Эргээд харахад улстөрчийн хувьд үг яриа маань нэлээн цэгцэрсэн нь анзаарагддаг
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ
2015.06.11

Эргээд харахад улстөрчийн хувьд үг яриа маань нэлээн цэгцэрсэн нь анзаарагддаг

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдал олигтой дээрдэхгүй байгаатай холбогдон зарим газрууд цалингаа ч тавьж чадахгүй хүнд байдалтай байна. Та бусад гишүүдийг бодвол иргэдтэй их ойр ажиллаж, амьдардаг гэдэг утгаараа асуудлыг илүү мэдэрч байгаа болов уу?

Жил бүрийн төсвийг хэлэлцэн баталсны дараа, оны эхний сард цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжүүд олгогдохгүй, бараа, үйлчилгээ үзүүлсний төлбөр тооцоо хийгдэхгүй байна гэх зэрэг асуудал гардаг байсан. Энэ нь өмнөх оны тайлан болон аливаа орлого, зарлагын гүйлгээ шилжигдэж амждаггүйтэй холбоотойгоор нэгдүгээр сарын 15-ныг хүртэл хүлээлт үүсгэдэг байлаа.

Харин энэ жилийн хувьд улстөрийн шалтгаантайгаар, засаг, төр дахин эмхлэгдэн зохион байгуулагдсан, намуудын харилцан зөвшилцөл үр дүнд хүрэхгүй байгаа зэргээс үүдэлтэйгээр хөрөнгө санхүүтэй холбоотой бүхий л асуудал хүлээгдэж байна. Өнөөгийн нөхцөл байдал үнэхээр хүнд байна. 

Хэдийгээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр Оюутолгой, Тавантолгойгоор мэтгэлцэж, цаг алдсаар байна. Нарантуул, Бөмбөгөр гээд томоохон захуудын лангуу түрээслэгчид алдагдалтай ажиллаж байгаагаас шалтгаалан түрээсээ ч төлэ дийлэхгүй шахан лангуунуудаа буцааж өгч байна.

Ер нь бизнесийн байгууллагууд ашгаа тооцож гаргасны дараах байдал учраас иргэдэд хэцүүхэн л байх шиг байна. Өмнө нь иргэд яаж ийгээд зохицуулаад болоод байдаг байсан. Энэ удаа худалдан авах чадвар эрс муудчихлаа. Энэ бол эдийн засаг тогтворгүй байтугай бүр сульдчихсан, валютын ханш бидний хүссэн хэмжээнд хүртэл буухгүй, үнийн хөөрөгдөл тэнгэрт гарчихсантай л холбоотой. 

Тэр ч байтугай захын гэр хорооллын дэлгүүрүүдээр өрийн сүлжээ үүсчихсэн байна. Иргэний үнэмлэх, тэтгэврийн дэвтрээ дэлгүүр барьцаалж, хоол хүнсээ залгуулж байна. Үүнийг дагаад жижиг бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхэн, түрээслэгчид түрээсийн өрөнд орж, зээлээ төлж чадахгүй ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байна.

Нэгэнт бизнес нь цааш үргэлжлэх боломжгүй, үйлчлүүлэгч нар нь бэлэн мөнгөний худалдаа хийхгүй, төгрөгөөр үйлчлүүлэхгүй болохоор тухайн хүн түрээсээ төлөх боломжгүй болж байна. Энэ мэтээр цайны газар, үсчин, дугуй засвар, авто угаалга, хүнсний дэлгүүрүүд олноороо хаагдлаа. 

-Ажилгүйчүүдийн эгнээ хүрээгээ тэлсээр байна. Ялангуяа хэвлэл мэдээллийн салбарт олон сонин хаалгаа барьж сэтгүүлчдээ тарааж байна. Байдал сайжрах төлөв харагдана уу? 

Уг нь энэ хүмүүс маань өөр, өөрсдийнхөө амьдралыг аваад явчихдаг, өөртөө ажлын байр бий болгочихсон байсан юм шүү дээ. Тэгэхээр улстөрчид нэмэр болохгүй хэрнээ нэрмээс болж, эдийн засгийн хямрал руу хөтөлж оруулсны гайгаар тэд амьдрах баталгаагүй болж эхэллээ.

