Украйн Улсын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Украйны парламентын бүлгийн дарга Г.Батхүү Украйн Улсын парламентын гишүүн Артур Герасимов тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2015.09.16/ хүлээн авч уулзав.
Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү уулзалтын эхэнд ЕАБХАБ-ын парламентын Ассамблейн намрын хуралд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байгаад талархаж буйгаа илэрхийлээд, Монгол Улс нь ЕАБХАБ-ын хамгийн отгон гишүүн улсын хувьд тус байгууллагын үйл ажиллагаанд өөрийн хувь нэмрийг оруулахын сацуу түүний оролцогч орнуудтай хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийлэв. Мөн тэрээр ЕАБХАБ-ын орон зай болон олон улсын түвшин дэх аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд парламентчдын гүйцэтгэх үүрэг их болохыг дурдаад энэ намрын хурлын үеэр эдгээр асуудлуудыг хэлэлцэх боломж байгааг тэмдэглэн хэллээ.
Түүнчлэн хоёр орны эрчим хүч, хөдөө аж ахуйн салбар уламжлалт харилцаатай явж ирсэн бөгөөд цаашид энэ чиглэлээр түлхүү хамтран ажиллах бүрэн боломжтойг онцолж төр, хувийн хэвшлийн түвшинд хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв.
Ноён Артур Герасимов Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүүг цаг, зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд ЕАБХАБ-ын парламентын Ассамблейн намрын хурлыг өндөр түвшинд, амжилттай зохион байгуулж байгаад талархал илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.