Тавантолгойн гэрээг Бээжинд байгуулах гэж байгааг Засгийн газрын гишүүн хэлсэн
УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнгөрсөн дөрөвдүгээр сард Ховд аймагг ажиллаж байх үедээ 02.30 цагт “Засгийн газар “Рио тинто” компанитай эвлэрлийн гэрээ байгуулж буулт хийх гэж байна” хэмээн мэдэгдэл хийж байв.
Түүнээс хойш удалгүй Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Арабын нэгдсэн Эмират улсад айлчлах үеэр Оюутолгойн хоёр дахь шатны санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. С.Ганбаатар гишүүн яг ямар баримт бичигт гарын үсэг зурах гэж байгааг нь онож хэлээгүй ч болох үйл явдлын талаарх мэдээллийг урьдчилаад олон нийтэд тараасан гэсэн үг. УИХ дахь бие даагч гишүүд өчигдөр мэдээлэл хийх үеэр С.Ганбаатар гишүүн “ Ерөнхий сайд ирэх сарын 9-11 нд БНХАУ-д айлчлах үеэрээ Тавантолгойн асуудлаар Дубайд байгуулсан шигээ гэрээ байгуулах гэж байна.
Оюутолгойн хоёр дахь шатны санхүүжилтийн гэрээг “ Дубайн гэрээ” гэж нэрлэдэг болсон шиг Тавантолгойн гэрээг “ Бээжингийн гэрээ “ гэж нэрлэдэг болохыг үгүйсгэхгүй” хэмээн мэдэгдлээ. Түүнийг ийнхүү мэдээлэл хийхээс өмнө “ Монголын төмөр зам” төрийн өмчит компанийг “ Эрдэнэс Монгол” компаниа руу шилжүүлж, Тавантолгойн гэрээний хэлэлцээний дагуу тус компанийн 51 хувийг нь БНХАУ-ын “Шиньхуа” компанид өгөхөөр тохиролцож байгаа тухай мэдээлэл гарсан юм. Энэ бүх мэдээлэл үнэн эсэх нь Ерөнхий сайдын БНХАУ-д хийх айлчлалын үеэр тодорхой болох бололтой.Дээрх мэдэгдлийнх нь дагуу УИХ-ын гишүүн С.Ганбаатараас дараахь тодруулгыг авлаа.
-Танд Бээжинд очиж Тавантолгойн гэрээнд гарын үсэг зурах тухай баттай мэдээлэл байгаа юм уу, эвсэл Ерөнхий сайд БНХАУ руу айлчлах гэж байгаа учраас алдаатай гэрээ байгуулчих вий гэж хардаад байна уу?
-Дубай руу явахаас нь өмнө гэрээ байгуулах гээд байна шүү гэж анхааруулсан.Тухайн үед сэтгүүлчид надаас “Танд гэрээ байгуулах нь гэсэн ямар баримт байгаа юм бэ” гэж асууж байлаа. Би далдыг хардаг хүн шиг тодорхой хэлсэн шүү дээ. Гэхдээ хардаад, эсвэл далдыг харчихаад урьдчилан мэдээлэл хийгээд байгаа юм биш. Тодорхой мэдээлэлтэй болоод л ярина шүү дээ. Засгийн газарг ажиллаж байгаа Монголоо гэсэн сэтгэлтэй зарим хүнээс мэдээлэл авалгүй яахав. Тиймээс Бээжинд очоод Тавантолгойн асуудлаар Дубайд байгуулсан шиг гэрээ байгуулж, эх орноосоо урваж болохгүй шүү гэдгийг урьдчилан анхааруулж байгаа юм. Өмнө нь анхааруулсаар байтал Оюутолгойн асуудлаар гэрээ байгуулсан шүү дээ.