Бид хэмнэнэ, бүсээ чангална гээд л байгаа. Үнэндээ монголчууд бүсээ чангалаад, банк, барьцаалан зээлдүүлэх газраас эхлээд хүнс, барааны дэлгүүрт хүртэл өртэй болчихсон, товчхондоо хэцүүдэх нь. Энэ жилдээ байдал сайжрахгүй бололтой. 

-Энэ хүнд байдлаас хэрхэн гарах вэ. Уг нь эвлэлдэн нэгдэж байгаад эдийн засгаа өндийлгөөд, босгоод ирнэ гэж Засгийн газраа хамтран байгуулсан биз дээ? 

Хамгийн гол арга зам нь эв нэгдэл, хамтын ажиллагаа. Өөрөөр хэлбэл их эвслийн, шийдлийн гээд янз бүрээр тодорхойлон Засгийн газраа байгуулсан бол оролцогч, бүх нам, улстөрчид аливаад хариуцлагатай хандах ёстой. Угаасаа ард түмнээ ядууруулъя гэдэг бодлоготой нэг ч нам байхгүй. Жишээлбэл манай намын тухайд л гэхэд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Чинээлэг амьдралтай дундаж давхаргыг бий болгоё” гэж дэвшүүлж байсан.

Тиймээс өөр өөрсдийн мөрийн хөтөлбөртөө тусгасан ард иргэдийн сайн, сайхан амьдралын төлөө нам болоод амин хувийн эрх ашгаа хойш тавиад урагшлах хэрэгтэй шүү дээ.Тэгэхгүйгээр ам, ажил хоёр нь алд, дэлэм зөрөөд яваад байж болохгүй. Улстөрийн тодорхой нөхцөл, шаардлага, болзлууд тавьчихаад, тэр нь шийдэлд хүрэхгүй болохоор гацаа үүсгээд байна. Үүнийгээ л больчих хэрэгтэй. 

-Өнөөгийн парламентад жилийн л хугацаа үлдэж байна. Тухайлбал танай нам, эвсэл үлдсэн хугацаанд мөрийн хөтөлбөртөө тусгасан “Чинээлэг амьдралтай дундаж давхаргыг бий болгох” сайхан үгээ биелүүлэх боломж байна уу. Дундаж давхаргынхан өөдлөх бус бүр уруудчихлаа шүү дээ?

Уг нь Засгийн газраас иргэдийг амьжиргааны түвшнээр нь бүлэг болгон хувааж, тухайн зорилтот бүлэгтээ чиглэсэн нийгмийн халамжийн бодлогыг барина гэсэн шийдвэр гарсан. Би тухайн үед нь анхааруулж хэлсэн. Өөрөөр хэлбэл, зорилтот бүлэг гэдгээ яаж тодорхойлсон юм бэ. Өнөөдөр орон гэртэй, машинтай өрхийн амьдралын түвшинг хэрхэн тодорхойлсон бэ гэдийг асууж байсан. Учир нь ийм өрхүүдэд нийгмийн халамжийн бодлого үйлчлэхгүй гэвэл өрөөсгөл ойлголт болчихно.

Тухайн хүн тансаг хэрэглээндээ бус зүгээр л амьдралын нөхцөл, шаардлагаар цлиндрийн багтаамж багатай машин лизингээр эсвэл өөр ямар нэгэн зээлээр авч унаж байгаа. Машин бол хэрэгцээ хангадаг хэрэглээ болчихоод байгааг хэн ч ойлгоно. Гэтэл цалингаасаа зээлээ төлнө, үлдсэнийг нь ахуйдаа хүргэх гэж чармайж байгаа тэр өрх нийгмийн халамжаас хасагдах ёстой юу.

Зарим хүн заавал өр тавьж машин авах шаардлага юу байна гэдэг юм. Үнэндээ манай өнөөдрийн нөхцөл байдал хэцүү шүү дээ. Сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муу. Ажлын байртайгаа ойрхон газар хүүхдүүдээ сургаж, хүмүүжүүлж байна. Үүний тулд гарцаагүй машин хэрэгтэй болж байгаа өрх өчнөөн олон бий.

Энэ болгоныг бодолцож үзэх ёстой. Тиймээс тухайн өрхийг үзэмжээр бус бодит байдлаар нь үнэлэмж тогтоосон шалгуурыг хэр хангасан бэ гэдгийг би асууж байсан. Одоо бол дундаж давхаргынхан өөрийн тань хэлснээр доошоо унахад бэлэн болсон. 

