О.Баасанхүү: Танхимын талаар ярих нь хуулиар хориотой
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2014.11.18

О.Баасанхүү: Танхимын талаар ярих нь хуулиар хориотой

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-“Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдрийн /өчигдрийн/ хурлаараа Ерөнхий сайдад нэр дэвшигчийг дэмжих асуудлаар нэгдсэн байр суурьт хүрч чадав уу. Яг ямар асуудал ярилцсан бэ?

Бүлэгт  АН-ын дарга З.Энхболд албан бичиг ирүүлсэн. Албан бичигт “Ч.Сайханбилэг нэр дэвшигчийг дэмжих асуудлаар зөвшилцөх хэрэгтэй  байна. Хариу ирүүлнэ үү” гэсэн байна лээ. Бүлгийн хурлаар  Ерөнхий сайдад нэр дэвшигч, АН-ын даргаас  тодорхой асуудлаар асуулт асууж, хариулт авлаа. Миний хувьд  Үндсэн хуулийн 33-р зүйлийн 2-т заасан  УИХ-д олон буюу 39 суудал авсан бол Ерөнхий сайдаа нам нь өөрөө  гаргадаг. 

Харин 39 суудлаас цөөн суудалтай бол  хамгийн олон суудал авсан нам нь 39 суудлаа бүрдүүлэхийн тулд  нам эвсэлтэй зөвшилцдөг. Ингэж  чадахгүй бол нийт намуудад санал тавина” гэж заасан.  Гэтэл өнөөдөр аль нэг намд санал тавихгүйгээр шууд нийт намуудад санал тавьж байгаа асуудал  гарлаа. 

Энэ утгаараа Ч.Сайханбилэгийг дэмжих эсэхээ эвслээрээ хуралдаж шийднэ гэдгээ хэлсэн.

Энэ нь УИХ-ын дарга З.Энхболд  Үндсэн хуулиа өөрийнхөөрөө ойлгосон, дур мэдэн шийдвэр  гаргаж байгаа  хэрэг болоод байна.  АН бүлгээрээ Ерөнхий сайдаа тодруулж онигоо шиг юм боллоо. Хуулиараа бол нам, эвсэл зөвшилцөхөөр заасан.

Энэ утгаараа Ч.Сайханбилэгийг дэмжих эсэхээ эвслээрээ хуралдаж шийднэ гэдгээ хэлсэн. Надад байгаа мэдээллээр төрийн ордонд маргааш /өнөөдөр/ эвслийн удирдах зөвлөл хуралдаж,  шийдвэрээ нэгтгэнэ.

-Тэгэхээр Ч.Сайханбилэгийг дэмжих эсэх эцсийн шийдвэрийг эвслийн удирдах зөвлөл гаргах  болж таарч байна уу?

Хуулиараа өнөөдрийн(өчигдрийн)  хурлаар манай бүлэг  байр сууриа  илэрхийлэх ямар ч боломжгүй.Өөрөөр хэлбэл бүлгийн хурлаар шийдвэр гарахгүй. Эвсэл хуралдаж байж АН-аас ирсэн  бичигт хариу өгнө. АН-аас ирсэн бичиг ч “Шударга ёс” эвслийн бүлэгт биш эвсэлд хандсан байна лээ. Тэгэхээр маргааш(өнөөдөр) эцсийн шийдвэр гарна гэж бодож байна.

-Эвслийн удирдах зөвлөл хэдэн хүний бүрэлдэхүүнтэй вэ?

Сонгуулийн үр дүнд МАХН, МҮАН-тай 70:30 харьцаатай эвсэл байгуулсан. Удирдах зөвлөлийн  21 гишүүн хуралдаж шийдвэр гаргана.

