Бондоос 20-50 сая ам.долларыг геологийн салбарт зарцуулах хэрэгтэй
“Бизнес, хөгжил” булангийнхаа энэ удаагийн дугаарт Монголын экспортлогчдын холбооны зөвлөх, доктор, профессор Д.Галсандоржтой ярилцлаа.
-Монголын эдийн засаг уул уурхайн салбараас шууд хамааралтай.Өөрөөр хэлбэл, энэ салбар зөв хөгжиж байж эдийн засагт ахиц гарна.Ингэхийн тулд хууль, эрхзүйн орчныг боловсронгуй болгох, нэгдсэн бодлоготой байх гээд нэлээд олон асуудлыг “Эрдэс баялаг 2025” хэлэлцүүлгээр ярьж байлаа.Тус хэлэлцүүлгээс бодлогын баримт бичиг гараад жил гаруйн хугацаа өнгөрчээ. Одоо нөхцөл байдал ямар байна?
-Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг анх өнгөрсөн оны эхээр гаргасан.
Үүнээс хойш бараг жил хагасын хугацаа өнгөрлөө. Энэхүү бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраас нэлээд ажлыг хийж, тодорхой хэмжээгээр үр дүнд хүрсэн ч зарим ажлыг хэрэгжүүлэхэд хүндрэл гарч байна. Эдийн засгийн хямралтай энэ үед голчлон уул уурхайн салбарынхан улсын төсвийн орлого, экспортыг бүрдүүлж байгаа.
Монгол Улсын нутаг дэвсгэрийн 40 гаруй хувь нь тусгай зөвшөөрөлтэй талбай байсан бол 2014 он гэхэд 10 хувь болтлоо буурсан. Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгоогүйгээс уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалт үндсэндээ зогсоод байлаа. Тийм учраас гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд Хөрөнгө оруулалтын хууль гаргаж, стратегийн орд газруудад тусгай хориг саад тавьсныг цуцалсан. Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, тусгай зөвшөөрлийг олгож эхэлсэн юм. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хугацаа долоон жил байсныг ес болгосон.
Уул уурхайн салбарынханд ашигтай хувилбараар хуульд нэмэлт өөрчлөлт орсон юм биш үү. Гэтэл яагаадзарим ажлыг хэрэгжүүлэхэд хүндрэл гарч байна вэ?
-Тусгай зөвшөөрлийг энэ оны эхнээс өгч эхэлсэн. Одоогоор 350 тусгай зөвшөөрөл олгосон байгаа. 450 зөвшөөрлийг орон нутгийн Засаг даргын саналыг авахаар хүлээж байна. Ний нуугүй хэлэхэд, тусгай зөвшөөрөл олгох талбайг орон нутгийнхан маань хөдөө аж ахуй, аялал жуулчлалын зориулалттай гэдэг. Иймэрхүү шалтгаан хэлдэгээс шинэ хуулийн хэрэгжилт сул байгаа юм. Үндэсний аж ахуйн нэгж ч бай, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж ч бай ялгаагүй орон нутаг, сум, аймгийн Засаг дарга нараас зөвшөөрөл авах гэж ихээхэн зардал гаргаж байгаа.
Байнга очиж уулзана, хийх гэж байгаа ажлаа танилцуулна. Нөгөөтэйгүүр, Түгээмэл ашигт малтмалын хуулиар орон нутагт барилгын салбарыг хөгжүүлэхийг дэмжсэн. Элс, хайрганы олборлолт, худалдан авалтыг энэ хуулиар дэмжсэн юм. Одоогоор элс, хайрганы тусгай зөвшөөрлийг орон нутагт яаж олгож байна вэ, барилгын салбарт үйлдвэрлэл явуулж байгаа аж ахуй нэгжүүд авч байна уу, мэргэжлийн бус байгууллагууд авч байна уу гэдэг нь ч тодорхой бус байгаа. Ер нь орон нутагт томоохон эрх өгсөн. Тэд үүнийгээ ашиглаад давуу эрхээр хэтэрхий том талбайд элс, хайрга ашиглана гээд цаашид ашигт малтмал илрэх талбай өгөхийг үгүйсгэхгүй.
