Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
2013.12.10

Э.Бат-Үүл: Барилгын техникийн нөхцөл зөвшөөрөх ажлыг орон сууцны конторт өгөх нь зүйтэй

Eagle телевизийн “Тоон тойм” нэвтрүүлэг таньд хүрч байна.

Зарим барилгууд зураг төслөөсөө гажиж, хэмжээ нь өөрчлөгдөж, дэргэдэх барилгуудын цонх, орц зэргийг хааж баригддаг тохиолдол олон байдаг. Энэ дүр зургийг 13-р хороололд харж болох юм. Мөн урт цагааны орчимд баригдсан барилга зөвшөөрсөн хэмжээнээс 1-2 м илүү баригдсан байна. Иргэдээ хүндэлж үйл ажиллагаа явуулахыг, эцсийн эцэст зардал өөрсдийнх нь нуруун дээр ирдгийг хотын удирдлага сануулж байна. Мөн барилгын компаниуд барилга барихын өмнө иргэдээс асууж байж үйл ажиллагаагаа эхэлдэг журамтай болгох тухай хотын дарга мэдэгдлээ.

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл:

Хөгжингүй орнуудад барилгын гадна өнгийг өөрчлөхдөө хүртэл хөршүүдээсээ асуудаг. Зохимжгүй баригдсан барилга тэр хавийн оршин суугчдын гэрийг ямар ч үнэ цэнэгүй болгодог. Тухайлбал, наран талд баригдсан барилга үнэтэй байдаг ч, хэн нэгэн нарыг нь хаагаад барьчихвал тэр ямар ч үнэгүй болно.

Барилга баригдах газрын зураглалын ажлыг төр хянадаг байвал барилгын компаниудын дураараа аашлахыг зогсоож болно гэж нийслэлийн удирдлагууд үзэж байна. Сүүлийн 20-иод жилд барилга барихдаа нийтийн эзэмшлийн газар луу дайрч, илүү барьдаг явдал газар авсан билээ. 

Барилгын зөвшөөрөл авах ажил их төвөгтэй. Ашиглалтын асуудлыг орон сууцны конторууд хариуцдаг. Тэгэхээр энэ ажлыг тэдэнд даатгах нь зүйтэй. 

Барилгын улаан шугам буюу зураглалын ажлыг нийслэлээс хийх боломж хэр байгааг тодрууллаа.

Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний Газрын дарга Н.Нацагдорж:

Өмнө нь зураглалын ажилд хотын захиргаа оролцох хэрэггүй гэсэн шийдвэр гарч байлаа. Гэхдээ сүүлийн үед асуудал хэрээс хэтэрсэн учраас оролцох нь зөв гэсэн зүйлийг ярьж байна. Энэ ажлыг гардан хийх боломж байна.

Барилгын зөвшөөрөл олгох явцыг хөнгөвчлөхийн тулд техникийн зөвлөлийг хялбарчлах нь зүйтэй гэж нийслэлийн удирдлага үзэж байна. Учир нь барилгын техникийн нөхцөлийг шийдэхийн тулд дулааны шугам сүлжээ, цахилгаан шугам сүлжээ, ус сувгийн удирдах газар, БОНХЯ, ОСНАҮГ, Ариун цэвэр эрүүл ахуйн хяналтын газар, галын хяналтын газар зэрэг маш олон төрийн байгууллага оролцдог.

Барилгын зөвшөөрөл авахын тулд дор хаяж гурван сар зарцуулах хэрэгтэй болдог. Энэ бүх ажлыг ОСНААГ-т өгч, нэг цонхны үйлчилгээг бий болгох нь зөв гэж нийслэлийн удирдлага үзэж байна.