-АН-ын дарга З.Энхболд Ч.Сайханбилэгийг намын бүлгүүдээр дэмжүүлэх ажлыг хийнэ  гэснээс харахад  нэр дэвшигчийг намын бүлгүүд  дэмжинэ гэсэн итгэлтэй байгааг харуулах шиг санагдсан. Ингэж итгэлтэй байгаа нь шинэ  Засгийн газрыг бүрдүүлэхдээ сандал суудал амлах замаар зөвшилцсөн гэж хардахад хүргэж байна л даа?

УИХ-ын дарга ингэж хэлсэн бол асуудалд их санаа зовж байна гэж ойлгож байна.  Монголын  төр хүнд байдалд орсон.  Яагаад гэхээр  шүүх, хууль тогтоох, гүйцэтгэх гэсэн засаглалын гурван хэлбэр бий.  Үндсэн хуулийн 40-д  Гүйцэтгэх  засаглалын тэргүүн огцорвол Засгийн газар бүхэлдээ огцорсон гэж үзнэ.

Ерөнхий сайдыг намын бүлэг дэмжинэ гэсэн зайлшгүй  шаардлага байхгүй.

Ингээд дараагийн Ерөнхий сайд томилогдох хүртэл хуучин Гүйцэтгэх засаглал чиг үүргээ  хэрэгжүүлнэ гэж заасан. Харамсалтай нь   сая Ерөнхий сайд огцронгуут  түүнтэй  хамт огцорсон Шадар сайдыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Энэ нь УИХ-аар Үндсэн хуулийн зөрчил үүсч, төрийн тасралтгүй байх зарчим алдагдсан. УИХ-ын дарга энэ асуудлыг   Байнгын хорооны алдаа мэтээр ярьж байна лээ. Уг нь УИХ-ын дарга гэдэг УИХ-ын чуулганы хуралдааныг зохион байгуулах, удирдах  чиг үүрэгтэй, бидний нэг хэсэг. 

Хэрэв Ерөнхий сайд хүндэтгэн үзэх шалтгаанаар ажлаа цааш үргэлжлүүлэх боломжгүй байсан  бол УИХ-ын  нийт гишүүдээс санал авах ёстой. Гэтэл өнөөдөр Гүйцэтгэх засаглал тэргүүнгүй нэлээн хэд хоночихлоо. Шадар  сайдад тамгаа хүлээн авсан нь хуулийн зөрчилтэй  учраас Засгийн газрын хуралдаан явагдаагүй. Энэ бол том алдаа. Ийм нөхцөлд дараагийн Ерөнхий сайдыг яаралтай томилох  шаардлагатай.  

Тиймээс “Шударга ёс” эвслийн бүлгээс  хэн байх нь хамаагүй. Гүйцэтгэх засаглалыг нэн даруй тэргүүнтэй болгож, зөрчлийн нэг хэсгийг ч гэсэн засаад явахыг хүсч байгаа. Бодит үр дагавар нь  Гүйцэтгэх засаглал эзэнгүйдэж, гацаанд орчихоод байна.  Эрх мэдлийн хуваарилалтад гацаа үүслээ. Энэ утгаараа Монгол төрийн дархлааг бодож асуудлыг хурдан шийдэх үүрэгтэй. Ерөнхийлөгч  ч энэ үүргээ биелүүлэх ёстой.

-Ерөнхий сайдаа хурдан томилох ёстой гэж ярих мөртлөө өнөөдөр “Шударга ёс” эвслийн бүлэг шийдвэрт хүрээгүй л байна шүү дээ.  Өөрсдөө хугацаа аваад байгаа юм бишүү?

Ерөнхий сайдыг намын бүлэг дэмжинэ гэсэн зайлшгүй  шаардлага байхгүй. Тухайн намын  үзэмжийнх нь асуудал. Хуулинд намын бүлэг гэж үг байхгүй. Тэгэхээр нэр дэвшигчийг нам дэмжихэд л хангалттай. Үндсэн хуулийн 33-т энэ тухай заасан талаар би түрүүн дурдсан. Бүлгээр  Ч.Сайханбилэгийг  дэмжих, дэмжихгүй нь чухал биш.