Ингэхэд манай улсын нутаг дэвсгэрийн хэдэн хувьд нь геологийн ажил хийгдсэн юм бэ. Социализмын үедилрүүлсэн хэдэн ордын нөөцөө тойроод мэрээд байдаг. Шинээр ямар ажил хийгдэж байна вэ?
-Аливаа орны геологийн салбар уул уурхайн салбараасаа илүү хурдацтай хөгжих ёстой. Өнөөдөр манай улсын нутаг дэвсгэрийн 30 хувьд л геологийн ажил хийгдсэн. Үүнийг 100 хувь болгох ёстой юм. Бид одоо 40 хувьд хүргэнэ гэсэн зорилт тавиад байгаа. Өнөөдөр төсвөөс геологийн зураглалд зарцуулж байгаа хөрөнгө нь зургаан тэрбум орчим төгрөг болно байх. Энэ хөрөнгийг 5-10 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай. Бүр 60 тэрбумд хүргэж геологийнхоо нөөцийг бэлдэх ёстой. Уул уурхай өндөр төвшинд хөгжсөн газрууд геологийн зураглалаа улсын төсвөөр хийж, тэр талбайгаа үнэ хүргэдэг. Дуудлага худалдаандаа барууны хайгуул, уул уурхайн компаниудыг урьж оролцуулдаг юм.
Эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой учраас геологийн зураглал тухайн орны хувийн асуудалбайх ёстой гэж үү. Гэтэл бидэнд хөрөнгө мөнгө байхгүй гэдэг шалтгаанаар хамаг юмаа ил дэлгэчихдэг юм биш үү?
-Тиймээс л бондоос 20-50 сая ам.долларыг геологийн салбарт зарцуулвал маш олон геологи, хайгуулын компанийг дэмжсэн том бодлого болно. Иймээс энэ тал дээр Уул уурхайн яам бодлогоо эргэж харах ёстой. Зарим нэг тусгай зөвшөөрлийг мэргэжлийн бус, хөрөнгө мөнгөгүй жижиг аж ахуйн нэгжүүд авчихсан байгаа учраас энэ ажил урагшилж өгөхгүй байна. Өнөөдөр ашиглалтын 20 мянган тусгай зөвшөөрөл байгаа. Үүнээс идэвхитэй олборлолт хийх аж ахуйн нэгж нь 400 орчим байна. Үнэн хэрэгтээ өнөөдөр ажиллаж байгаа аж ахуй нэгжийг тоолоод үзвэл 100 хүрэхгүй шүү дээ.
-Өнөөдөр төмөр замаар жилд 20 сая тонн нүүрс тээвэрлэж байгаа. Үүнээс дээш боломж одоохондоо алга.Энэ нь бас нөлөөлчихдөг юм биш үү?
-Хятадын нэг жилийн нүүрсний хэрэгцээ 60 сая тонн. Монгол ганцаараа үүнийг нийлүүлэхгүй. Орос, Канад, Австрали, Хойд Солонгос өмнөд хөршид нүүрс нийлүүлж байгаа. Бид Хятадын зах зээлд заавал нэгдүгээр зэргийн нийлүүлэгч байх гэж зүтгэх шаардлагагүй. Австралийн дараа буюу хоёрдугаарт ч орох хэрэггүй. Хамгийн гол нь бид боловсруулалтын төвшингөө дээшлүүлээд өндөр үнээр хэдхэн худалдан авагчдаа өгөх ёстой.
Түүнээс биш өнөөдөр нүүрс, зэс, төмрөө бүгдийг нь ашиглахгүй. 20, 30 жил ч ашиглахгүй, манай дараагийн үе, хүүхдүүд, ач нар гээд бүр 2300 ашиглана гэдгээ тооцоолж, уул уурхайгаа хөгжүүлэх хэрэгтэй. Монгол Улс өнөөдөр эдийн засгийн хүндрэлтэй, өрөнд орчихсон энэ байдал гадаадын хөрөнгө оруулагчдад тал зассан таатай нөхцөл бүрдүүлж, Монголын эрх ашгийг давуу авахгүй, яаруу сандруу мэргэжлийн байгууллагуудыг оролцуулахгүй хийж байгаа гэрээ хэлэлцээрүүдээс үүдэлтэй. Энэ нь хэдэн жилийн дараа Монгол Улсад томоохон хохирол, төлбөр төлөх эрсдэлийг бий болгож байна.