Барилгын тусгай зөвшөөрлыг 10 хоногт багтаан олгоно
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжлээ.
Аж ахуйн нэгжид барилга барих тусгай зөвшөөрлийг 28 хоногт олгодог байсныг 10 хоногт багтаан шийдвэрлэдэг болгохоор хуулийн төсөлд тусгасан хэмээн БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ мэдээлэв.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар хуулийн төсөлд зам, эрчим хүчний салбартай хамтран ажиллах зохицуулалтыг хэрхэн тусгасан талаар тодруулсан. БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ, Монгол Улс барилгын зөвшөөрөл олгох үзүүлэлтээрээ дэлхийн 185 орноос 121 дүгээр байранд, зүүн Ази, номхон далайн бүсийн 24 орноос 21 дүгээр байранд орсон байна.
Энэ нь барилгын тусгай зөвшөөрөл олгоход хэр их хүндрэлтэй байгаа вэ гэдгийг харуулж байна. Манай яам үйл ажиллагаа явуулдаг бус бодлого тодорхойлогч болохоор төлөвлөж байгаа учраас барилгын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх хэлбэрт шилжихээр төлөвлөж байна. Хуулийн төслийг эрчим хүч, автозам зэрэг холбогдох бүхий л салбартай нягт уялдаатай боловсруулсан хэмээн хариулав.
Мөн С.Одонтуяа гишүүн, Хуучны байшин нураах асуудлаар Мэргэжлийн хяналтын дүгнэлт гаргадаг. Гэтэл бусад оронд хуучин байшингаа аль болох түүхийн өв гэдгээр нь хадгалж үлдэхийг хичээдэг. Тиймээс хэзээний, ямар хуучин байшин нураах, алийг нь хадгалж үлдэх талаар нарийн журам гаргах хэрэгтэй гэсэн санал хэлэв.
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь хуулийн төслийг хэлэлцэж, батлах нь зөв гэж үзлээ.