Бодибилдингийн спортын түүчээ болсон “Терминатор”-ууд
Бодибилдингийн спортын төрөлд тив дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгаж яваа "Мон-Алтиус" биеийн тамирын дээд сургуулийн 2002 оны төгсөгчдийг энэ удаагийн "Нэг ангийнхан" буландаа урилаа.
Хамгийн сүүлд гэхэд эдний ангийнхнаас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Энэтхэгийн Мумбай хотноо зохиогдсон дэлхийн аварга шалгаруулах бодибилдингийн тэмцээнээс ОУХМ Г.Жамц мөнгөн медаль, ОУХМ Ч.Мянганбилэг хүрэл медалийн эзэн болсон юм. Хамгийн сонирхолтой нь дэлхийн аваргын энэхүү тэмцээнд оролцоход тэдний бэлтгэлийг нь хангуулсан багш дасгалжуулагч, спортын мастер Г.Ганбаатар хүртэл тэдний анги. Бусад нь ч мөн мэргэжлээрээ хөдөө орон нутагтаа багш дасгалжуулагчаар ажиллаж байгаа гэнэ.
"Мон-Алтиус" биеийн тамирын дээд сургууль байгуулагдсан цагаасаа буюу 1997 оноос Монголдоо анхлан бодибилдингийн багш дасгалжуулагч мэргэжлээр элсэлт авч эхэлжээ. Ийнхүү Терминатор шиг биетэй болохын хүслэн болсон туранхай бор хөвгүүд1998 онд дээд сургуулийн босгоор алхаж оржээ. Энэ тухайгаа тэд "Ангийнхан дундаас Г.Ганбаатар маань л хотынх. Бусад нь хөдөөнийх. Хөдөөд бодибилдингийн спорт, домогт тамирчдын талаар үзэж харах ном товхимол бүү хэл сурах бичиг нь хүрэлцээ муутай байлаа шүү дээ. Интернэт, компьютер бол сураггүй байсан үе. Харин преставкаар хааяа кино үзнэ. Суманд ганц хоёрхон айл преставкатай. Гэтэл тэрэнд тоглуулах кассет нь олдохгүй ээ. Хот руу таньдаг найз нөхөд, хамаатан садандаа кино захина. Хэн нэгэнд нь хотоос кино ирвэл преставкатай айлдаа бөөнөөрөө цуглаж байгаад үзнэ.
Ингэсээр хэд гурван кассеттай болчихно оо. Тэдэн дотроосоо "Терминатор" киногоо өдөр бүр уйдалгүй үзнэ дээ. Бүр заримдаа өдөрт хоёр гурван ч удаа үзнэ. Тэгээд хөвгүүд нь бүгд Шварценнегер шиг бие хаатай болохын мөрөөдөл болсон улс байлаа" гэцгээв. Тэгтэл А.Эрдэнэсүрэн "Та нар терминатор шиг болохыг хүсдэг байсан бол би Жон Клот Вандам шиг бие хаатай болохыг хүсдэг байсан. Одоо бол бие хаа адилхан болсон байгаа биз дээ. Царай нь хүртэл адилхан. Хэн нэгэнд нь улаан даавуу байвал гаргаад ир. Үсээ боочихвол яг даа" гээд бусдыгаа хөгжөөв.
Тэднийг оюутан байх үед "Тайхар", "Хар ирвэс", "Икс макс", "Мустанг" зэрэг хэдхэн фитнесс клуб ажилладаг байж. Тэд хоёрдугаар дамжаанд суралцаж байх үеэс "Мон-Алтиус" биеийн тамирын дээд сургууль "Мустанг" клубтэй хамтарч ажиллах болсноор тус клубт дасгал сургуулилтаа хийдэг болжээ. Зарим нь гуравдугаар дамжаанаасаа тус клубийн нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд оролцох болжээ. Ангийнхнаас нь хамгийн анх Г.Жамц, М.Энхболд, Ч.Мянганбилэг, М.Вандан, Г.Ганбаатар болон А.Эрдэнэсүрэн нар "Мустанг" клубийн хоёр жилийн ойн бидибилдингийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, олны өмнө гарч байжээ.
