Яадгаа алдчихсан юм алга
УИХ-ын гишүүн Б.Болор
2015.07.01

Яадгаа алдчихсан юм алга

УИХ-ын гишүүн Б.Болор “Аливаа улс төсвөө төлөвлөхдөө ер нь л өөдрөгөөр тооцоолж, төсөөлөн хийдэг л дээ. Монгол Улс ч сүүлийн 20 гаруй жил тиймэрхүү л төсөв төлөвлөсөөр ирсэн.

Өнгөрсөн хоёр жилтэй харьцуулбал төсвийн орлогын бууралт арай бага буюу боломжийн хэмжээнд байгаа. Гэхдээ төсвийн орлого тасалдаж яваа. Одоогоор эхний хагас жилийн гүйцэтгэл хараахан гараагүй байна. Өөрсдийгөө дөвийлгөх гэж, бүхнийг мэддэг царайлж олон нийтийн санаа бодиыг үймүүлээд байгаа этгээдүүдээс энэ талаар сайн асуух хэрэгтэй. УИХ-ынТөсвийн байнгын хорооны даргын хувьд хэлэхэд Монгол Улс цалингаа тавьж чадахгүй байдалд орчих гээд, төсөв нь бүр яадгаа алдчихаад байгаа юм огтхон ч байхгүй. Өнөөдрийн байдлаар Сангийн яам хийх ёстой төлбөр тооцоогоо цаг хугацаанд нь, зохих ёсоор хийгээд л явж байгаа. Ямар нэгэн тасалдсан, хойшуулсан санхүүжилт өнөөдрийн хувьд байхгүй.

Эдийн засгийн хямрал гэдэг бол их өөр асуудал л даа. Өнөөдөр Монголын эдийн засаг хямралд автаагүй, хүцдрэлтэй л байна. Үүний гол шалтгаан бол түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд огцом унасантай л холбоотой. Жишээлбэл, өнөөдөр манай экспортын 60-70 хувийг бүрдүүлдэг нүүрсний үнэ доод цэгтээ хүртэл уначихсан. Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” компани нэг тонн нүүрсээ 32.4 ам. доллараар борлуулж байгаа юм билээ. Энэ нь үндсэндээ үнэ нь хоёр дахин уначихаад байгаа үзүүлэлт шүү дээ. Эдийн засгийн хүндрэлтэй үед цалин хөлсөө тавьж чадахгүй, дампуурлаа зарлана гэдэг зүйл байхгүй.

Төсвийн байнгын хороо Сангийн яам болон бусад холбогдох байгууллагаас долоо хоног тутам мэдээлэл авдаг. Үүгээр төсөв батлагдсан хэмжээндээ, төсвийн хөрөнгө оруулалт болон урсах зардлууд тавигдаад явж байгаа. Харин төсвийн тодотгол хийх шаардлагатай л байгаа. УИХ дахь МАН-ын тодорхой улстөрчид “Эдийн засгийн хямрал” гэж яриад байх юм. Уг нь хямрал гэдгээ манай мундаг улстөрч хүмүүс мэдчихмээр юм.

Хямрал болоход ажилгүйдэл, инфляцийн төвшинд өөрчлөлт орох, хүн ам зүйтэй холбоотой үзүүлэлтүүд буурах зэрэг маш олон зүйлд нөлөөлдөг юм. Гэтэл одоо бидэнд тулгараад байгаа зүйл нь ердөө эдийн засгийн хүцдрэл. Үүний буруу, эх үндэс нь тэгж яривал олон , жилийн өмнөх бодлогын алдаанаас үүдэлтэй. Зарим хүн гадаадын хөрөнгө оруулалт буурлаа гээд хэлээд байгаа нь өнгөрсөн парламентын үед баталж гаргасан хуулиас болсон. Гэтэл үүгээр улс төр хийгээд, өнөөдөр л саран дээрээс буугаад ирчихсэн мэт л зүйл яриад байгаа нь утгагүй. Надад лав хямрал гэж ярих нь арай эртэдсэн асуудал гэж харагдаж байгаа.