Үндсэн хуулийг л биелүүлэх  хэрэгтэй. Бүлэг бол эвслийн байр суурийг илэрхийлнэ. Жишээ нь нам дээр гарсан  шийдвэрийг АН-ын бүлэг унагаасан бол яах байсан юм. Өнөөдөр азаар ийм зүйл болсонгүй. Намын бүлэг ямар эрхтэй талаар хуульд тодорхой заасан. УИХ-ын дотоод  бүтэц,  Засгийн газар байгуулах хоёр хоорондоо ялгаатай гэдгийг л ойлгомоор байна.

-Өнөөдөр л гэхэд АН-ын бүлгийн 29 гишүүний 10 нь  Ч.Сайханбилэгийг дэмжээгүй, зургаан гишүүн хуралдаа суугаагүй. Харин МАН нэр дэвшигчийг дэмжих эсэх нь тодорхойгүй байна. Нөхцөл байдал  яаж ч эргэж магадгүй байгаа учраас АН-ын дарга нам, эвслүүдтэй  нэр дэвшигчээ дэмжүүлэх тохироог хийх гээд яваад байна уу гэж харагдаж байна?

Тийм биш. Жишээ нь “Шударга ёс” эвсэл МАН-тай нийлвэл нийт суудал 38 болно. “Яагаад 38 болдог юм, Д.Арвин АН-д орчихсон учраас МАН 26 суудалтай шүү дээ” гэж та нар хэлэх байх.  Гэтэл  Үндсэн хуулинд  заасан  сонгуулийн үр дүнгээр  МАН 27 суудалтай.

Манайх бол сонгуулийн үр дүнгээр 11 байсан. Дараа нь хэд болох нь хамаагүй. Сонгуулийн  үр дүнд гэдэг үгийн учир нь энэ. Тэгэхээр  аль намаас Ерөнхий сайд гаргах асуудлаар л зөвшилцөнө гэсэн үг. Хэн байх нь гол асуудал биш. Ч.Сайханбилэг гэдэг хүн дэмжигдвэл тэр л биз, дэмжигдэхгүй бол тэр л биз. УИХ-ын гишүүд мэдлэг боловсрол,  чадвар, туршлагыг нь үнэлээд кноп  дарах асуудал.

-Дэмжигдэх магадлал хэдэн хувьтай гэж харж байна?

Гишүүдийн саналыг би урьдчилж хэлж чадахгүй. Намууд зөвшилцсөн тохиолдолд дэмжээд явах нь тодорхой байх. Өнөөдөр Үндсэн хуулийг өөрчилнө гэж гишүүд их ярьдаг болж. Үнэндээ Үндсэн хууль муудчихсан юм байхгүй.

Харин ч Монгол төрийн дархлааг  бий болгож байгаа. Үндсэн хуулийн эрхзүй бол бие даасан  шинжлэх ухаан. Тиймээс Үндсэн хуулийг мэргэжлийн хүмүүсээр зөв тайлбарлуулж явахгүй бол төр   хямрал  руу орох гээд байна. Бид нэг л дүрэмтэй, тэр нь хууль. Бидний үндсэн дүрэм бол Үндсэн хууль.

-Өнөөдрийн бүлгийн хуралд Засгийн газрыг хэрхэн бүрдүүлэх талаар огт яриагүй юу. Та бүхэнд сандал суудал амласан гэдэг хардлага байна?

Эхлээд Ерөнхий сайдын асуудлаа шийдэх учраас энэ талаар ярихад эрт байна. Ерөнхий сайд албан ёсоор баталгаажиж байж танхимаа бүрдүүлнэ. Үүнд хэн ч хөндлөнгөөс шахалт үзүүлэх боломжгүй.  Засгийн газрын талаар одоо ярих нь хуулиараа хориотой.