О.Баасанхүү: Анхнаасаа маш муу гэрээ байгуулсаны балаг л яваад байна
УИХ-ын Өргөдлийн байнгын хороон дарга, Тавантолгойн гэрээг нягтлах үүрэгтэй ажлын хэсгийн гишүүн О.Баасанхүү
2015.06.23

О.Баасанхүү: Анхнаасаа маш муу гэрээ байгуулсаны балаг л яваад байна

Өнгөрсөн амралтын өдрүүдээр УИХ-ын Өргөдлийн байнгын хороон дарга, Тавантолгойн гэрээг нягтлах үүрэгтэй ажлын хэсгийн гишүүн О.Баасанхүү Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций сумдад ажиллан “Эрдэнэс Тавантолгой”, “Оюутолгой” уурхайнуудаар орж, ажил байдалтай нь танилцаад ирсэн юм.

Ялангуяа сүүлийн хоёр сарын турш Монголчуудын анхаарлын төвд байж, улстөрчдийг талцуулсан томоохон хэрүүлийн алим болоод байгаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний ажил байдалтай газар дээр нь танилцаж, Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай Монгол Улсын сайд М.Энхсайханы ахлан байгуулсан гэрээг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний ажилтан, албан хаагчид хэрхэн дүгнэж, ямар байр суурьтай байгааг газар дээр нь нягтлан танилцсан нь энэ удаагийн томилолтын гол зорилго, үйл ажиллагаа байсан юм. Ингээд Тавантолгойн гэрээг нягтлах үүрэгтэй ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хороон дарга О.Баасанхүүтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна. 

Энэ удаа “Эрдэнэс Тавантолгой” болон Оюутолгойн уурхайгаар орж танилцах, зарим асуудлыг хөндөн ярилцах зайлшгүй ямар шалтгаан байсан бэ. Иргэдээс ирсэн өргөдөл, санал гомдлын дагуу энэ удаагийн үйл ажиллагаа явагдаж байгаа гэж ойлгож болох уу?

 Миний бие УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Тавантолгойн гэрээг нягтлах, тодруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүний хувиар болон Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций сумын иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдолд дурдагдсан асуудлуудтай газар дээр нь танилцах, ажил хариуцсан хүмүүстэй уулзах зорилгоор энэ удаагийн албан томилолтоор ажиллалаа.

Ялангуяа Оюутолгой компани бидэнд зөвшөөрөл өгөөгүй ч Ханбогд сумын сургуулийн захиргаа, Ханбогд сумын жирийн иргэдийн зүгээс хэд хэдэн асуудал хөндөж тавьсны дагуу Оюутолгой уурхайн оффисоор орсон боловч бямба гараг таарсан учир тодорхой албан тушаалтан, ажил хариуцдаг хүн байсангүй.

Ханбогд сумын иргэдийн зүгээс Оюутолгойн баялаг нэг л өдөр шавхагдаж дуусахад говь усгүй болох өндөр эрсдэлтэй байгаа. Мөн түүчлэн уул уурхайн баялаг дуусахад энд уламжлалт мал аж ахуй, аялал жуулчлал хөгжих ёстой. Тийм болохоор Ханбогд сумын нутагт байдаг Дэмчигийн хийд хүрэх 47 км засмал замыг Оюутолгой нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх үүднээс тавьж, орон нутагт хүлээлгэж өгөх ёстой гэсэн байр суурьтай байгаа юм билээ.

Түүнээс гадна БНХАУ-аас авч Оюутолгойгоор дамжин Ханбогд сумын иргэдэд түгээж байгаа цахилгааны үнэ их өндөр байгаа гэж байна. Сургуулийн удирдлагуудын зүгээс хичээлийн байр болон дотуур байрны “0”-ын асуудлыг шийдүүлж өгөөч гэдэг асуудлыг тавьсан. Уг нь бол дэлхийн хэмжээний уурхай Ханбогд сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаагийн хувьд энэ сумын ирээдүй болсон хүүхдүүд ая тухтай орчинд сурч хүмүүжих нөхцлийг бүрдүүлэхийн тулд 40-45 сая төгрөг гаргаад “0”-ынх нь асуудлыг шийдчихэд тийм ч их хүндрэлтэй, зардал мөнгө шаардсан ажил биш л дээ. 

