МАХН бол тархи толгойгүй, замбараагүй, хүмүүсийн бөөгнөрөл биш
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор нэгэн чухал асуудал хэлэлцүүлэхээр төрийн ордны хонгилд хүлээн сууж байхад нь уулзаж ярилцлаа.
Сүүлийн үед Эрүүл мэнд, спортын яамны хувьд элэгний вирусын эсрэг АНУ-д үйлдвэрлэсэн эмийг Монголын нөхцөлд тохируулан ихээхэн хямдруулж оруулан ирэх, Яармагийн хүүхдийн эмнэлгийн барилгын санхүүжилтийг босгож улмаар барилгын ажлыг эхлүүлэх гээд ажил ихтэй байгаагаас гадна Г.Шийлэгдамба сайд руу чиглэсэн нэлээн хүчтэй дайралт явж байгаа.
МАХН-ын удирдлагуудын дотор байсхийгээд л хөөрхөн бужигнаан үүсдэг ч тэрүүхэнд нь аргалж чимээгүй болгоод байдаг бол энэ удаа Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг чиглэсэн нэлээн хүчтэй дайралт явж байгаа нь сүүлийн хэдхэн өдөрт Монголын нийгэмд тодорхой болоод байгаа. Эдгээр асуудлуудад хариулт авахаар Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад хандсан юм.
-Байнгын хороогоор чухал асуудал хэлэлцүүлэх гэж байгаа бололтой. Чухам ямар асуудалд Эрүүл мэнд, спортын сайдын хувьд ихээхэн анхаарал хандуулж өөрөө биечлэн оролцоод явж байгааг тань сонирхож байна?
-За тийм ээ. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороогоор хэлэлцүүлэх гэж байгаа асуудал маань сүүлийн үед эрүүл мэндийн салбар гэлтгүй Монголын нийгэмд аюулын харанга дэлдэж эхлээд байгаа бэлгийн замын халдварт өвчлөл, тэр дундаа хожим хойноо архаг уршигтай гоц халдварт тэмбүү өвчний дэгдэлт улсын хэмжээнд сэтгэл эмзэглүүлэх хэмжээнд хүрээд байгаа талаар мэдээлэл хийж, гоц халдварт, ихээхэн хор уршигтай энэ өвчинтэй хэрхэн яаж тэмцэх талаар мэдээлэл хийхээр хүлээж сууна.
Өнөөдөр Монголын нийгэм энэ талаар төдийлөн сайн анзаарахгүй байгаа ч ялангуяа тэмбүү өвчний дэгдэлт, хор уршиг нь Үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлөхүйц хэмжээнд хүрээд байгааг ярихгүй, мэдээлэхгүй, нэгдсэн тусгай бодлогын хэмжээнд тэмцэхгүй бол болохгүй байдалд хүрээд байна. Ялангуяа Монголын ирээдүй болсон залуучууд, шилжилтийн настнуудын хувьд гоц халдварт тэмбүү, сүрьеэ, бэлгийн замын бусад халдварт өвчлөлүүд ихээхэн уршигтай хэмжээнд хүрч, дэгдэлт өндөртэй байгаа юм.
Тэр тусмаа өсвөр насны хүүхдүүдийн дунд эдгээр өвчлөлүүд сэтгэл түгшүүлэх хэмжээнд хурдацтай тархаж байгаад Эрүүл мэнд, спортын сайдын хувьд төдийгүй жирийн иргэн, эцэг хүний хувьд ч аюулын харанга дэлдэхгүй бол болохгүй боллоо гэдгийг УИХ-ын байнгын хороон дээр танилцуулах гэж байна. Хамгийн эмзэглэмээр нь эдгээр өвчний дэгдэлт зөвхөн энэ онд ингэж хурдацтай тархаад байгаа юм биш.
Сүүлийн зургаан жилийн турш ялангуяа тэмбүү, сүрьеэ өвчний дэгдэлт ихээхэн өндөр байгаа нь сэтгэл зовоож байна. Манай яамны зүгээс бодлого, зорилтоо тодорхойлоод бүх л хүч чадлаараа урьдчилан сэргийлэх, эмчлэх ажлаа эрчимжүүлсээр байгаа ч сэтгэл амрах хэмжээний үр дүнд хүрэхгүй байгаа. Тийм ч учраас УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороон дээр бодит байдлыг танилцуулж, УИХ, Засгийн газрын анхаарлыг энэ асуудалд дорвитойхон хандуулах цаг болсон гэж үзэж байгаа юм.
