Байнгын хорооны дарга Д.Батцогт 115-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцов
Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Хан-Уул дүүргийн Үндэсний лаборотори 115-р сургуулийн нээлтэд өнөөдөр /2015.09.01/ оролцож, багш сурагчдад эрдмийн баярын мэнд хүргэж, сурлага хөдөлмөрийн амжилт хүслээ.
Тэрээр хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцох үеэр хэлсэн үгэндээ, УИХ-аар 2024 он хүртэл “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого” батлан хэрэгжүүлж байна. Энэхүү бодлогын хүрээнд хийгдэж буй “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөр нь хүүхэд бүрийг өөртөө итгэлтэй, бүтээлч, бие даан шийдвэр гаргах чадвартай монгол хүн болгон төлөвшүүлэх үндсэн үүрэг, зорилготой бөгөөд тус сургуулийн хамт олон уг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж буйд талархал илэрхийлж, баяр хүргэлээ. Мөн тэрээр, Үндэсний лаборотори 115-р сургуулийн бүтээлч хамт олон боловсролын чанарын шинэчлэлийг үндэсний болон дүүргийн хэмжээнд манлайлан хэрэгжүүлж байгаа нь Монгол Улсын боловсролын хөгжилд маш том хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэв.
Байнгын хорооны дарга Д.Батцогт мөн энэ үеэр сургуулийн үйл ажиллагаатай танилцан, багш хамт олны санал хүсэлтийг сонссон юм