УИХ-ын НББСШУБХ хоёр асуудал хэлэлцлээ
Улсын Их Хурлын гишүүн, байнгын хорооны дарга Д.Батцогт
2015.07.07

УИХ-ын НББСШУБХ хоёр асуудал хэлэлцлээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр /2015.07.07/ үдээс хойш хуралдаж хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдаанаар эхлээд Бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ/ДОХ-ын тархалтыг бууруулах, хязгаарлах талаар чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоол батлах асуудлыг хэлэлцэв. Тогтоолын төслийг хэлэлцэх явцад гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр хэлэхдээ, бэлгийн замаар дамждаг халдварт өвчнийг оношлуулах асуудал нууц байдаг гэж ойлгодог. Ханиад, хатгаа туссан өвчтөн амь насаа алдах эрсдэлтэй байдаг бол энэ өвчин эдгэрдэг гэдэг ойлголтыг хүмүүст зөвөөр ойлгуулах нь чухал.

Иймээс хүмүүс яагаад оношлуулахгүй байна гэдэгт анхаарал хандуулж, өвчин туссан хүн өөрөө эмнэлэгт ханддаг, эрт оношлуулдаг болох дэг, аргачлалыг шинэчлэх хэрэгтэй байна. Мөн бэлгийн замын өвчний тухай ойлголт, урьдчилан сэргийлэх талаар хүүхэд, залуучуудад мэдлэг, мэдээлэл өгөх, энэ талаар сурталчлах нь чухал гэлээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, оюутнуудыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна гэж үзвэл санхүүгийн асуудлыг хэрхэн шийдэхэд анхаарах шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, МҮОНТ, Боловсрол суваг телевиз нийгмийн хариуцлагын чиглэлээр сурталчилгаа явуулах үүрэг хүлээсэн байдаг. Иймээс эдгээр телевизүүд нийгмийн хариуцлагыг сайжруулах, дээшлүүлэх чиглэлээр ажиллах ёстойг хэлэв.

Улсын Их Хурлын гишүүн, байнгын хорооны дарга Д.Батцогт, бэлгийн замаар дамжих халдварт өвчнийг таслан зогсоох чиглэлээр мэргэжлийн байнгын хорооны хувьд гишүүдээс санал гаргаж Байнгын хорооны тогтоолын төслийг санаачилж байгаа нь ач холбогдолтойг онцолсон юм. Ингээд тогтоолын төслийг “Бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ/ДОХ-ын тархалтыг бууруулах, хязгаарлах талаар чиглэл өгөх тухай “ гэснийг “Бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ/ДОХ-ын тархалтыг бууруулах, хязгаарлах, урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай” болгон өөрчилж , хэлэлцүүлгийн явцад гишүүдээс гаргасан саналыг тогтоолд тусган батлах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив.

Үүний дараа элэгний халдварт өвчний талаар авах зарим арга хэмжээний талаар тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах санал хураалт явуулсныг гишүүд дэмжлээ. Ингэснээр Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, С.Одонтуяа, Д.Хаянхярваа, Д.Батцогт нарын бүрэлдэхүүнтэй байхаар батлав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.