МАХН-ын байранд их хаадын хөргийг заллаа
МАХН Улс тунхагласны 90 жилийн ойн хүрээнд олон ажлыг зохион байгуулж байна. Түүний эхлэл болгож өнөөдөр буюу 11 дүгээр сарын 24-нд МАХН-ын төв байранд Алтан ургийн 36, Алтан ургийн бус нэг, нийт 37 хааны хөрөг залах ёслолыг зохион байгууллаа.
Ёслолын арга хэмжээнд Г.Шийлэгдамба тэргүүтэй МАХН-ын нарийн бичгийн дарга нар, УИХ, Засгийн газрын гишүүд болон “Төрт ёс, хаадын сан”-гийн хамт олон оролцов.
“Төрт ёс, хаадын сан”-гийн хамт олон хаадын дүр төрхийг судлах, улмаар хөрөг зургийг бүтээх ажлыг урт хугацааны судалгааны үндсэн дээр хийж гүйцэтгэжээ. Монгол хаадын түүх бол эх орон, тусгаар тогтнол, төрт ёсны үндэс учраас тусгаар тогтнол, шударга ёсыг эрхэмлэсэн газар байрлуулах нь зүйтэй гэж тус сангийнхан үзсэн байна. Тиймээс тэд МАХН-ын байранд эл хөрөг зургуудыг байрлуулахаар сонгожээ.
Энэ үеэр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба “Бид монголын түүхэнд өндөр дээд байр суурийг эзэлдэг хаадын үүх түүхийг нарийн судалж, хүндэтгэлтэй хандах нь зүй ёсны хэрэг. Монголын их хаадын түүхийг судалж, таньж мэдэх нь монгол төрийн түүхэн улбааг сэргээх, түүний мөн чанар, залгамж чанарыг орчин цагийн төрийн бодлогод хадгалж үлдэх, ингэснээр монгол төрийн алтан аргамж бат бөх орших өндөр ач холбогдолтой.
Тиймээс төр түшилцэж яваа намын хувьд МАХН-ын төв байранд их хаадын хөргийг залж байгаа нь монгол төрийн бэлгэдэл, мөн шударга ёс, тусгаар тогтнолын үнэ цэнийг санаж сэрэх талаасаа чухал арга хэмжээ болж байна” гэдгийг онцлож байв.
МАХН-ын зүгээс Улс тунхагласны 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулах дараагийн ажил нь онол практикын бага хурал аж. Тус хурал маргааш буюу 11 дүгээр сарын 25-ны 10 цагаас Бишрэлт зочид буудлын хурлын танимд болно. Хурлаар Социал демократ үзэл баримтлал ба МАХН, Үндсэн хуулиар баталгаажсан Бүгд найрамдах засаглал ба МАХН, Нийгэм эдийн засгийн байдал төвлөрсөн төлөвлөгөөт эзийн засгийн 5 жилийн төлөвлөгөө ба МАХН, Дүр эсгэсэн ардчиллаас жинхэнэ ардчилал руу ба МАХН зэрэг сэдвийг хөндөх аж.