МАХН-ын Дүүргийн дарга нар мэдээлэл хийлээ
МАХН-ын дүүргийн дарга нар
2015.06.27

МАХН-ын Дүүргийн дарга нар мэдээлэл хийлээ

     МАХН-ын бага хурлын гишүүд Бага чуулганаа яаралтай хуралдуулах талаар шаардлагыг ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн нарт хүргүүлсэн талаар мэдээлэл цахим ертөнцөд тархаж буй.

Энэ асуудалд нийслэлийн есөн дүүргийн МАХН-ын хороодын дарга нар мэдээлэл өглөө. Хороодын дарга нарын ярьснаар уг мэдээлэл намын гишүүдийг хагалган бутаргах гэсэн МАНАН-гийн олигархиудын захиалгаар бага чуулганы нэрийг барьсан хэсэг хүмүүс намын дарга, гүйцэтгэх товчоонд хаяглан шаардлага ирүүлсэнд харамсч байна.

      МАХН-ыг Монголын ард түмэн дэмжиж байгаа өнөөгийн үнэлэмжийг бууруулах зорилгоор улс төр, хөрөнгө мөнгөний ашиг хонжоо хайгчид намын бага хурлын гишүүдийн нэрийг барьж шаардлага өгсөн байна. МАХН-ын гишүүд бид МАНАН-гийн олигархиудын өдөөн хатгалгад өртөхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэлээ. 

      Энэ талаар СХД-ийн хорооны дарга Б.Лхагвасүрэн “Намын дарга Н.Энхбаярыг хэлмэгдүүлэх асуудал Оюутолгой, Тавантолгойг хувааж авах хуйвалдааныг хийж дуусах хүртэл үргэлжилж байгааг ард түмэн мэдэж байгаа. Манай намын бага хурлын гишүүд намын бага чуулганыг тулган хуралдуулах санал гаргажээ. Бид нам дотроо ярилцан  асуудлыг шийдэхийн төлөө ажиллах болно. Гэвч дотоод асуудлыг МАНАН-гийн олигархиуд намыг дотооддоо хагаралтай байгаа мэтээр олон нийтэд ойлгуулах гэж баримт нотолгоогүй мэдээлэл цацаж төөрөгдүүлж байна” хэмээн  мэдэгдлээ.