Э.Бат-Үүл: Хууль бус барилгатай хэрхэн тэмцэхээ тогтсон
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
2014.03.18

Э.Бат-Үүл: Хууль бус барилгатай хэрхэн тэмцэхээ тогтсон

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлээс зарим асуудлаар тодруулга авлаа.

-Нийслэлчүүдийн ундны усны худаг гэж бий. Түүний 44 нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд, хоёр нь “Олимп” хороололд байна. Тэнд барилга, бүтээн байгуулалт өрнөхөөр ундны ус бохирдох аюултай гэдэг. Үүнд тайлбар өгөөч?

-Урьд нь, худгийн асуудлыг цэвэр усны хамгаалалтын бүсээс гарган барилга барих зөвшөөрөл олгочихсон юм билээ. Гэхдээ иргэдэд зөв мэдээлэл өгөхгүй бол ерөөсөө цэвэр усны эх үүсвэр бохир­дох нь гэсэн ойлголт бий болох нь. Манай Ус сувгийн удир­дах газрын мэдэгдсэнээр бид ундны усаа 170 метрийн гүнээс авдаг.

Тийм болохоор цэвэр усны эх үүсвэр бохирдох аюул байхгүй гэдэг. Гэвч миний хувьд цэвэр усны нөөц, сан дээр барилга босгох шаардлага байгаагүй гэж хардаг. Үүнтэй холбогдуулж бид захирамж гаргасан ч тэр асуудал шүүхийн шатанд ялагдаад яах ч аргагүй болсон.

-Хотын дарга хууль зөрчсөн барилгатай дорвитой тэмцэнэ гэж мэдэгдсэн ч сүүлийн үед үр дүн гарахгүй байна уу гэж харагдаж байна. Аюулгүй байд­лын горим алдсан байгуул­лагуу­дыг цаашид байлгасаар байх уу, ямар арга хэмжээ авах вэ?
Хэрэв хөдөлмөр, аюулгүй ажиллагаанд шаардлагатай хөрөнгө гаргаж өгөөгүй бол захиалагч шууд хариуцлагад татагдах жишээтэй.

-Өнгөрсөн оны зургадугаар сард НИТХ-аар Хөдөлмөрийн аюулгүй байдлын үйл ажиллагааны журам гэж гарсан. Журмаар хэн хариуцлага хүлээх вэ гэдэг нь тодорхой болсон. Ингэснээр сүүлийн үед гарсан хэрэгт цагдаа, хууль хяналтынхан хаана, хэн буруутайг нь тодорхойлоход хялбар болгосон. Ажлаа хүлээлцсэн үгүй, аюулгүй ажиллагааны горим танилцуулсан уу гэдгээс хамаарч хариуцлага хүлээх хүн тодорхой болно.

Хэрэв хөдөлмөр, аюулгүй ажиллагаанд шаардлагатай хөрөнгө гаргаж өгөөгүй бол захиалагч шууд хариуцлагад татагдах жишээтэй. Нөгөө талаас, техникийн нөхцөл өгч болохгүй барилга шүү гээд хэлээд байхад ар, өврийн хаалгаар гаргуулчихсан газар байна. Жишээ нь, Оргил хотхоны тэнд бохирын нарийхан шугам тавьчихсан. Улмаар өдөрт таван сая төгрөгийн ажил хийж бохирыг нь соруулахгүй бол болохоо байлаа. Ийм дураараа аашилдаг байдлыг таслан зогсоож, хариуцлагыг чангатгах шийдвэр удахгүй гарах юм.

-Өнгөрсөн онд зөвшөөрөлгүй, зөрчилтэй барилга 49 байсан бол он гараад тоо нь буурчихсан нь ямар учиртай вэ. Зөвшөөрөлгүй эхэлсэн ч дараа нь зөвшөөрүүлж чаддаг гэх буруу хандлага үүсч байгаа юм биш үү?

-Таны хэлсэн шиг байдал үргэлжилж ирсэн. Нэг нь дураараа бариад л, нөгөө нь худлаа шаард­сан болоод явдаг. Урьд нь, нийслэлд барилгын үйл ажиллагааг яаж эхлүүлэх, ямар нөхцөлд олгох гэдэг нь журамлагдаагүй байснаас ийм асуудал гарсан юм билээ. Харин одоо барилгын компаниудтай хамтран журам гаргасан, зөрчвөл яах вэ гэдгээ тодорхойлсон.

Цаашид зөвшөөрөлгүй барилга барьчихвал олон нийтэд зарлаад худалдан авч болохгүй шүү гээд анхааруулчихна. Тэгээд банк санхүүгийн байгууллага тэр барилгад зээл олговол хохирлоо өөрөө хариуцаарай гээд хэлчихнэ. Эцэст нь, техникийн нөхцөл огт ол­гохгүй. Яаж ч байсан дулаан, эр­чим хүч, дэд бүтцийг бүгдийг нь таслах юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн цагдаа­тайгаа очоод харуулдаад зогсох биш үргэлжилсэн бүх арга хэмжээг авч хууль бус барилгатай тэмцэнэ. Тэгж байж асуудлыг цэгцэлж чадна.