МАХН-ын залуучууд ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв
МАХН-ын дэргэдэх Ардчилал, Шударга Ёс, Монголын Залуучуудын холбоо/АШЁМЗХ/-ноос ахмадууддаа хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа. Нийслэлийн есөн дүүргийн 100 гаруй ахмад эл хүндэтгэлийн арга хэмжээнд хүрэлцэн ирэв.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн өндөр настан Д.Батчулуунд тус холбооноос өргөө цагаан гэр бэлэглэж, сар шинийн бэлэг барилаа. АШЁМЗХ нь энэ жил нийтдээ хоёр гэрийг намынхаа ахмад настнуудад өгсний нэг нь энэ аж. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба тус арга хэмжээнд оролцож, нийт ахмадуудад хүндэтгэл үзүүлж, сар шинийн мэндчилгээ дэвшүүлсэн юм.
АШЁМЗХ-ны тэргүүн О.Буяннэмэх ахмадууддаа хандаж хийж хэрэгжүүлсэн, цаашид хийхээр төлөвлөсөн ажлынхаа талаар ярилаа. Тус холбоо хамгийн сүүлд төр нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал агсныг цагаатгах тал дээр санаачилга гаргаж, Ерөнхийлөгч болон УИХ, Засгийн газрын тэргүүнд уриалга хүргүүлснийг ахмадууд сайшааж байв. АШЁМЗХ-ны тэргүүн О.Буяннэмэх хүндэтгэлийн арга хэмжээний үеэр, “Залуучууд ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлж, тэднийхээ нийгмийн асуудалд байнга санаа тавьж байх ёстой. Манай холбооноос энэ ажлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөсөн. Залуучууд бид улс эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахын тулд та бүхнийхээ үнэтэй сургаал зөвлөгөөг байнга сонсч байх нь чухал. Тиймээста бүхний өмнө бидний үүд хаалга үргэлж нээлттэй” гэв.
АШЁМЗХ нь нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт салбар хороодтой Монгол Улсын томоохон залуучуудын байгууллагын нэг. Сар шинийн босгон дээр тус холбооны салбар байгууллагууд өөрийн харъяа аймаг, дүүргийн ахмадуудад хүндэтгэл үзүүлэх аж.
1308