Энэ үеэс тэд ирээдүйн хүчтэй өрсөлдөгч болохоо харуулж, багаараа тусгай байрт шалгарчээ. Тийм ч учраас дараа жилийнх нь тэмцээнээс Г.Ганбаатар түрүүлж, Г.Жамц мөнгөн медаль хүртэж байжээ. М.Энхболд "Оюутан байхдаа багш дасгалжуулагч нарынхаа заавраар бэлтгэл сургуулилтаа хийнэ. Гарын авлага, сурах бичиг ховор учраас тухайн үедээ Оросын бодибилдингийн аваргуудын дасгалаа хийж буй зурагтай номыг харж дасгалаа хийдэг байсан. Уураг олдохгүй. Тэгээд ч өндөр үнэтэй болохоор сургууль дээрээ 50-ийн ундаагаа уугаад, 100 төгрөгийн гөөхийгөө идэж аваад бэлтгэлдээ гарна даа.
Гэртээ бол лапша, цуйвангаа иднэ. Оюутан хүүхдүүдэд хэдэн арван кг-аар нь тахианы цээж мах, сагс сагсаар нь өндөг худалдаж авч чадахгүй. Ингэж идэх юм худалдаж авах нь бүү хэл автобусанд туулайчилдаг байлаа. Гэсэн ч амжилт гаргаад л байдагсан" гэвэл "Нээрээ автобус гэснээс нэгэн хөгжилтэй явдал санаанд орчихлоо" гэсээр М.Вандан ярианд оролцов. Тэрээр "Хөлний булчин чангаруулах дасгал хийсний дараа автобусанд бууж сууна гэдэг амаргүй байдагсан. Автобусны буудал орох санаатай хөлөө зөөж ядан, паацганан явахад хүмүүс их гайхдагсан.
Хажуугаар зөрөх зарим нь "Энэ нэг юм чинь өдий том болчихоод өмдөндөө баачихсан юм уу даа" гэж ирээд л сүрхий эргэж хардагсан. Автобусныхаа шатаар гарах гэж 80 гарсан хөл муутай өвгөн шиг мацаж гарна. Автобусанд ороод хэсэг зогссоны дараа өвчин нь мэдрэгдэхээ больчихно. Тэгэнгүүт нэгнээсээ өрсөх гээд үсрээд буунгуут тамиргүй болсон хөл чинь өвдгөөрөө өөрийн эрхгүй нугалараад, ойчоод өгнө. Ингэж мөн ч олон удаа хувцсаа шороо тоостой хутгаж билээ. Бүр эрчтэйхэн шиг үсэрвэл газар хэд хэд эргэлдэнэ гээч" гэцгээгээд инээлдэцгээв.
Оюутан байхдаа тэмцээн уралдаанд орохын тулд биеийн крем олох гэж бөөн юм болдог байж. Шоколадан бор өнгөтэй зориулалтын биеийн крем түрхэхгүй бол булчингийн ялгаралт харагдахгүй. Тиймээс олдсон жаахан түрхлэгээ уруулын будаг, вазелинтай хольж арвилдаг байж. Үүнийг ангийнхан дундаасаа Г.Ганбаатар гардан хийдэг байж. Тэрээр "Бараг л будгийн мэргэжилтэн болсон шүү. Бор крем олдохгүй бол шар улааныг хольж бор өнгө гаргана. Вазелинтай хольж их болгоно шүү дээ" гэсэн юм.