-Монгол Улс элэгний хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд толгой цохиж яваа гэдэг. Нөгөө “С” вирусын эсрэг үйлчилгээтэй эм яг хэзээнээс хэрэглэгдэж эхлэх вэ?
-Өнгөрсөн оны сүүлчээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэргэдэх Дэлхийн хавдар судлалын сангаас гаргасан судалгаагаар Монгол Улс 100.000 хүнд ногдох элэгний хорт хавдраар дэлхийн 200 улсын эхэнд бичигдсэн байсан. Элэгний өвчлөл тэр дотроо вирусын гаралтай өвчлөл, түүнээс шалтгаалсан хавдар, элэгний шалтгаантай нас баралтаар ч Монгол Улс дэлхийд эхний гурван байранд явж байгаа. Хамгийн сүүлд гаргасан судалгаагаар 10 мянган хүнд ногдох нас баралтын тоогоор бид бараг л тэргүүнд нь явж байгаа гэж хэлэхэд хилсдэхгүй. Тийм учраас бидэнд ганц сар, арван хэд хоног ч хүлээж суух цаг байхгүй болсон.
Бид маш дорвитой арга хэмжээ авахгүй бол болохгүй болчихсон байсан учраас энэ талын ажилд бүх л хүч анхаарлаа хандуулсан. АНУ-д энэ талын ажлаар яамны зүгээс нэлээн хэдэн баг гарган ажиллуулж, холбогдох хүмүүстэй нь уйгагүй хэлэлцээ, яриа өрнүүлсний үр дүнд Америкийн зах зээл дээр гурван сарын курс эмчилгээний үнэ нь 94 мянган ам.доллар байдаг “Gilead Sciences” биотехнологийн компанийн үйлдвэрлэсэн “С” вирусын халдвартай өвчтөнүүдийн эмчилгээнд зориулсан “Харвони” эмийг манай улс нэн хөнгөлөлттэй буюу нэг сарын эмчилгээний эмийг 400, гурван сарынхыг нь 1200 ам.доллараар оруулж ирж байгаа. Хамгийн гол нь элэгний “С” вирусын өвчлөлтэй байгаа хүмүүсийг цааш нь хавдрын түвшинд хүргэлгүй вирусыг нь дарангуйлж, устгах нь амин чухал хэрэгцээ, шаардлага болоод байгаа юм.
Манай хүмүүсийн дунд элэгний халдварт вирус гэхээр ганцхан “С” вирус байдаг юм шиг буруу ойлголт байдаг. Гэтэл элэгний халдварт вирус нь дотроо “А”, “С”, “В” гэж хуваагддаг. Бидний зүгээс хамгаалах вакцин одоогоор гараагүй байгаа “С” вирусыг бүрэн устгах хүчин чадалтай энэхүү “Харвони” эмийг ашиглах бүх бэлтгэл ажил хангагдсан. Монгол Улсад энэхүү эмийг үйлдвэрлэх үйл ажиллагаа эрчимтэй өрнөж байна.
Удахгүй IҮ улирлын эхээр элэгний “С” вирусыг бүрэн устгах энэхүү эмчилгээгээ эхэлнэ. Эхний ээлжинд “С” вирусын эсрэг эмчилгээнд хамрагдах шаардлагатай 52500 халдвартай иргэнийг эмчилгээг эхлүүлнэ. Дараагийн ээлжинд элэгний “С” вирусын эсрэг эмчилгээнд хамрагдах шаардлагатай 120-150 мянган хүний асуудал хүлээгдэж байгаа.
Ер нь Монгол Улсын хэмжээнд элэгний вируст гепатитын халдвартай 400 мянган хүн байгаа тооцоо, судалгаа бий. Байдал ийм ноцтой болсон тул Засгийн газрын зүгээс энэ асуудалд маш их анхаарал хандуулж байгаа. Олон улсын байгууллагууд, ТББ-уудтай хамтарч олон төрлийн ажил зохион байгуулж байна.
Зохих хууль журмандаа ч өөрчлөлт орууллаа. Төр, хувийн хэвшлийн байгууллагууд эрүүл мэндийн салбарт сайтар ойлгоцлон хамтран ажиллаж чадвал ямархуу үр дүнд хүрч болохын бодит жишээ нь элэгний “С” вирусын эсрэг “Харвони” эмийг АНУ-д зарагдаж байгаа үнийн дүнгийн ганцхан хувиар оруулан ирэх боломжтой болсноос харж болно.
