Л.Эрдэнэчимэг: Тавантолгойн дүгнэлтээ УИХ-д хүргүүлсэн
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг / зургийг shuud.mn/
2015.07.03

Л.Эрдэнэчимэг: Тавантолгойн дүгнэлтээ УИХ-д хүргүүлсэн

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн ахалсан ажлын хэсэг Тавантолгойн гэрээний төсөлд хийсэн дүгнэлтээ УИХ-д хүргүүлжээ.

Мөн Засгийн газраас Тавантолгойн гэрээний төслийн дахин боловсруулж, УИХ-д өргөн барихад бэлэн болоод буй аж. Энэ талаар УИХ-ын гишүүн, Тавантолгойн ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэгээс тодрууллаа.

 -Танай ажлын хэсгийн дүгнэлт бэлэн болсон гэсэн мэдээлэл байна. Дүгнэлтээ УИХ-д хүргүүлсэн үү?

 Тавантолгойн ажлын хэсэг өчигдөр хуралдаж, дүгнэлтийг бэлэн болгоод УИХ-ын даргад хүргүүлсэн байгаа. Өнөөдөр гишүүдэд тараасан. Миний ойлгож байгаагаар С.Баярцогт сайд өнөөдөр эсвэл даваа гаригт Тавантолгойн гэрээний шинэ төслийг, тогтоолын төсөлтэй өргөн барихаар бэлдэж байгаа гэсэн. Дахин өргөн барихаар дахин ажлын хэсэг томилогдох байх. Бид хоёр сарын хугацаанд энэ гэрээн дээр маш сайн ажилласан учраас манай дүгнэлт дараагийн ажлын хэсгийн гаргах дүгнэлтэд нэлээн хувь нэмэр болно.

 -Тавантолгойн төслийг дахин өргөн барихдаа танай ажлын хэсгийн дүгнэлтийг тусгасан болов уу?

 Тусгасан байх ёстой. Учир нь хоёр сарын хугацаанд ажиллахдаа гэрээний энэ заалт хууль зөрчсөн гэдгийг байнга мэдэгдэж байсан. Бидний дүгнэлтийг тусгаад оруулж ирж байгаа болов уу гэж харж байна.

 Тавантолгойн гэрээний төсөл ямар хууль тогтоомжийг зөрчсөн байна вэ?

 2010 оноос хойш дөрвөн жилийн хугацаанд гарсан Засгийн газар, УИХ-ын тогтоол, аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрүүдийг зөрчсөн. Ер нь маш олон зөрчилтэй төсөл байсан. Манай Засгийн газар, УИХ эхлээд нэг гэрээ оруулж ирээд түүнийхээ араас өмнө нь гаргасан тогтоол шийдвэрүүдээ өөрчилдөг жишиг тогтчихож. Энэ жишгээр Тавантолгойн гэрээ орж ирсэн. Тэгээд араас нь 2010-2014 онд оруулж ирсэн бүх тогтоол, шийдвэрүүдээ өөрчлөхөөр төлөвлөгдсөн байна. Харин манай ажлын хэсгээс өмнө нь баталсан шийдвэрүүдээ баримтлах ёстой гэсэн байр суурийг барьж буй. Тиймээс тэр тогтоолуудад тааруулж, гэрээгээ өөрчилж оруулж ирж байгаа байх.

 Төсөлд төмөр замын 51 хувийг эзэмшихээр болгож, оруулж ирж байгаа гэсэн мэдээлэл байгаа?

 Бидний гар дээр шинэ төсөл ирээгүй байгаа учраас энэ талаар мэдээлэл алга. Бидний зүгээс тогтоолын төсөл өргөн барихаар бэлдэж байгаа. Бид Монголын төмөр зам төрийн өмчит компани 51 хувь, зүүн чиглэлийн болоод урагшаа явах төмөр замд хувь эзэмших ёстой гэж үзэж буй. Дээр нь Эрдэнэс Тавантолгой компани Тавантолгойн 51 хувийг эзэмших ёстой гэсэн тогтоолын төслийг оруулна.