Монголын нийгэм ямар харгис болчихсон юм бэ гэж бодож сууна
УИХ-ын гишүүн Д. Тэрбишдагва
2015.06.04

Монголын нийгэм ямар харгис болчихсон юм бэ гэж бодож сууна

УИХ-ын гишүүн Д. Тэрбишдагватай ярилцлаа.

-Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх О.Чулуунбатыг та эргэж очоод хамт авахуулсан зургаа олон нийтийн сүлжээнд тавьсан. Үүнээс болж таныг хүн чанаргүй, өвчтэй нөхрийгөө ашиглаж өөрийгөө сурталчиллаа гэх мэтээр шүүмжилж байна...

Амралтын өдрүүдтэй залгуулаад хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болсон. Тиймээс энэ өдрүүдэд Япон, Солонгост байгаа журмын хоёр нөхөртэйгээ уулзаад ирлээ. О.Чулуунбат маань Японд хүнд мэс засалд ороод эмчилгээ хийлгэж байна. Хагалгаанд орохоосоо өмнө хоёр, гурван удаа хүчтэй химийн эмчилгээ хийлгэсэн. Өөрөө утсаар ярих чадваргүй байсан учраас эхнэртэй нь холбогдож байгаад очиж уулзсанл даа.

Нэгэн зорилгын төлөө зүтгэж яваа анд минь ийм болчихоод байхад хүн ёсны үүднээс очиж уулзах ёстой. Тийм учраас яваад ирлээ. Үнэхээр хүнд мэс засал хийлгэсэн байна. Тиймээс О.Чулуунбатыгаа хурдан эдгээсэй гээд залбираад сууж байна даа. Бид хоёрыг уулзах үеэр авсан зурагнуудаас заримыг нь олон нийтийн сүлжээнд тавьчихсан.

Гэтэл хүмүүс элдвээр л хэлж байна. Миний хувьд найзынхаа зовлонгоор жаргал хийе гэдэг хар санаа тээгээгүй ээ. Нөхрөө хараад үнэхээр өрөвдсөн. Тийм учраас төр засагт ажиллаж байгаа хүмүүс, найз нөхөд нь түүнийг ийм хүнд байдлыг давж туулжээ гэдгийг нь хараасай л гэж бодсон хэрэг.

Түүнээс биш өвчтэй байгаа хүнийг ашиглаж шоу хийх нь надад ямар хэрэг байна гэж. Өөрөөс нь зөвшөөрөл авсны үндсэн дээр зургийг нь нийтэд дэлгэсэн. Манай Чука өөрөө нээлттэй, ардчилсан үзэлтэй хүн шүү дээ.

-Хүний хувийн нууц байх. Гэхдээ өвчнийх нь онош юу юм бол?

Ер нь бол нэг төрлийн хавдар. Монголд оношлогдоод эмчлэх боломжгүй гэсэн учраас эцсийн найдвар гэж Японыг зорьсон юм билээ. Уг нь дурангийн хагалгаа хийнэ гэж байсан ч боломжгүй болсон учраас нээлттэй мэс засалд орсон. Биеийнхээ гурав, дөрвөн газарт хагалуулж, маш хүнд хагалгаа хийлгэсэн.

Нарийн ширийн зүйлүүдийг нь яримааргүй байна. Энэ чинь хувь хүний нууц шүү дээ. Одоогийн байдлаар биеийн байдал нь тийм ч сайн биш. Гэхдээ япон эмч нарын ачаар ямар ч байсан мэс засал нь амжилттай болсон. Эдгэх магадлал нь өндөр гэдэг хариу сонсоод их сэтгэл өөдрөг, эдгэнэ гэсэн бүрэн итгэлтэй байна лээ.

Бид ч түүнийг хурдан эдгээд эх орондоо ирж удахгүй ажлаа хийнэ гэдэгт нь эргэлзэхгүй байна.

Харин нэг л зүйлд үнэхээр гол гонсойж байна. Өвчтэй байгаа нэгэндээ монголчууд ямар муухай хандана вэ. Хамт авахуулсан зургаа тавьсан биш найзыгаа элдвээр доромжлуулж, хараалгаж зүхүүлсэндээ өөрийгөө буруутгаж сууна. Үнэхээр эмзэглэж байна. Би уг нь буруу санаж тэр зургийг тавиагүй юм шүү.

О.Чулуунбат гэдэг хүн Монголын банк санхүүгийн салбарт ямар их хувь нэмэр оруулсан билээ. Би хувьдаа түүнийг Монголын номер нэг банкир гэж боддог. Үнэхээр тэр бол Монголд хэрэгтэй толгой. Эдийн засгийн мэдлэг, анализ дүгнэлт хийж байгаа чадвар зэрэг нь үнэхээр сайн. Гэтэл энэ хүн ийм маягтай байна гэдгийг л аминдаа харуулах гэсэн хэрэг. “Өөрийн чинь энэ байдлыг ард түмэн хараг” гэж хэлээд зургийг нь тавьсан юм. Ядаж л түүнд ард түмэн урмын үг хайрлах болов уу, сэтгэлийн дэм өгөх болов уу.

