаа өөрсдөө бэлтгээд хэрэглэчихнэ. Дараагийн хичээл дээр гэрийн нөхцөлд яаж бэлтгэх талаар заана. Есдүгээр ангийнхан ходоодонд ямар урвал явагдахаар цээж хорсдог талаар мэдлэгтэй болсон” хэмээн ярив.
Аливаа зүйлийг сурч мэдээд амьдралд хэрэгжүүлэх, шинжлэх ухаанд тулгуурлан ийнхүү зааж сургахыг цөм хөтөлбөр гэж нэрлээд буй. Энэ шинэчлэл өгөөжөө өгч, хэдэн жилийн дараа монгол хүүхдүүд мэдлэг, боловсро- лоороо дэлхийд тэргүүлэхийг үгүйсгэх аргагүй.
Гэхдээ энэ шинэчлэлийг хэрэгжүүлэх багш нар хэр мэдлэг чадвартай вэ гэдэг нь эцэг, эхчүүдийн анхаарлыг татаж буй. Хүүхдийг нь зөв хүн болгож төлөвшүүлэх багш өөрөө мэдлэгтэй, чадварлаг байх хэрэгтэй гэсэн шаардлагыг хүн бүр л тавьж байгаа. Харин амьдрал дээр шалгуур хангах багш тун цөөн. Багшийн сургууль төгсөгчдийн олонх нь ажилдаа гологддог талаар туршлагатай багш нарын амнаас сонсож байв.
Ялангуяа өнөөгийн боловсролын системийг сайжруулахад гол чиглүүлэгч луужин болох багш хөрсөн дээр нь буулгаж чадахгүй бол үр дүн гарахгүй. Багшийн эрдэм шавиас гэдэг. Өнөөдөр хэрэгжүүлж эхэлсэн цөм хөтөлбөрийн ашиг тус хэдэн жилийн дараа харагдах учиртай. Багш чадваргүй, тааруухан мэдлэгтэй бол салбарын шинэчлэл ердөө л замхарна гэдгийг анхааруулах хүн цөөнгүй байна.