Сая та бид Оюутолгойн уурхайд зөвшөөрөлгүй шахам орж зарим хүмүүстэй уулзлаа. Асуудлаа бүрэн тавьж чадав уу. Тэдний зүгээс ямар хариу өгсөн бэ? 

Наашаа ирж явахдаа Оюутолгойд багахан хэмжээний осол гарч, гаднаас хэнийг ч оруулахгүй байх шийдвэр гарсныг сонссон. Гэхдээ өөрт ногдсон эрх, үүргийн хувьд миний бие Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ямар ч байгууллагын ажил байдалтай танилцах, тэнд ард иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаа эсэхийг нягтлах, биечлэн танилцах эрхтэй.

Тэгээд зөвшөөрөл хүсээд өгөхгүй болохоор нь бүрэн эрхийнхээ хүрээнд Оюутолгойн оффист орж Орон нутаг хариуцсан Монгол талын ажилтантай нь уулзаж, тодорхой асуудлуудаар ярилцлаа. Тэр хүний надад өгсөн амлалтаар зарим нэг асуудлыг нааштай шийдэх боломжтой гэж байна. 
Тухайлбал Дэмчигийн хийдийн чиглэлд тавигдах 47 км засмал замын зураг төслийг шийдсэн, одоо Оюутолгойн Удирдах зөвлөлийн зүгээс дэмжлэг үзүүлж, асуудлыг хэлэлцэн шийдвэрлэвэл энэ 2015 онд багтаад 47 км замын талыг нь ч гэсэн барина гэж байна. Түүнээс гадна орон нутагтай хамтран ажиллах гэрээг он ондоо хийгээд явдаг юм байна. Энэ гэрээнийхээ дагуу Ханбогд сумын сургуульд дэмжлэг үзүүлэх бололцоотой гэлээ.

Дээрээс нь Ханбогд сумын БНХАУ-аас авч байгаа цахилгааны төлбөрт сар бүр 30 сая төгрөг өгдөг ч гэсэн Улаанбаатараас өндөр үнэтэй цахилгаан хэрэглэж байгаа. Тийм учраас удахгүй 5.1 км цахилгааны шугам татах ажилд дэмжлэг үзүүлэн тэр ажлыг хийж дуусгана гэж байна. Миний хувьд сая ярилцсан бүх асуудлыг албан ёсоор бичгээр баталгаажуулаад УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд ирүүлээрэй гэсэн. Ямар ч гэсэн Оюутолгойн Орон нутагтай харилцах хэлтсийн Монгол талын ажил хариуцсан хүнд ирсэн зорилгоо тодорхой танилцууллаа, тэдний зүгээс ч нааштай хүлээж авлаа.

 Өнгөрсөн оны эхээр батлагдсан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд тухайн орон нутгаас олборлож байгаа баялгаас орж ирсэн орлого орон нутагтаа үлдэхгүйгээр ерөнхийдөө улсын төсөвт төвлөрч байгаа юм байна. Гэтэл баялгийн жинхэнэ эзэд орон нутгийн иргэд энэ асуудалд их эмзэг хандаж шаардлага тавьж байгааг бид сая харлаа. Энэ асуудал УИХ дээр яригдах уу? 

Ярихаас өөр аргагүй л асуудал босч ирж байгаа юм байна. Гэхдээ Оюутолгойн хувьд иймэрхүү асуудал ярих ямар ч боломжгүй болчихсон шүү дээ. Тэр байтугай Оюутолгой чинь Монгол Улсын хууль, дүрмэнд захирагддаггүй, бараг л бие даасан вант улс болчихсон л доо. Хамгийн сүүлд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дубайд хулгайгаар шахам очоод шөнө дөлөөр Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурчихсанаас хойш иргэдийг нь байтугай Монгол Улсыг тоож авч хэлэлцэхээ больчихсон газар юм шиг байна.

Нөгөөтэйгүүр Оюутолгойд Монголын төр 34 хувийн хяналт тавьж, 66 хувийг нь Рио Тинто мэдэж, удирдлагаа шийдээд явдаг. Уг нь Монгол Улсын газар нутагт байгаа баялгийг олборлож, ашиг орлого олж байгаагийн хувьд тухайн орон нутагтай гэрээ байгуулж, хамтран ажиллах үүрэгтэй. Энэ тухай шаардлагыг зөвхөн Монгол Улс, Монголын төр Рио Тинтогоос шахаж шаардаад байгаа юм биш. Энэ бол дэлхий нийтэд тогтсон жишиг шүү дээ. Тэр утгаараа хамгийн гол нь өнөөдөр амласан зүйлээ эн тэргүүнд биелүүлэх ёстой. Бид ч энэ талаар хяналт тавьж ажиллана. 