Н.Буянтогтох "Дуу цөөтэй, гүндүүгүй болохоор нь Ч.Мянганбилэгээрээ манай ангийнхан их тоглоом хийнэ. Мянгаа маань ч тоглоом их даана. Тэгсэн нэг өдөр Мянгаа маань шинэ пүүз өмсөөд сургууль дээр ирчихэж. Тэрнийг нь бид нар анзаарсангүй. Хичээл тараад бөөнөөрөө сургуулийн хашаагаар гарсан чинь Мянгаа "Ийшээ явах уу, тийшээ явах юм уу" гээд гар нь хөдлөхгүй, хөл нь гозгоноод байж билээ. Тэгсэн М.Вандан шинэ гутлыг нь анзаараад "Яаая, манай Мянгаа ориг пүүз авчихаж. Та нар хараагүй юм уу. Тэгээд л түрүүнээс хойш ангийнхныг ийш тийш нь дагуулж яваад байсан юм байна шүү дээ. Одоо л ойлголоо" гэж ирээд л тоглоом наргиа хийж билээ. Ер нь гүндүүгүй болохоор нь Мянгаагаараа их тоглоом хийнэ ээ. Манай хүн ч тоглоом сайн даана" гэв. Т.Батбаяр "Гүндүүгүй ч гэсэн Мянгаа маань их адтай шүү. Урлагийн үзлэгээр бол ангийнхныгаа чирээд гардаг шүү дээ. Гуравдугаар дамжаанд байхдаа урлагийн үзлэгээр бүгдээрээ эмэгтэй болж, хошин жүжиг тоглосныг санаж байна уу.
Тэгээд хөхөвч зүүгээд дотор нь оймс, трико чихээд төмбийлгөж байсансан. Хошин жүжгээ толилуулж дуусаныхаа дараа бүгд эгнэж зогсож байгаад дуулна. Энэ хооронд Мянгаа гар дээрээ явж байгаад дууны төгсгөлд шпагет суухаар зохиомжилсон байсан. Тэгсэн чинь төгсгөлд нь Мянгаа А-гаар суусан чинь богино юбка доороос дотуур өмд нь шууд ил гарчихдаг байгаа. Үзэгчид нир хийтэл инээлдээд явчихсан. Бэлтгэл дээрээ өөрсдийнхөө хувцастай байсан болохоор тэрийгээ ер анзаараагүй байх. Гэхдээ л манай анги түрүүлсэн" хэмээн өгүүлэв.
Гурван жилийн өмнө спортын мастер Г.Ганбаатар, Г.Жамц нар "Perfect body" хэмээх бодибилдинг, фитнесийн клубийг ажиллуулж эхэлжээ. Үүсгэн байгуулагдаад удаагүй хэдий ч өнгөрсөн жилийн Улаанбаатар хотын бодибилдингийн шилдэг клубээр шалгараад амжжээ. Г.Ганбаатар "Биднийг оюутан байх үед ихэвчлэн мэргэжлийн тамирчид л тогтмол бодибилдингээр хичээллэдэг байснаас гадна энэ нь зөвхөн эрчүүдийн спорт мэтээр ташаа ойлгодог байлаа. Одоо бол тэс өөр. Яагаад гэвэл энэ спорт зөвхөн мэргэжлийн тамирчдаас гадна эрүүл мэндэд маш тустай гэдгийг ойлгосон учраас иргэд тэр дундаа залуус идэвхтэй хичээллэх болсон. Түүнчлэн Монголд бодибилдинг, фитнесийн спорт үүсч хөгжөөд 20 гаруйхан жил болж байгаа хэдий ч нөр их хөдөлмөр зүтгэлийн үр дүнд дэлхийн хэмжээний амжилт гаргаж чадсан. Монголын тамирчид 2014 оны дэлхийн аварга шалгаруулах бодибилдингийн тэмцээнээс аваргын алт, мөнгө, хүрэл медалийг хүртсэн бахдам амжилтын эзэд болсныг бүгд мэдэж байгаа. Төрөл, жин тус бүрт улс орон бүрийн шилдгийн шилдэг 20 гаруй тамирчин оролцдог. ОУХМ Ж.