Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж ба эдийн засгийн тогтвортой өсөлт” хэлэлцүүлэг боллоо
Эрхэмсэг хатагтай ноёдоо,
“Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж ба эдийн засгийн тогтвортой өсөлт” хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид, хэлэлцүүлгийг зохион байгуулахад идэвхтэй хамтарч ажилласан байгууллага, хувь хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхиилье!
Энэ хэлэлцүүлгээр "Эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгоход газар, мал амьтны гаралтай түүхий эдийн үйлдвэрлэлээс дэвшилтэд техник технологи, хүний хөгжилд суурилсан мэдлэг, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэлд шилжих, түүнчлэн Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж буюу "Бүтээлч монгол хүний" мэрэгжлийн ур чадвар, бүтээмжтэй уялдсан орлого, тэдний амьжиргааны чанарыг дээшлүүлэх зэрэг зорилгод чиглэсэн бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж холбогдох эрх зүйн орчинг боловсронгуй болгох, шинэчлэх" талаар хэлэлцэх юм.
Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх "ЗҮТГҮҮР" нь хувийн хэвшил байх болно
Саяхан УИХ "Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг" батлан гаргалаа. Энэ бодлогын үндсэн зорилт нь Аж үйлдвэрийн салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, улсын эдийн засагт нөлөө бүхий үйлдвэрийн салбарын өсөлтийг дэмжих, зарим үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээний дотоодын зах зээлийн хамгаалах, шинэ аж үйлдвэрийн салбарыг байнга судлах, алс хэтдээ ирээдүйтэй аж үйлдвэрийн салбарыг урьдаас төлөвлөн хөгжүүлэх, шинэ зах зээлийг нээх, бүтээгдэхүүн, үйлчилгээг гадны зах зээлд худалдахад өрсөлдөх чадвартай нэгдсэн бодлогоор дэмжих зэрэг болно.
Мөн хөгжилтэй орнуудын аж үйлдвэржсэн туршлагыг судалсны үндсэн дээр "Оюуны өмчийн эрхээр баталгаажсан үндэсний түүх, ёс заншил, соёлын онцлогийг агуулсан дэшилтэд техник, технологи, мэдлэг, мэдээлэл, инновацид суурилсан соёлын болон бүтээлч аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх зорилтыг" уг бодлогод суулгаж өглөө. Мөн Засгийн газраас өргөн барьсан Үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж байна. Энэ хууль батлагдсанаар экспортын бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэн борлуулж эхэлсэн аж ахуйн нэгжийг дэмжих бодлогуудыг хууьчилж байгаа болно. Энэ бодлогын эцсийн найруулгыг УИХ-р сонссон тул, тун удахгүй төрийн мэдээлэлд гарснаар хүчинтэй болж мөрдөгдөж эхэлнэ. Иймд уг бодлогын эцсийн найруулгыг Та бүхэнд хувилан тарааж байна. Энэ бодлогыг хэрэгжүүлэх "ЗҮТГҮҮР" нь хувийн хэвшил байх болно. Үүнийг Та бүхэнд мэдээлэхэд таатай байна. Иймээс энэ бодлогыг хэрэгжүүлэхэд Та бүхнийг идэвхтэй оролцоо, нөгөө талаас түнш орнууд, хөрөнгө оруулагчдад танилцуулж хамтарч ажиллахыг Та бүхнээс хүсэх байна.
