Орон сууц барих эсэхийг иргэдээсээ асууж шийдвэрлэнэ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаан Нийслэл хотын өмнө тулгамдаж байдаг гол асуудлуудын нэг газар, барилгатай холбоотой журам гаргах асуудлыг хэлэлцсэн юм.
- Барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам, газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх, хугацааг сунгах, газрын зориулалт өөрчлөх, үйл ажиллагааны журмын төслийг баталлаа.
- Нийслэлийн засаг даргын хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат энэхүү журам нь газар олгох зориулалтаар газар олгохоос эхлэн, барилга дуусаж ашиглалтад оруулах хүртэл харилцааг зохицуулсан гэж танилцуулсан юм.
- Ер нь Нийслэлийн хэмжээнд газар болон барилгын асуудлаар иргэн, хуулийн этгээд төрийн үйлчилгээг авахад тухайн харилцааг зохицуулсан олон хууль, дүрэм, журмыг үзэж танилцах шаардлагатай байдаг. Тэгвэл эдгээр журамд олон хууль, дүрэм, журмыг нэгтгэж хамгийн ойлгомжтой болгож байгаа юм.
- Журам батлагдсанаар иргэн, хуулийн этгээдийн барилгын зориулалтаар газар олгох, эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн гэрчилгээг дуудлага худалдаа, төсөл, сонгон шалгаруулалтаар олгох, эзэмшсэн гэрчилгээг шилжүүлэх, хугацааг сунгах, газрын зориулалттай талбайн хэмжээг өөрчлөх зэрэг хүсэлтийг шийдвэрлэх зэрэг харилцааг зохицуулах бүрэн мэдээллийг авах боломж бүрдэж байна.
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл: “ - Хариуцлага чанга болно. Тухайлбал хууль зөрчөөд газар олгосон байвал тухайн засаг даргыг огцруулах үндэслэл болно гээд оруулчихлаа. Жишээ нь, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцэхгүй газар олгосон байвал ерөнхий архитекторыг ажлаас нь хална. Өмнө нь иргэнд хариуцлага тооцдог, албан тушаалтанд хариуцлага тооцдоггүй байсан. Тиймээс албан тушаалтан бүрийг хариуцлагажуулж дүрмээ тодорхой болгосон.
- Нэг хүн шийддэг байсан асуудлыг нэг ёсондоо нийтээрээ шийддэг. Иргэд нь ч оролцоотой, иргэдийн хурлын төлөөлөгчид нь ч оролцдог систем рүү орж байна гэсэн үг үү?
Орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд барилга барих тохиолдолд нэгж талбайн хязгаарыг тогтоосон эргэлтийн цэгүүдээс 90 метрийн радиусад байгаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөс санал авч саналаа өгсөн иргэдийн 70% нь зөвшөөрсөн тохиолдолд барилга барих зөвшөөрөл олгохоор тусгаж өглөө.
- Тийм. Өөрөөр хэлбэл суурьшлын бүсэд орон сууцны талбай байвал орон сууц барих эсэхийг иргэдээсээ асууж шийдвэрлэнэ. Иргэд зөвшөөрвөл барьж болно, зөвшөөрөхгүй бол бариулахгүй гэх мэтээр зохицуулсан.”
- Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс журмыг тал бүрээс нь танилцаж, иргэд, ААН-д хүндрэл багатай байхаар шийдэж чадсан. Тухайлбал, журамд иргэдийн хүсэлт, саналыг шийдвэрлэх хугацааг нарийн тогтоож хариуцлагын асуудлыг боловсронгуй болгож чадсан юм.
- Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрыг хуулийн этгээдэд олгохдоо заавал газрын тухай хуулийн дагуу дуудлага, төсөл, сонгон шалгаруулалтаар олгоно. Барилга эхлүүлэх зөвшөөрлийг олгох хугацааг 14 хоногт шийдвэрлэхээр тусгаж өгсөн юм. Энэ нь нэг барилга барих гэж цаг хугацаа алддаг. Олон шат дамжлаг дамждаг зэрэг байдлыг халж байгаа хэрэг юм.
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга: “- Ер нь өнгөрсөн жил хагасын хугацаанд газар шинээр олголт бараг явагдаагүй. Харин газрын хууль дүрэм зөрчиж байсан 200 орчим газрын зөвшөөрлыг хүчингүй болгосон байдаг. Хурлаар барилга барих газрыг яаж олгох, хэдэн ширхэгийг яаж олгох юм, барилга хийлгэх зөвшөөрлийг хаанаас яаж авах зэрэг асуудлуудыг бид журамлаж байна.
- Өөрөөр хэлвэл хотынхоо бүтээн байгуулалтад газраа эргэлтэд оруулж байна гэсэн үг. Хоёрдугаарт, тодорхой хугцаатай, хүнд сурталгүй болж байгаа. Өөрөөр хэлбэл хуучин хүсэлтээ тавьчихаад 2 жил хүртэл хугацаагаар байсан. Тэгвэл өнөөдөр хоёр долоо хоног ч гэдэг юм уу тодорхой хугацаа тавьж өглөө.
- Техникийн нөхцлийн асуудлыг нэг цонхны үйлчилгээгээр зохион байгуулж байна. Өөрөөр хэлбэл төр иргэн, ААН-ийнхээ өмнөөс бүх асуудлуудыг шийдэж байгаа. Үүнийг газрын дуудлага худалдаа, төсөл, сонгон шалгаруулалтын хэлбэрээр газраа өгөх зэргээ газрынхаа асуудлыг шийдэж байя гэдэг дээр хэлэлцүүлгийн гол ач холбогдол оршиж байна.”
- Мөн энэхүү журамд иргэдийн оролцоог хангах асуудлыг нарийн тусгасан. Тухайлбал, орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд барилга барих тохиолдолд нэгж талбайн хязгаарыг тогтоосон эргэлтийн цэгүүдээс 90 метрийн радиусад байгаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөс санал авч саналаа өгсөн иргэдийн 70% нь зөвшөөрсөн тохиолдолд барилга барих зөвшөөрөл олгохоор тусгаж өглөө. Журмыг барилга угсралтын ажил эхлэхээс өмнө эцэслэн боловсруулж баталлаа. Ер нь журам батлагдтал барилга угсралтын үйл ажиллагаа эхлүүлэх зөвшөөрлийг түр хугацаанд зогсоогоод байсан юм.