Эвслийн мэдэгдэл Засгийн газарт түлхэц болно
УИХ дахь МАХН- МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс Ерөнхий сайдад хандан Дубайд баталгаажуулсан “Оюутолгойн далд уурхайн санхуужилт, бүтээн байгуулалтын төлөвлөгөө” нэг талаар “гэрээ” болсон гэх үндэслэлээр мэдэгдэл хугацаатай шаардлага тавьсан юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Улаанаас тодрууллаа.
-“Шударга ёс” бүлгээс өгсөн мэдэгдэлд Ерөнхий сайд хариу ирүүлсэн үү?
Мэдэгдлийг бид хугацаа тавьж өгсөн. 14 хоногийн хугацаанд Дубайн гэрээнд байгаа зүйл, заалтуудыг өөрчлөх, хүчингүй болгох асуудлаар ажиллаж, дүнгээ УИХ-д танилцуул гэсэн байгаа. Мэдэгдлийг энэ сарын 5-нд хийж, Ерөнхий сайдад гардуулсан. Тэгэхээр хугацааг тэр өдрөөс тооцно.
-УИХ-д суудалтай бусад нам, хувь гишүүд эвслийн байр суурийг дэмжиж байгаа юу, эсвэл?
Дэмжих байх гэж найдаж байна. Монголын ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө бид бодитой, ажил хэрэгч санал тавьсан. Дэмжихийг нь дэмжье, засахыг нь засъя, хүчингүй болгох зүйлүүдийг нь хүчингүй болгоё, нийтлэг эрх ашигтаа нийцүүлье гэсэн шаардлага тавьж байгаа. Тиймээс олонх дэмжих байх гэж найдаж байна.
Засгийн газар ч гэсэн бидний мэдэгдэл шаардлага хүлээж авч ер нь нийгмийн шаардлага ийм байна гээд нөгөө талтайгаа хэлэлцээ хийхэд ч гэсэн нэг талын хөзөр, түлхэц болно. Тэгэхээр бид шаардлагаа хугацаатай тавьснаараа Засгийн газартаа бас дэмжлэг үзүүлж байгаа гэж ойлгож байгаа шүү дээ.
-“Шударга ёс” эвслийн хувьд байр суурь өөрчлөгдөхгүй гэж ойлгож болох уу?
Бид байр суурьтаа хатуу зогсоно. Оюутолгойн орд газрыг Монгол Улсын хуулийн хүрээнд хамтран ажиллах талтайгаа харилцан ашигтай, баялгийн эзэн монголчуудцаа өгөөжтэй хэлбэрээр ашиглая, энэ ажлыт үр дүнтэй явуулъя гэсэн байр сууриа хамгаална.
-Нийтлэг эрх ашгийн төлөөх бидний байр суурийг дэмжинэ гэдэгт найдаж байна гэж та хэллээ. Хэрэв мэдэгдэл, шаардлага биелэгдэхгүй тохиолдолд яах вэ?
Тавьсан асуудлаа ажил хэрэг болгохын тулд өөр арга замыг сонгоно.