Инженерийн армитай болох ёстой
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, багш оюутнуудад баяр хүргэлээ.
Боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд ШУТИС инженерийнхээ хөтөлбөрийг бүрэн шинэчилж, дэлхийд өрсөлдөх Монгол инженерүүдийг бэлтгэх зорилт тавин ажиллаж байна. Тэр дундаа БСШУЯ, Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран “Инженер технологийн дээд боловсрол” төслийг хэрэгжүүлж инженер, технологийн салбартаа дэлхийд тэргүүлэгч Япон улсад 1000 оюутан сургах, 2+2 КООСЕН-ий бэлтгэл хөтөлбөрийг амжилттай үргэлжлүүлж байна.
Одоогоор Япон улсад инженерийн чиглэлээр 100 гаруй багш, оюутан суралцаж байгаа юм. БСШУ-ны сайд нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ “Өнөөдрийн Шинжлэх ухаан технологийн их сургуульд элсэн орж байгаа оюутнуудыг ирээдүйд Монгол инженерүүдээсээ илүүг гаргаж, хийж чаддаг, сэтгэдэг, боддог, төлөвлөдөг, дизайн хийдэг, үүнийгээ гардаж хийж чаддаг инженерүүд болгохын төлөө энэ дэлхийн санаачилгатай нэгдэж манай инженерүүд, мэргэд маань ханцуй шамлан орсон байгаа. Ажлын үр дүн тун удахгүй гарна гэдэгт би итгэж байгаа. Зэрэгцүүлээд 1000 инженерийн хөтөлбөр, КООСЕН сургалтууд явж байна. Монгол орон хөгжие гэвэл хүн төрөлхтөнөөс арай өөрөөр хардаг, арай өөрөөр сэтгэдэг, бусдын хийж чадахгүйг хийж чаддаг, тийм инженерийн армитай болохыг зорьж байна. Тийм инженерүүдийг бэлтгэдэг багш нарыг мөн гаргаж ирье гэж зорьж байгаа. Энэ ажлыг хийж чадаж байгаа эрдэмтэн, багш нартаа талархаж байгаагаа илэрхийлье.” хэмээн онцоллоо гэж БШУЯ-ны хэвлэлийн албаас мэдээлэв.