Нурлан мастер ангилалд алт, 85 кг жинд хүрэл, Хүсэлтүвшин фитнесс ангилалд мөнгөн медаль авснаас гадна ангийн анд ОУХМ Г.Жамц, Ч.Мянганбилэг нар мөнгө, хүрэл медаль хүртсэнд сэтгэл өндөр байна" хэмээн дасгалжуулагч, спортын мастер Г.Ганбаатар даруухан өгүүлтэл Г.Жамц "Шавийн эрдэм багшаас гэдэг дээ. Бид хоёрыг энэ хэмжээний амжилт гаргахуйц сайн бэлтгэл хийлгүүлсэн хүн нь манай Ганбаа. Оюутан ахуйгаасаа өдийг хүртэл арав гаруй жил нөхөрлөж, нэгнийхээ бэлтгэл сургуулилтыг хийлгэсээр ирлээ" гэв. Ч.Мянганбилэг "Би 2002 онд сургуулиа төгсөөд хувийн бизнесээ хөөх болсон. Тэгтэл 2012 онд хоёр найз маань клуб байгуулж байгаагаа дуулгаад намайг тамирчин нь болохыг ятгасан. Ингээд сүүлийн хоёр жил Г.Ганбаатарынхаа удирдлага дор шаргуу бэлтгэл хийсний дүнд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авлаа. Бэлтгэл хийж эхлэх үед Ганбаа маань "Монголдоо бүү хэл тив дэлхийд нээрээ дуурсгасан тамирчин болох ирээдүй чамд бий гэхэд "Надаар битгий тоглоом хийгээд бай. Улсын аваргаас медаль хүртэж байвал болох нь тэр" гээд ойшоодоггүй байсан. Ингээд л багш, андынхаа удирдлага дор, шаргуу хичээллэсний дүнд дэлхийн аваргын 55 кг-ийн жинд хүрэл медалийн эзэн болсон" гэсэн юм.
"Ер нь бодоод байхад нэг ангийн андууд дэлхийн аваргын бодибилдингийн тэмцээнээс медаль хүртсэн анхны тохиолдол энэ байх шүү. Ангиас хоёр, гурваараа бүү хэл ганц нь л улсын аварга болсон нь тун цөөн. Бусад спортыг бодвол хоолны дэглэмдээ маш анхаарах хэрэгтэй. Илчлэг багатай хоол идэж, маш их хүч чадал шавхсан дасгал хийж, илүүдэл өөхөө шатаадаг" хэмээн С.Наранбаатар хэлтэл бүгд толгой дохин "Нээрээ ч тийм байх шүү" гэцгээв.
Тэд хэзээний эвтэй, нэгнийхээ төлөө гэсэн сэтгэлтэй болох нь тэдэнтэй хөөрөлдөн суух мөчид өөрийн эрхгүй мэдрэгдсэн юм. Уулзалтдаа ирж амжаагүй нэгийнхээ хаана юу хийж явааг сонссон нэг нь бусдадаа дуулгана. "Ажил төрөл нь ахицтай, сайн байгаа гэж дуулдсан. Саяхан надтай холбоо барьсан" гэвэл "За ашгүй дээ" гэцгээн бусад нь чин сэтгэлээсээ талархана. Харин "Тэр маань л жаахан ажил төрөл нь базаахгүй сурагтай байна лээ" гэвэл бусад нь "Хэдүүлээ тэгвэл яаж туслах уу. Ажил төрөлгүй байгаа бол миний хамаатны ах сургуульдаа биеийн тамирын багш дасгалжуулагч авна гэсэн шүү. Өөр бас бус ажлын зар харагдсан шүү" гэцгээн санаа нь зовнино.
2015-01-25 /Өдрийн сонин/
Перпектбоди фитнесс төвийн тамирчдын мэдээллийг энд дарж авна уу ?