Оюутолгойн хамгийн ноцтой асуудлын нэг нь говийн нөөц багатай, амин эрдэнэ болсон усыг маш ихээр хэрэглэдэг явдал. Гэтэл ус ашигласны төлбөрөө ч шахаж шаардуулж байж, хагас дутуу өгдөг тухай яригдаж байна. Энэ талаар юу хэлэх вэ? 

Тийм ээ. Энэ бол хамгийн ноцтой асуудал мөн. Өнөөдөр Оюутолгой нэг секундэд 1.5 тонн ус хэрэглэж, говийн газрын гүний усыг ёстой л ховх сорж байгаа. Ханбогд сумын ИТХ-ын дарга нь “Оюутолгой ус ашигласны төлбөрөө цаг тухайд нь бүрэн бүтэн ерөөсөө төлөхгүй байгаа” талаар ярьсан.

Сая энэ талаар яриад ч олигтой хүлээж авах, ямар нэгэн дорвитой арга хэмжээ авах хэмжээний удирдлага алга байна. Зүгээр л 24 цагаар ажилладаг Оюутолгойн уурхайн үйл ажиллагааг хянаж, Монгол ажилчдыг харж, цагдаж байдаг үүрэг гүйцэтгэгч нөхдүүд сууж байсан. Тэдэнтэй ус ашигласан төлбөр мөнгө, хариуцлагын тухай яриад ямар ч нэмэргүй. Гэхдээ энэ асуудлыг тодорхой түвшинд судалж, ярих болно. 

Түрүүн уулзсан Ханбогд сумын удирдлагуудын зүгээс дэлхийн хэмжээний энэ том төсөл тавхан мянган хүнтэй Ханбогд суманд ерөөсөө олигтой хөрөнгө оруулалт хийхгүй байна, уурхайн суурьшлын бүсээ ч байгуулахгүй байна, зүгээр л ингэсхийж байгаад говийн баялгийг хуу хамж аваад гарах бодлого баримталж байна гэсэн. Ер нь ч газар дээр нь ажиглахад тийм дүр зураг ажиглагдаж байна. Хойшид яах вэ? 

Ерөөсөө л анхнаасаа тодорхой хэдхэн улстөрчид хувийн явцуу эрх ашгаа Монголын гурван сая иргэнээс илүү өндөрт тавьж, маш их хохиролтой шулуухан хэлэхэд дээрмийн гэрээнд гарын үсэг зурсны балгийг л бид өнөөдөр үүрч явна. Жирийн иргэн байтугай УИХ-ын нэгэн байнгын хорооны дарга Оюутолгойн уурхай руу орохдоо баахан зөвшөөрөл авах шаардлагатай болж байна.

Тэгээд Оюутолгойн санхүүгийн бичиг баримт, гадагш нь ачуулж байгаа Монголын баялагийн тоо хэмжээтэй нарийвчлан танилцах ямар ч боломжгүй байгаа. Дэлхийн хэмжээний энэ том төсөл орон нутагтайгаа, Ханбогд сумтай нягт хамтран ажиллах ёстой юм.

 Сүхбаатарчууд Цайрт менералийн хувьд үнэхээр сэтгэл ханамжтай байдаг юм билээ.

Жишээлбэл Сүхбаатар аймагт Цайрт менерал гэдэг компани орон нутагтай хэрхэн ажил хэрэгч, харилцан ашигтай хамтран ажиллаж байна. УИХ, Засгийн газрын зүгээс Цайрт менералийн үйл ажиллагааг байнга ажиглан харж, уул уурхайн үйлдвэрлэлд жишиг болж байгааг нь олзуурхан тэмдэглэж байгаа. Сүхбаатарчууд Цайрт менералийн хувьд үнэхээр сэтгэл ханамжтай байдаг юм билээ.