-Эрүүл мэндийн цахим картыг ирэх долоодугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ гэж байсан. Хугацаандаа амжих уу?
-Энэ ажлыг гардан хэрэгжүүлж байгаа газар нь ХАХНХ-ын яам л даа. Эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээг цахимжуулах нь маш чухал асуудал мөн. Эрүүл мэндийн салбар тэр чигээрээ цахим хэлбэрт шилжсэнээр манай салбарын үйлчилгээ, хүртээмж, иргэдийн сэтгэл ханамжийн баталгаа нь дэлхийн жишиг рүү ойртож, хөгжлийн шинэ шатанд гарахад маш чухал дэмжлэг болно гэж харж байгаа.
Иргэн хүн эмчилгээ, үйлчилгээ авах эрүүл мэндийн байгууллагаа сонгох, эмчилгээ үйлчилгээнийхээ зардлыг хянах, түүнчлэн нэг гэр бүлийн хүмүүс өөрт ногдох эмчилгээний зардлаа гэр бүлийнхээ бусад гишүүдэд шилжүүлж болох гээд маш чухал шинэчлэлтүүд явж байгаа. Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн баазтэй болсноор Монгол хүний эрүүл мэндийн баталгаа эрс сайжрах боломжтой гэж харж байгаа.
-Сүүлийн үед МАХН-аас хийгдэж байгаа агентлагийн дарга болон дэд дарга нарын томилгоонууд багагүй асуудал дагуулсаар байна. Худалдан авах ажиллагааны газрын дарга асан Д.Энхжаргалын асуудал намжаагүй байхад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дэд даргаар Б.Энхзаяа гэдэг бүсгүйг томилсон нь хөөрхөн шуугиан дэгдээсэн. Энэ талаар Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд ямар бодолтой явна?
-Ер нь аливаа албан тушаалын томилгоо ямар нэгэн хэл ам, хардлага сэрдлэг дагуулахгүй байна гэж байхгүй л дээ. Ямар нэгэн албан тушаалд томилогдсон хүмүүсээс тухайн ажилдаа идэвх зүтгэлтэй, хамгийн гол нь хариуцлага, сахилгатай ажиллахыг л МАХН-ын зүгээс шахаж шаарддаг. Тэр хариуцлагаа үүрээд хариуцсан ажилдаа эзэн болоод явж байгаа хүмүүс ч байна, бас намаас хүлээлгэсэн итгэл найдварыг хөсөрдүүлж, албаны ажлыг амин хувийн явцуу эрх ашигтаа ашиглах гээд буруудаж, уруудаж яваа нөхдүүд ч байгаа.
Гэхдээ албан тушаалаа урвуулан ашиглаж, нийгэм болон тухайн салбартаа хор хохирол учруулсаар яваа ийм хүмүүс ганцхан МАХН-д байгаа юм бишээ. Бусад намуудад бүр ч их байгаа.
МАХН-ын хувьд иймэрхүү томилгоо, тэр дундаа улстөрийн томилгоог хамтын шийдвэрээр гаргадаг. Зарим нэг хууль шүүхийн байгууллагаар асуудал нь явж байгаа хүмүүсийн өмнөөс МАХН хөндлөнгөөс оролцох, тайлбар хийх боломжгүй. Хамгийн гол нь хууль, хяналтын байгууллага улстөрөөс хол хөндий байж, бүх асуудлыг хуулийн дагуу шударгаар шийдвэрлэх ёстой. Зүгээр сүүлийн үед үүсээд байгаа томилгоо тойрсон асуудлууд дээр МАХНын зүгээс дараа, дараагийн удаа маш олон талаас нь нухацтай авч үзэж, бүх түвшинд ярилцаж байж шийдвэр гаргах ёстой гэдэг дээр санал нэгдэж байгаа.
-Сүүлийн хэдэн хоногт таныг тойрсон таагүй мэдээллүүд хэвлэл мэдээллээр цацагдсаар байгаа. МАХН-ын Бага чуулганы гишүүд өөрийг тань огцруулахаар гарын үсэг цуглуулсан нь нийт гишүүдийнх нь гуравны нэгээс илүү буюу 86 болсон гэх юм. Нөгөө талаар та тамгаа аваад зугатаад байгаа юм уу?