Энэ хэлэлцүүлэг 2 шаттай явагдана. Эхний шатанд аж үйлдвэржсэн хөгжилтэй орнуудын туршлага, Монгол Улсын аж үйлдвэрийн өнөөгийн байдал ба эдийн засгийн тогтвортой өсөлт, цаашдын хандлагын талаарх илтгэл:
Энд бидний мэдэх Солонгос, Сингапур, Япон зэрэг аж үйлдвэржсэн хөгжилтэй орнуудын Аж үйлдвэрийн бүтэцжилт, давхаргажилтын өөрчлөлт хувьсал хөгжлийн туршлагаас танилцуулах болно. Мөн Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын өнөөгийн байдлын товч танилцуулна. Судалгаанаас харахад Аж үйлдвэрийн бүтцийн өөрчлөлт нь эдийн засгийн өсөлтийн мөчлөгтэй нягт уялдаатай байна. Өнөөгийн хөгжилтэй орнуудад эдийн засгийн өндөр өсөлтийг ХАА-н болон эрдэс баялагийн түүхий эдийн үйлдвэрлэлээс мэдлэг, нэмүү өртөг шингэсэн дэвшилтэд техник, технолгийн боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэхэд чиглэсэн аж үйлдвэрийн бүтцийн өөрчлөлтийг хийснээр бий болгож байжээ.
Мөн эцсийн бүтээгдэхүүн үйлчилгээнийн боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлж чадсанаар эдийн засгийн өсөлт нь тогтворжсон байна. Тэгвэл өнөөдөр Монгол улсын экспортын 90 орчим хувийг бүрдүүлдэг цөөхөн төрлийн эрдэс баялагийн дотроос төмрийн хүдэр, нүүрсний үнэ сүүлийн 3 жилийн хугацаанд жилд дунджаар 15-25 хувиар унаж, эдийн засгийн өсөлт тэнцүү хэмжээгээр буюу 2-3 дахин саарсан байна. Өнөөгийн аж үйлдвэржсэн хөгжилтэй орнууд уламжлалт аж үйлдвэрийн салбарууд болох хүнд үйлдвэр тодруулбал ган, зэс, эрчим хүч, химийн аж үйлдвэрийг түлхүү хөгжүүлсэн байна. Мөн үүнээс гадна тэргүүний болон өндөр технологийн хагас дамжуулагч, мэдээллийн технологийн тоног төхөөрөмж, бүтээлч аж үйлдвэр, электроник, био эрүүл мэндийн шинжлэх ухаан, тодруулбал эмийн болон генетик бүтээгдэхүүний зэрэг аж үйлдвэрлэлийн салбарыг хүчтэй дэмжиж хурдацтай хөгжүүлж байна.
Технологийг хөгжүүлэх болон судалгаа хөгжүүлэлтэнд нь зарцуулах хөрөнгийг улсын төсвөөс гадна, хувийн хэвшлийн энэ чиглэлд оруулж буй хөрөнгө оруулалт, санал санаачлагыг байнгын төрийн бодлогоор дэмжиж байна. Хөгжилтэй орнууд юуны түрүүнд шинжлэх ухаан технолгийн паркыг байгуулсан байна. Түүний дараагаар аж үйлдвэрийн парк, кластер, чөлөөт худалдааны бүс, инновацийн кластеруудыг хэдэн арваар нь байгуулж өнөөгийн өндөр хөгжлийг бий болгосон байна. Саяхан УИХ-с баталсан Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын дагуу Засгийн газраас удахгүй шинжлэх ухаан технологийн парк, түүнчлэн кластер, инновацийн кластер, чөлөөт бүс, аж үйлдвэрийн паркын жагсаалтыг баталж, түншлэгч орнуудын хамт зарлах юм. Өнөөгийн хөгжилтэй орнууд өөрийн орны онцлогт суурилсан Аж үйлдвэржсэн орон болох загварыг өөрсдөө гаргасан байна. Энэ хамгийн оновчтой, ирээдүйтэй аж үйлдвэржилтийн Монгол загварыг шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаанд үндэслэн гаргахад Та бүхний оролцоо чухал юм.
