Тавантолгойн 51 хувийг “Эрдэнэс тавантолгой” эзэмших ёстой
УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг удирдамжийн дагуу Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Консорциумтай байгуулахаар төлөвлөж буй Засгийн газрын дөрөвдүгээр сарын 23-ны УИХ-д өргөн мэдүүлсэн “Хамтын ажиллагааны гэрээ”, “Хөрөнгө оруулалтын гэрээ”, “Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлд төсөр замын суурь бүтэж барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх гэрээ” болон бусад шаардлагатай асуудлыг судалж, дүгнэлт, шийдвэрийн төслийг бэлтгэн танилцуулсан юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээс Тавантолгойн ажлын хэсгийнх нь дүгнэлт гарсантай холбогдуулан цөөн асуултад хариулт авлаа.
-Тавантолгойн ажлын хэсгийн дүгнэлт гарч байгаа гэж сонссон. Засгийн газар төслөө татаад авчихсан тохиолдолд энэ дүгнэлт хэр ач холбогдолтой вэ?
Ажлын хэсгийн дүгнэлтийг хуралдаан дээр бүх гишүүд гарын үсэг зураад УИХ-ын даргад хүргүүлсэн. Өнөөдөр 76 хувилж, УИХ-ын бүх гишүүдэд хүргүүлсэн. С.Баярцогт сайд ойрын хугацаанд Тавантолгойн төслийг дахин өргөн барих гэж байгаа юм билээ. Тэр үед УИХ-аас дахин ажлын хэсэг гарган ажиллах байх гэж бодож байна. Манай ажлын хэсэг хоёр сарын хугацаанд энэ төсөл дээр их сайн ажилласан. Дараагийн ажлын хэсгийн дүгнэлтэд бидний гаргасан дүгнэлт их чухал хувь нэмэртэй байна гэж бодож байна.
Дахин өргөн баригдах төсөл нь танай ажлын хэсгийн дүгнэлтийг баримтлах болов уу. Та юу гэж харж байна вэ?
-Баримталсан байх хэрэгтэй гэж бодож байна. Энэ хоёр сарын хугацаанд бид гэрээн дээр ажиллаж байх явцад гэрээний энэ заалт ийм хууль зөрчсөн байна гэдгийг хэлээд явж байсан. Тэгэхээр тэр мэдээллүүдийг харгалзаж үзээд өөрчлөлт хийж оруулж ирэх болов уу гэж бодож байна.
-Хамгийн ноцтой хууль зөрчсөн үйлдэл нь юу байсан бэ. Томоохон өөрчлөлт нь юу байх вэ?
2010 оноос хойш гарсан Засгийн газар, УИХ-ын тогтоолууд мөн ҮАБЗ-ийн шийдвэрүүдийг зөрчсөн зөрчил их байсан. Манай Засгийн газар эхлээд нэг гэрээ ч юм уу оруулж ирээд араас нь тогтоол, шийдвэрүүдээ өөрчилдөг загвар харагдаад байна. Энэ загвараар Тавантолгойн төсөл орж ирсэн. Урд нь гарч байсан шийдвэр, тогтоолуудаа баримтлах хэрэгтэй гэж манай ажлын хэсэг үзсэн. Одоо тогтоол шийдвэрүүддээ нийцсэн гэрээг оруулж ирнэ гэж харж байгаа.
Тавантолгойн 51 хувийг Эрдэнэс тавантолгой компани эзэмшихээр болгож оруулж ирж байгаа гэсэн үнэн үү?
Бидний гар дээр шинэ тогтоолын төсөл, гэрээ ирээгүй байгаа учраас энэ талын мэдээлэл байхгүй байна. Бидний зүгээс тогтоолын төсөл өргөн барихаар бэлдэж байгаа. Манай тогтоолын төсөл ямар ч байсан “Монголын төмөр зам” төрийн өмчит компани 51 хувийг эзэмших ёстой, зүүн чиглэлийн болон урагшаа явсан төмөр зам дээр эзэмших ёстой дээрээс нь “Эрдэнэс Тавантолгой” компани Тавантолгойнхоо 51 хувиа эзэмших нь зүйтэй гэж үзэж байгаа.
Компани хоорондын гэрээг авч чадахгүй байна гэж хамгийн сүүлд хэлж байсан. Тэр гэрээг авсан уу?
Аваагүй. Засгийн газар гэрээ болоод тогтоолын төслөө буцаагаад татчихсан. Бид өөрсдийн авсан мэдээллийнхээ хүрээнд бүрэн дүүрэн дүгнэлтээ гаргаад өгчихсөн байгаа.