-/Инээв/. Огтхон ч тийм зүйл байхгүй. Манай намд урьд нь зарим нэг дарга, сайдын ажил эрхэлж байсан этгээдүүд сонгууль ойртсоныг далимдуулан улаан цайм гүжир гүтгэлэг явуулж байна. МАХН хүнд байдалтай, үндсэндээ гудамжинд тэмцэж байхад өөрсдөө албан тушаалтай байхдаа унаж, тусан зугатааж байсан этгээдүүд өнөөдөр гэнэтхэн хаанаас ч юм гарч ирцгээж, жигтэйхэн хайртай, дуртай болчихоод байгаа.
Үнэн хэрэгтээ хэн гэгч этгээдүүд МАХН-ыг хагалан бутаргах гээд,өдөр шөнөгүй хор хутгаад гүйгээд байгааг би нэр цохон хэлж чадна. Улаан нүүрээрээ нүүр тулаад уулзах зориггүй, тийм боломж ч байхгүй этгээдүүд нүүрээ нуучихаад мөнгө төлж, хэвлэл мэдээллээр гүжир гүтгэлэг цацаж байна. Намын өмнө ганц удаа ч эр хүн шиг хариуцлага хүлээж үзээгүй мөртлөө одоо ингээд УИХ, Засгийн газарт суудалтай, улстөрийн нөлөө бүхий хүчин болоод ирэнгүүт нь бараг л “МАХН-ыг би, бид байгуулсан юм” гэх нь холгүй бархиралдаж байгаа.
Хүнд хэцүү цагт биднийг улаан зам дээр орхиж зугатагсад, нөгөө хэсэг нь ёс зүйн болон намын сахилга алдаж МАХН-аас хөөгдсөн цөөхөн үл бүтэх этгээдүүд сүүлийн үед юу хийж, хэнтэй уулзаж, ямар хор хутгаад явааг Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд би нэгбүрчлэн мэдэж байна. Би тэдгээрийг нэр усаар нь ч дуудаж чадна. Намайг сайд болсны хувьд Ерөнхий нарийн бичгийн даргаа өгөх ёстой гэдэг нь тэдний үхэн хатан гүйгээд байгаа зүйл нь л дээ.
Гэхдээ уучлаарай, тэдний хүссэнээр болдог зүйл биш. МАХН бол тархи толгойгүй, зах замбараагүй, хэсэг хүмүүсийн бөөгнөрөл биш шүү дээ. Толгой нь хөлөндөө орчихсон, хөл нь толгой дээрээ гарчихсан байх вий гэж харж байгаа бол эндүүрэл шүү. Өнөөдөр МАХН-ын удирдлага бат цул, нэг зорилготой, нэгдмэл удирдлагатай улстөрийн хүчин. Хэсэг бүлэг хүмүүсийг турхираад, хүчээр шахуу гарын үсэг цуглуулаад намайг авч хаяна гэж бодож байгаа бол чадахгүй. Харин ч тэр этгээдүүд МАХН-ын өмнө өөрсдөө л асуудалд орно шүү гэдгийг хэлчихье.
-Н.Энхбаяр дарга намынхаа өдөр тутмын ажилд оролцож байгаа юу. Та хамгийн сүүлд хэзээ түүнтэй холбоо барьсан бэ?
-Шалихгүй хов хөөцөлдөөд байгаа нөхдүүд бол Н.Энхбаяр дарга бид хоёрыг л өөрчлөх санаатай байгаа нь нууц биш. Н.Энхбаяр даргыг Монголд байхгүй гэдгээр нь, намайг сайд болсон гэдгээр нь оролдох санаатай байна.
Эцсийн эцэст Н.Энхбаяр гэдэг хүн МАХН-ын дарга хэвээрээ байгаа, байх ч болно. Тэгээд ч энэ хүний Монголын улстөрд эзэлдэг орон зайг тэдгээр хэдхэн юмнууд яагаад ч харлуулж, үгүйсгэж чадахгүй. Зүгээр Н.Энхбаяр даргыг оролдож байгаагийн цаана тодорхой асуудлууд бий. Даргын хувьд намын өдөр тутмын ажилд тэгтлээ оролцох боломжгүй байгаа ч тодорхой чиглэлүүдээ өгсөөр байгаа.