Эдийн Засгийн тогтвортой өсөлтийн тулгуур нь Бүтээлч Монгол Хүн
Түүнчлэн Эдийн засгийн бодит өсөлтийг бий болгогч тулгын гурван чулуу нь хөрөнгийн хуримтлал, ажиллах хүчний ур чадвар, технологийн хөгжлийн түвшин юм. Энэ тулгын гурван чулууг бүтээмжийн бүх хүчин зүйл (total factor productivity-ТFP) гэдэг. Өнөөдрийн хөгжилтэй орнуудын туршлагаас мэдлэгт суурилсан нэмүү өртөг ихээр шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэдэг дэвшилтэд техник технологи бүхий боловсруулах аж үйлдвэрийн салбар болон үйлчилгээний салбар луу хөрөнгө, мэрэгшсэн ажиллах хүчний шилжилт явагдаж, энэ хэмжээгээр тухайн орны бүтээмж, өрсөлдөх чадвар, хөгжлийн түвшин дээшилсэн нь илт харагдаж байна.
Хэлэлцүүлэгийн явцад энэ бүтээмжийн бүх хүчин зүйлсийн харьцуулсан судалгаа, Монгол Улсын эдгээр үзүүлэлтийн байдлын талаар илтгэлүүд тавигдах болно. Эндээс эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгоход хамгийн чухал хүчин зүйл нь хүний хөгжил, тодруулбал Бүтээлч монгол хүн гэдэг нь ойлгомжтой байна. Цаашилбал Итгэл төгс Монгол Улсаа хөгжүүлэхэд Бүтээлч монгол хүний хөгжил, харилцан нөхсөн бүтээлч хамтын ажиллагаа юунаас ч чухал байх болно гэдгийг тэмдэглэх байна.
Хөгжлийн түлхүүр нь монгол инженерийн бурхан ухаан байх болно
Мөн бүс нутгийн болоод олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэхэд голлох нөлөө бүхий техник, технологийн боловсролтой ажиллах хүчин, шинжлэх ухааны судлаачид, түүний дотроос монгол инженерийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дэмжих зорилго бүхий "Мэрэгшсэн инженерийн тухай" хуулийн төслийн талаар хэлэлцэх болно. Дээр дурьдсаны дагуу эдийн засгийн өсөлтийг бий болгох, манай орон аж үйлдвэржсэн орон болон хөгжихөд Хөгжлийн түлхүүр нь инженерийн өрсөлдөх чадварын хөгжил, тухайлбал монгол инженерийн бурхан ухаан байх болно.
Эцэст нь доорх мэдээлэлийг Та бүхэнд хэлэх байна. УИХ-д "Хөгжлийн судлаач, инженерийн үйл ажиллагааг дэмжих лобби бүлэг" байгуулах болсныг мэдэгдэхэд таатай байна.
Мөн "Бүтээлч монгол хүнээ дэмжье" уриатай "Монголоо шинэчлэе клуб"-ээс жил бүрийн сар шинийн өмнө 4 хүртлэх "Оны шинэчлэгч"-г тогтмол шалгаруулах болсноо мэдэгдэхэд таатай байна гэлээ.
Энэхүү хэлэлцүүлгээр “Аж үйлдвэржсэн хөгжилтэй орнуудын туршлага, Монгол Улсын аж үйлдвэрийн өнөөгийн байдал ба эдийн засгийн тогтвортой өсөлт, цаашдын хандлага”, “Хөдөлмөрийн бүтээмж ба эдийн засгийн өсөлт”, “Хөрөнгийн хуримтлалын өнөөгийн байдал, цаашдын хандлага”, “Хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдал ба цаашдын хандлага” “Аж үйлдвэрийн хөгжилд инновацийн үзүүлэх нөлөө ба гүйцэтгэх үүрэг”, “Хөрөнгийн зах зээлийн хөгжил ба цаашдын зорилт”, “Мэргэшсэн инженерийн тухай хуулийн төслийн танилцуулга“ зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Хэлэлцүүлэгт яам, агентлагийн мэргэжилтнүүд төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, их, дээд сургуулийн эрдэмтэд, багш нар оролцож, санал солилцож байнахэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.