О.Баасанхүү: МАХН, АН-ын байгуулсан гэрээ хүчин төгөлдөр хэвээрээ байгаа
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2014.11.12

О.Баасанхүү: МАХН, АН-ын байгуулсан гэрээ хүчин төгөлдөр хэвээрээ байгаа

АН-ын ҮЗХ-ны хуралдаан болж, МАХН, АН-ын хооронд байгуулсан 2024 он хүртэл хамтран ажиллах гэрээг хүчингүй болгох шийдвэр гаргасан. Хамтран байгуулсан гэрээг АН-ын ҮЗХ хүчингүй болгох хууль, эрх зүйн үндэслэлтэй эсэхийг УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс тодрууллаа.  

-Хоёр намын байгуулсан гэрээг АН-ын ҮЗХ-ны хуралдаанаар хүчингүй болгосон. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?  

Гэрээнд хүчингүй болгох, хүчинтэй байх гэсэн хоёр үндэслэл байгаа. Хоёр намын дарга гарын үсэг зурахаас гадна тамга дарсан бол хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ гэсэн үг. Хамтарсан гэрээ байгуулах ажлыг хоёр жилийн өмнө ярьж эхэлсэн. УИХ-ын дэд дарга Л.Цог энэ гэрээнд өөрчлөлт оруулна гээд тухайн үедээ авч нягталж байлаа.

Одоо болохоор Л.Цог дарга “Хэзээ ямар гэрээ байгуулсан юм бэ” гээд гайхаад байгаа шүү дээ. Энэ гэрээг байгуулахад манай намаас Д.Тэрбишдагва, АН-аас Ч.Сайханбилэг оролцож байсан.Тухайн үед З.Энхболд дарга гэрээний төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Гэтэл хоёр намын хамтран ажиллах гэрээг Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нар хэнд ч мэдэгдэхгүйгээр байгуулсан юм шиг яриа гарч байна. Тийм зүйл байхгүй.

АН-ын бүлгийн хуралдаанаар ч энэ гэрээний талаар ярилцаад дэмжсэн гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан надад хэлсэн. АН-ыг их хариуцлагатай нам гэж ойлгож байгаа. Тэгэхээр сүүлийн хоёр жил ярьсан гэрээг хотын дарга Э.Бат- Үүл мэдээгүй байна гэж баймааргүй юм.

Манай намын хувьд АН-тай байгуулсан гэрээг гүйцэтгэх товчоо, бага чуулганаар хэлэлцүүлж байж шийдвэр гаргасан учраас гэрээ хүчинтэй хэвээрээ байгаа.

АН-ынхан дагах хүсэлтэй байна уу, үгүй юү гэдэг нь тэдний хэрэг. Гэрээг дагамааргүй байгаа үйлдлээ хүчингүй болгосон гэж андуурч байгаад гайхаж байна.

Хоёр нам хамтран ажиллана гэдгээ тамга тэмдэг, гарын үсгээрээ баталгаажуулсан. Дээр нь АН-ын нөлөө бүхий албан тушаалтнууд гэрээтэй танилцсан. Тэгээд яагаад үзээгүй, хараагүй мэт аашлаад байгаа юм.  

АН-ынхан дагах хүсэлтэй байна уу, үгүй юү гэдэг нь тэдний хэрэг. 
-АН-ынхан “Гэрээг хүчингүй” гээд танай нам “Хүчин төгөлдөр байгаа” гэсэн тайлбар хийж байна. Гэрээ тойрсон маргаан үүсвэл яах вэ?

-Хэрвээ хоёр намын байгуулсан гэрээний талаар маргаан үүсэх юм бол шүүхээр асуудлыг нэг тийш нь шийднэ. Улс төрийн хуйвалдааныг Төрийн ордонд чимээгүй хийснээс сонгуульд хамтарч оролцохоор болсон гэдгээ иргэддээ нээлттэй зарласан нь дээр. АН-ынхан ил тод зарлах хүсэлгүй байгаа бололтой.

АН-ын дарга нууцаар тамга, тэмдгээ авчраад гэрээнд гарын үсэг зураагүй учраас энэ гэрээ хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. “Энэ гэрээг хүчингүй болголоо” гэж зарлаад болчихдог юм биш. Гэрээг дагахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлж байна. Хоёр тал сууж байгаад нэгдсэн шийдвэр гаргавал байж болох юм.

Гэрээнд заасанчлан хүчингүй болгох үндэслэлүүд бий. Түүнийг харгалзан үзэх ёстой. Түүнээс биш АН-ынхан хууль бус, хүчингүй болголоо гэснээр бүх зүйлийг шийдэхгүй. Хоёр, гурван заалтад АН-ынхан эмзэглээд байна.

Уг нь тийм ч буруу заалт биш. Засагт хамтрах шийдвэр гаргавал тойргуудад хамтарч ажиллах, мөрийн хөтөлбөрөө хоорондоо ярилцаж болно шүү дээ.