Гэтэл нутаг дэвсгэр дээр нь Оюутолгой гэдэг дэлхийн хэмжээний уурхай ажиллаж байгаагаасаа болоод Ханбогд сум нь улсын төсөв болон Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан гээд бусад олон дэмжлэг туслалцаанаас бүрмөсөн хаягдчихсан сум байна. Энэ суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дөрвөн давхар, сум дундын томоохон эмнэлэг ашиглалтад орсон ч тоног төхөөрөмж, эм хангамж, эмч сувилагч нарын орон тоо гээд маш олон зүйл үндсэндээ орхигдсон байна.

Бараг аймгийн төвд байдаггүй энэ сайхан том эмнэлгийг барьж ашиглалтад оруулсан нь сайшаалтай ч урсгал зардал, эм тариа, тоног төхөөрөмжийн хангамж нь үндсэндээ ор тас хаядчихсан байна. Хүмүүсийн толгойд нутаг дээр нь Оюутолгой үйл ажиллагаа явуулж байгаа Ханбогд сум маш их татвар, шимтгэл авч сайхан хөгжиж байгаа гэсэн бодол орж ирээд байдаг. 

Гэтэл яг газар дээр нь нягтлаад үзэхээр Ханбогд сумын хөгжилд Оюутолгой олигтой гийгүүлж, нялзаасан зүйл тун багаар барахгүй бараг хөгжилд нь чөдөр, тушаа болж байгааг ч үгүйсгэхгүй. Бид энэ асуудлыг УИХ дээр нухацтай ярилцана. Хэдийгээр Оюутолгой компанийн Нийгмийн харилцааны хэлтэсийн тодорхой үйл ажиллагааг санхүүжүүлэх зардлыг Оюутолгойгоос гаргадаг гэж байгаа ч тэдгээр нь эргээд Монголын талын 34 хувиас хасагдах өр болохгүй гэсэн баталгааг бидэнд олигтой дэлгэж танилцуулсангүй. Ер нь нарийвчлан тодруулах шаардлагатай асуудал багагүй байна. 

Оюутолгойгоос Ханбогд сумын сургуульд шилжүүлсэн 40 ширхэг комьпютерийн асуудал таныг багагүй бухимдуулах шиг боллоо. Ямар учиртай болоод байн байн асууж тодруулаад байснаа тайлбарлахгүй юу? 

Ерөнхий боловсролын сургуульд ашиглагдах комьпютерийн стандарт, норм байдаг л даа. Түүгээр бол аливаа комьпютерийг дөрвөн жилээс дээш хугацаанд ашиглахыг хориглосон байдаг. Гэтэл Ханбогд суманд нийлүүлсэн 40 комьпютер нь Оюутолгойн складанд он удаан хадгалагдсан, актлагдах болчихсон комьпютерууд байсан. Улсын төсөв мөнгө хүрэлцээгүйгээс шалтгаалан сургуулиуд 2010 оноос хойш комьпютерүүдээ шинэчилж чадахгүй байгаа нь үнэн.

Тэглээ гээд дэлхийн хэмжээний энэ том уурхай складанд он удаан хэвтсэн, ашиглалтын хугацаа нь аль эрт дууссан комьпютерүүдийг сумын сургуульд шахаж, сүүлд нь санхүүгийн тооцоонд оруулж ч болзошгүй заль мэхийн үйл ажиллагаа явуулж болохгүй. 
Миний хувьд энэ асуудлыг Боловсролын яамнаас дэвшүүлсэн “Хүүхэд бүрт нэг комьпютер” гэсэн зорилгоор халхавчилж ашиглалтын хугацаа нь дууссан комьпютерүүдийг Ханбогд сумын сургуульд шахаж, сүүлд нь баахан хандив тусламж өгсөн нэрээр санхүүгийн тооцоонд оруулах гэж байгаа явуургүй үйлдэл гэж л харж байна. Уг нь Монголын говиос татваргүй шахам хагартлаа баяжиж байгаа Рио Тинтогийн ноёдын хувьд Монголын ирээдүйд энэ байтугай хөрөнгө оруулалт хийх ёстой, үүрэгтэй хүмүүс гэж миний хувьд үзэж байгаа. Ер нь анхнаасаа маш муу гэрээ байгуулж, нөгөө талдаа хэмжээгүй давуу эрх олгосны гай, балаг л яваад байна.