Эрч хүч нэмэх болов уу л гэж бодсон юм. Тэгтэл эсрэгээрээ түүнийг элдвээр доромжилчихлоо. Нийгэм ямар харгис болчихсон юм бэ гэдэг л эндээс харагдаж байна. Мэдээж сэтгэлийн дэм хайрлаж байгаа сайхан сэтгэлтэй хүмүүс байсан. Харамсалтай нь багагүй хэсэг нь элдвээр хэлсэн байна. Яаж ч бодсон нэг нөхрийнх нь бие муу байхад элдвээр хэлэх ухаан монгол хүнд байна гэж бодохоор харамсалтай байна.

Бидний нэг журмын анд ийм хүнд эмчилгээ хийлгэж байна гээд зургийг нь тавихад юу нь буруу гэж. Үүнийг л ойлгохгүй байна. Энэ бүхнээс дүгнэхэд бидэн рүү зориуд дайрах компанит ажил эхэлчихсэн юм байна л гэж ойлгоход хүрч байна. Ер нь ядарсан нэгнээ дэмждэг, зовох үед нь хань болж түшдэг монголчуудын сайхан сэтгэл өдөр ирэх тусам холдсоор байна аа.

Миний хувьд багаасаа өнчин өрөөсөн өссөн учраас үргэлж бусдад тусалж, сэтгэлийн дэм өгч явах юмсан л гэж боддог. Ийм л сэтгэлээр найзыгаа эргээд ирсэн Дээ. Хүнийг өвчтэй зовлонтой байх үед нь доромжлоод-хэрэггүй дээ. Тэр хүнд дургүй байдаг юм аа гэхэд дуугүй л өнгөрөхөд болно биз дээ.

-О.Чулуунбат зөвлөх өөрөө юм ярьж байна уу?

Өөрөө муу ярьж байгаа. Удахгүй эдгээд Монголдоо очно гэдэг итгэлээр дүүрэн байна лээ.

-Та Н.Энхбаяр даргатай уулзсан гэв үү. Юу ярив?

Олон л зүйлийг ярьсан. Бид хоёр уулзаагүй удсан юм билээ. Тиймээс ярих сэдэв мундахгүй шүү дээ. Гэхдээ Н.Энхбаяр дарга удаан ярихаар ядраад хэцүү л байдалтай байна. Монголдоо очиж эрүүл агаарт биеэ тэнхрүүлмээр байна л гэж ярьж байна лээ.

-Та хоёрын хооронд ан цав гарсан тухай яриа нэлээд дэгдсэн дээ...

Ажлаас болж улстөрчид аль санал зөрөлдөхийг тэр гэхэв. Гэхдээ бид хоёрын дунд тангараг тасартлаа муудалцсан хөндийрсөн зүйл байгаагүйээ. МАХН-ындарга, дэд дарга хоёрын хооронд ан цав гарах ёсгүй. Зургадугаар сарын 1-нд түүний төрсөн өдөр болдог. Энэ үеэр нь түүнтэй очиж уулзлаа.

-Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээг Монголд ашиггүйгээр хийлээ гэж танай эвслийн бүлэг шүүмжлээд эхэллээ. 14 хоногийн дотор асуудлыг шийд гэсэн шаардлага тавьж байх шиг байна. Энэ хугацаанд шийдэхгүй бол танайх засгаас гарах юм уу?

Миний хувьд засгийг тогтвортой байлгахыг илүүд үздэг хүн. Үнэндээ сүүлийн жилүүдэд Монгол төрийн засаглалын нас 1.5 жил байдаг боллоо шүү дээ. Ийм байхад Монгол Улс яаж хөгжих юм. Засгийн газар тогтвортой ажиллаж байж, бодлого шийдвэрүүд нь үр өгөөжөө өгнө гэж боддог. Манай бүлгээс энэ асуудлаа анхаараачээ гэдэг санал тавьж байна. Анхаарна биз.

Юу юугүй засгаас гарах тухай ярихаасаа илүү бидний тооцоотой дүгнэлтийг хүлээн авч харж үзээч ээ. Гаргасан шийдвэрээ эргэж хараач ээ гэдэг санал тавьж байна. Алдаатай буруу шийдвэрийг засуулахын төлөө явах нь төрд сонгогдсон бидний үүрэг юм шүү дээ. Шууд бие биеэ огцруулна, халж солино гэхээсээ илүү хоорондоо ярилцаад буруу зөвөө тунгаах л учиртай.

-Ерөнхий сайдыг огцруулах бичигт 17 хүн- гарын үсэг зурсан гэдэг мэдээлэл яваад байна. Танай бүлгийнхэн гарын үсэг зурсан гэв үү?

Миний авсан мэдээллээр Л.Цог, Г.Уянга, О.Баасанхүү нарын гишүүд гарын үсэг зурсан гэсэн.

-Ч.Улаан гишүүн та хоёр зураагүй юм уу?

Одоогоор тийм бичигт гарын үсэг зурсан юм алга.