Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
2014.04.06

Үнээ төлөхгүй байгаа компаниудад хариуцлага тооцно

 Нийслэлээс өнгөрсөн онд газрын дуудлага худалдааг зарлаж ААН-үүдэд худалдаалсан. Гэвч дуудлага худалдаанд ялж газраа эзэмшиж авсан хойноо дуудлага худалдааны үнээ төлөхгүй өдий хүрч байгаа компани олон байна. Тиймээс 100 гаруй иргэн, ААН-д олгосон газрын гэрчилгээ, эрхийг хурааж авах шийдвэрийг Нийслэлийн удирдлага гаргалаа.

2013 оны  3 сараас эхлэн Нийслэлийн зарим байршлын газрыг иргэд, ААН-д нээлттэй дуудлага худалдаа зарлаж олгосон. Дуудлага худалдааны дагуу 135 тэрбум төгрөг Нийслэлд төвлөрөх ёстой байсан бол   80 гаруй хувь нь төвлөрөөгүй байна. Тиймээс газрын үнээ төлөхгүй байгаа компаниудад хариуцлага тооцох боллоо.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл:  “Газар эзэмших эрх  олголоо гээд захирамж гарчихсан байдаг. Тэгсэн гэрээгээ хийдэггүй, гэрчилгээгээ авдаггүй, кадастрын зураглалаа хийлгэдэггүй. Энэ яагаад ингэсэн юм. Эдгээр ААН-үүдэд шүүхээр орсон ч нэмэргүй. Яагаад гэвэл гарсан захирамжаа ч биелүүлэхгүй байна шүү дээ.”

Дуудлага худалдааны анхны үнээ төлөхийг олон удаа шаардсан ч төлөөгүй жил шахам болж байгаа 104 иргэн, ААН-ийн газрын гэрчилгээг хүчингүй болгох шийдвэрийг хуралдаанаар гаргасан юм.

Өнгөрсөн онд нийт 261 иргэн, ААН-д 2235 га газрыг дуудлага худалдаагаар олгожээ. Нийслэлийн өмчийн харилцааны газарт жилд дунджаар 10 мянга орчим иргэн, ААН ханддагийн 6-7 мянга нь газар, барилгатай холбоотой байдаг. Тиймээс дуудлага худалдаа хэлбэрээр олон нийтэд ил тод, зөв журмын дагуу газрын асуудлаа шийдвэл зөвшөөрөлгүй газар, чанаргүй барилга барих нь багасах нь багасах юм. Харин газрыг дуудлага худалдаагаар авсны дараа өөр зорилгоор ашиглах, үнээ төлөхгүй байх зэрэг асуудалд хатуу арга хэмжээ авна гэдгийг мэдээлж байлаа.