Хотын экс дарга нарын хууль бусаар олгосон газрын жагсаалтыг хүргэж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл
2013.09.26

Хотын экс дарга нарын хууль бусаар олгосон газрын жагсаалтыг хүргэж байна

Хотын дарга Э.Бат-Үүлийн захирамжаар НӨХГ-аас нийслэл дэх газар олголтыг цэгцлэхээр болсон.

Энэ дагуу НӨХГ-ынхан шалгалт явуулахад нийслэлийн өмнөх Засаг дарга нар болох М.Энхболд, Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр болон нийслэлийн Газрын албаны даргаар ажиллаж байсан Ц.Сандуй нар олон газрыг иргэн, аж ахуйн нэгжид хууль бусаар олгосон нь илэрсэн байна. Тиймээс дээрх нэр бүхий хүмүүсийг шалгуулахаар НӨХГ-аас цагдаагийн байгууллагад ханджээ.

Хууль бусаар олгосон газрын жагсаалт

Иргэн, аж ахуйн нэгжүүдэд газар олгохдоо дуудлага худалдаа зохион байгуулаагүй, дуудлага худалдааны төлбөрт ганц ч төгрөг тушаагаагүй байсныг илрүүлжээ. Олгосон газрын хэмжээгээр тооцвол дуудлага худалдааны нийт төлбөр 290 тэрбум төгрөг болох байж. Хууль бусаар олгогдсон гэх газруудыг Газрын тухай хуулийн заалтуудыг зөрчин нийслэл, дүүргийн Засаг дарга нар эрх мэдлээ хэтрүүлэн хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад  өгчээ.

Ингэхдээ дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулалгүйгээр газар эзэмших эрх олгосон нийт 30 иргэн, аж ахуйн нэгжийн 90,0 га газар, нийтийн эдэлбэр газрын гудамж, зам талбайд газар эзэмших эрх олгосон нийт 25 иргэн, аж ахуйн нэгжийн 2,3 га газар, мөн төрийн байгууллагын газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэн газар эзэмших эрх олгосон нийт 12 иргэн, аж ахуйн нэгжийн 60,8 га газрын эрхийг өнгөрөгч гуравдугаар сард хүчингүй болгосон.

Эдгээр газрын дийлэнхийг нь ашиглаж амжаагүй байгаа бөгөөд бичиг баримтаа хууль бусаар бүрдүүлж, эрх мэдлээ хэтрүүлсэн дарга нарын гарын үсгээр цохуулсан газруудад нийтийн эзэмшлийн зам талбай, төрийн байгууллагууд, сургууль цэцэрлэгийн эзэмшлийн газрууд олон байгаа юм. Үе үеийн хотын дарга нар дуудлага худалдаа явуулахгүйгээр замбараагүй олгож байсан газрын хэмжээ нийтдээ 90 га-д хүрсэн байна.

Тухайлбал, М.Энхболд хотын даргаар ажиллаж байхдаа 2003 оноос эхлэн иргэн, аж ахуйн нэгжид газар олгож эхэлсэн байдаг. Иргэн Д.Чойжамцад гэхэд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт амины орон сууцны зориулалтаар, 15 жил эзэмшүүлэхээр 300 м2 газрын зөвшөөрөл өгсөн байна. Ингэхдээ 2002 оны тавдугаар сард нэг, 2003 оны зургадугаар сард дахин нэг, нийтдээ хоёр ч удаа захирамж гаргажээ. 2002 онд гаргасан захирамждаа хоёр жил эзэмшүүлэх шийдвэр гаргасан атлаа, дараа жил нь хугацааг нь 15 жил болгон дахин захирамж гаргасан байх юм.

Эндээс М.Энхболдын замбараагүй газар олголт эхэлсэн бололтой. Мөн 2005 онд “Газар хөгжил нийгэмлэг-Эрхи” ХХК-д контор-орон сууц, зочид буудал үйлчилгээний зориулалтаар нийт 435 м2 газрын зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар олгосон байна. Түүний энэ шийдвэрийг хотын дарга Г.Мөнхбаяр ч үргэлжлүүлэх захирамж гаргажээ. Мөн хотын даргаар ажиллаж байсан Ц.Батбаяр нь 2007 онд “Талын Монгол групп” ХХК-д таван жил эзэмшүүлэхээр 800 м2 газар олгосныг  Г.Мөнхбаяр дарга газар эзэмших зориулалтыг нь өөрчилж дахин  шийдвэр гаргасан байна.  

Ингэж хотын дарга нарын эрх мэдлээ ашиглан газрыг дураараа олгох ажил үргэлжилжээ. Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар 2003 онд шинэчлэн баталсан. Энэ журамд зааснаар иргэнд газрыг өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулахдаа дуудлага худалдаа зохион байгуулна гэж заасан байдаг. Тухайлбал, энэ журмын 11 дүгээрт “Дуудлага худалдааны анхны үнийг эрх бүхий байгууллагаас баталсан аргачлалын дагуу тухайн шатны Засаг дарга тогтоох бөгөөд дэнчингийн хэмжээ нь дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү байна”. Журмын 38-д “Дуудлага худалдааны ялагч нь ажлын 14 хоногийн дотор төлбөрийг бүрэн хийнэ” гэж заасан бөгөөд төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд тухайн шатны Засаг дарга захирамж гарган, гэрчилгээг нь олгохоор журамлажээ. Гэтэл дээрх Засаг дарга нар газрын төлбөр авч, гэрчилгээ олгох бүү хэл дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт алиныг ч явуулаагүй байна.

Ийм байдлаар олгосон 105 газрын дуудлага худалдааны дэнчин, төлбөрийн хэмжээ 290 тэрбум төгрөгт хүрчээ. М.Энхболд нийслэлийн Засаг даргаар 1999-2005 онуудад ажиллаж байсан. Тэр хотын фракцийн толгойлогч. Түүний фракцид хотын даргаар ажиллаж байсан Г.Мөнхбаяр, Ц.Батбаяр нар багтдаг. Тиймээс МАН дахь хотын фракцийн гол гурван эрхмийн газрын наймаа шалгагдаж эхэллээ.