Г.Шийлэгдамба: Засгийн газарт хамтрах нь зүйтэй
АН-ын зүгээс “МАХН шинэ Засгийн газарт хамтран ажиллахаар болсон” гэдгийг илэрхийлсэн юм. Энэ талаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-МАХН-ын зүгээс Засгийн газарт хамтрах асуудлаар ямар шийдвэрт хүрсэн бэ?
-Өчигдөр МАХН-ын Гүйцэтгэх товчоо 23.00 цаг хүртэл хуралдаж, хамтарсан Засгийн газарт үргэлжлүүлэн ажиллах нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрсэн. Түүнээс өмнө “Шудрага ёс” эвслийн бүлэг дээр хоёр намын асуудлаар нэгдмэл нэг шийдвэрт хараахан хүрч чадаагүй. Тус тусынхаа эвслийг бүрдүүлж байгаа нам дотроо ярилцаж, шийдвэр гаргасан.
МАХН-ын зүгээс хэд, хэдэн асуудлаар хэлэлцэж, шийдвэрлэсний эцэст хамтран ажиллах шийдвэрийг гишүүдийн олонхи нь дэмжсэнээр үргэлжлүүлэн ажиллахаар боллоо. 2012 онд намуудын дэвшүүлсэн, тэр дундаа “Шудрага ёс” эвслийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн ажиллах тал дээр АН-ын ажлын хэсэгт цаашид хийгдэх гэрээнд тусгах нь зүйтэй гэсэн чиглэлийг МАХН-ын Гүйцэтгэх товчооны зүгээс гаргасан.
-Гэрээгээ үргэлжлүүлэхдээ тодотгол хийнэ гэсэн байгаа. Тухайлбал ямар тодотгол хийх вэ?
-Хамтарсан Засгийн газарт “Шудрага ёс” эвслийн хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг тодорхой байр сууринаас авч үзэх ёстой. Тухайлбал Оюутолгой, Тавантолгойн асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг тал дээр манай эвслийн хувьд тодорхой байр суурьтай байгаа. Тиймээс энэ асуудлыг онцолж авч үзэх хэрэгтэй.
Нөгөөтэйгүүр цаашдаа хамтарсан Засгийн газар байгуулахад улс төрийн намуудын хооронд хийгдэх гэрээнд УИХ-аар хэлэлцэх асуудлууд байгаа. Эдгээр асуудлууд дээр улс төрийн намууд нэгдмэл нэг ойлголтод хүрэх байр сууриа тодорхой болгох зүйтэй. Энэ талаар гэрээндээ тодотгож авч үзэх ёстой.
Мөн хамтарсан Засгийн газартай хамтран ажиллахад улс төрийн намуудын УИХ дахь суудлынхаа харьцаагаар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд ажиллана гэсэн зарчмыг ажлын хэсгүүд дээрээ тодорхой авч үзэхээр болоод байгаа.
-Эсрэг саналтай гишүүд байсан гэсэн. Ямар үндэслэлээр. Тухайлбал МАН-тай холбоотой юу?
-Аль нэг намтай гэхээсээ илүүтэй манай эвслийн МАХН-ын гишүүдийн зүгээс өнгөрсөн хугацаанд хийгдсэн ажлууддаа үнэлэлт, дүгнэлт өгөх хэрэгтэй гэдэг байр суурь илэрхийлсэн байгаа.
-Засгийн газрын бүтцийн хувьд ажлын хэсэг хэрхэн ажиллаж байна вэ. Их хуралд авсан суудлынхаа харьцаагаар Засгийн газарт ажиллана гээд байгаа шүү дээ?
-Ажлын хэсгийн хүрээнд урьдчилсан байдлаар яригдаж байгаа асуудлууд байгаа. Гэхдээ эцэслэн шийдэгдээгүй байна. Энэ бол Ерөнхий сайдын бүрэн эрхэд хамаарах тухай асуудал шүү дээ. Тиймээс өмнө нь эвслийн зүгээс Засгийн газарт ажиллаж байсан харьцааг өөрчлөхгүй байхаар ажлын хэсгүүд нам, намынхаа удирдах байгууллагаас ерөнхий чиглэлийг авсан байгаа. Энэ тал дээр ямар нэг үл ойлголцол гарна гэж бодохгүй байна.