Гэр хорооллын 1800 айлыг орон сууцтай болгоно
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 24 байршлыг баталсан бөгөөд Улаанбаатар хотын найман дүүрэг, 37 хорооны 1506.1 га талбайн 16 мянга 109 нэгж талбар буюу нийслэлийн гэр хорооллын нийт нутаг дэвсгэрийн 14 хувь, хүн амын есөн хувь нь дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдаж байна.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 24 байршил 75 хэсэгчилсэн талбайгаас 21 байршлын 57 хэсэгчилсэн талбайд 39 аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран барилгын ажлаа эхлүүлсэн. Гэхдээ дээрх төсөл хэрэгжүүлэгчдийн шалгарсан цаг хугацаа, төсөл хэрэгжих талбайн онцлог зэргээс хамааран төслийн ажлын явц харилцан адилгүй байна гэж нийслэлийн Гэр хороолол, дахин төлөвлөлтийн газраас мэдэгдлээ.
Иймээс НИТХ-ын дарга Д.Баттулга Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, төслийн ажлын явц болон тулгараад буй асуудлыг хэлэлцлээ.
Энэхүү уулзалтанд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэгч 13 аж ахуйн нэгж оролцож өөрсдийнхөө хийж хэрэгжүүлж буй ажлаа таницуулсан юм. Одоогийн байдлаар төсөл хэрэгжүүлэгчид гэр хорооллын дахин төлөвлөлтийн 1351 нэгж талбар бүхий 78.3 га газрыг иргэдтэй байгуулсан хоёр болон гурван талт гэрээний дагуу чөлөөлсөн.
/МҮОНТВ/
Төслийн хүрээнд 40 хэсэгчилсэн талбайд ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг батлуулж, 12 байршлын инженерийн шугам сүлжээний зураг төсөл, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж буй аж. Энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 40.3 тэрбум төгрөгийн төсөв батлагдсан бөгөөд энэ онд шинээр 14 байршилд инженерийн шугам сүлжээний зураг төсөл, есөн байршилд автозамын зураг төслийн ажлыг гүйцэтгэсэн.
Мөн дахин төлөвлөлтийн хоёр байршилд 300 хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөлийн ажлыг хийхээр төлөвлөж, ажлаа эхлүүлжээ. Бүтээн байгуулалтын ажил эхэлсэн хоёр жилийн хугацаанд нийт 6999 айлын орон сууц барилга угсралтын ажлыг эхлүүлсэнээс өнгөрсөн онд 588 орон сууцыг ашиглалтад оруулсан байна.
Харин энэ онд шинээр 1800 орчим айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Үүнээс өнгөрсөн зургадугаар сард БЗД-ийн наймдугаар хороонд 144 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, тухайн байршлын дахин төлөвлөлтөд хамрагдсан 120 айл өрхийг орон сууцтай болгожээ. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн үр дүнд агаарын бохирдол 15 хувь, орчны бохирдол, тоосжилт 14 хувиар тус тус буурсан гэсэн судалгааг нийслэлээс хийжээ.