Манай намын хувьд мөрийн хөтөлбөрөө дэвшүүлэн тавьж байгаа ч төдийлөн амжилттай хэрэгжиж чадахгүй байна. Эвсэл маань 11 гишүүнтэй байснаас нэг нь АН-д орсон. Тэгэхээр бидний хувьд 76-гийн 10 гишүүн гэдэг байнгын хороодод л гэхэд заримд нь байхгүй шүү дээ. Тиймээс эвслийн бодлого хэрэгжих нөхцөл боломж бага байна. 

Засаг, төрд хамтарна гэдэг мэдээж нийгмийн сайн, сайхны тусын тулд гэхээр ард иргэд, хүний хөгжил рүүгээ чиглэсэн мөрийн хөтөлбөрүүдээ хэрэгжүүлнэ гэсэн үг. Үүний тулд алдаатай бодлогоо засаад, онож байгааг нь дэмжиж, дэмнээд явах учиртай. Тэгж байж л тодорхой хэмжээнд амжилтад хүрнэ. 

Яг үнэндээ сүүлийн 20 жилийг харахад хэт их улстөржилт давамгайлсан нь талцал, хуваагдлыг бий болгож, бүтэмжтэй байгаад нь саад тотгор хийн унагаж, нураасаар ирсэн. Энэ нь өнгөн дээрээ иргэдийн төлөө гэж байгаа ч үнэн хэрэгтээ эсрэг үйлдэл, үйл ажиллагаа явуулдаг. Тиймдээ л хөгжихгүй, улам бүр ухраад байгаа. 

-Гэхдээ одоо бол харьцангуй зөв гольдиролдоо орж магадгүй гэсэн хандлага бий болж байх шиг. Өнгөрсөн хавар өргөн баригдсан Хариуцлагын тухай хуулийн төсөлд УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах зэргээр заасан байсан. Тэгэхээр асуудалд хаа, хаана аа ул суурьтай хандаж эхлэх байх?

Ерөнхийлөгч УИХ-ын хаалттай хуралдаан дээр үг хэлж байх үед би нэг зүйлийг бодож байсан. 

-Юун тухай?

Ганц хүн улс эх орныхоо төлөө, харин чуулганы танхимд байгаа 76 хүн нь эсрэг ажиллаад байгаа мэт сэтгэгдэл төрөхөөр үг хэлж, нийгэмд тийм дүр зураг үзүүлсэн. Өөрөөр хэлбэл, ганц хун, 76 хар хэрээ улсын үйл ажиллагаанд гар бие оролцож доройтуулж байна ойлгогдохоор байсан. 

-Хариуцлагын талаар чам­байхан шаардлага тавьж эхлэхээр дургүйцэж байгаа юм уу? 

Ерөнхийлөгчийн санаачилсан тэр хуулийн төслийг би хүлээж авна. Зөв зүйтэй зүйл, заалт олон бий. Угаасаа нийгэмд хүлээгдэж байгаа нь ч үнэн. Гэхдээ парламентын 76 гишүүн дунд хариуцлагын тогтолцоог бий болгоосой, системийн гажуудлыг засахсан, тогтолцооны өөрчлөлтийг хийхсэн, Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулаасай, ард иргэд жинхэнэ төлөөллийн ардчилалаар санал өгдөг, булхай луйваргүй байгаасай гэх зэргээр бодож, үүний төлөө хууль тогтоох түвшинд орж ажиллаж байгаа олон хүн бий.

Тэр хүмүүсийн санаачлан боловсруулсан хуулийн төсөл ч зөндөө. Тэдгээр нь Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл шиг шууд хэлэлцэгдээд, автоматаар батлагдаад, хэрэгжих шатанд очиж байгаа эсэхийг анхаарах хэрэгтэй. Үнэхээр бидний боловсруулсан төслүүд Ерөнхийлөгчийнх шиг явдаг бол нөгөө л мөрийн хөтөлбөр, хийж, хэрэгжүүлэх ажилтай шууд уялдаад явах давуу талтай. 

-Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг ногоон гэрлээр явуулаад байна гэсэн үг үү?

Уг нь хууль боловсруулах эрх нь Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд болон Засгийн газарт хадгалагддаг. Гэтэл Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслүүд боловсруулах, батлах үе шатандаа ногоон гэрлээр л яваад байгаа.

Бусад буюу гишүүдийнх, Засгийн газрынх тийм дардан байдаггүй. Унаж, гацаж, маш их цаг алддаг. Тийм байтал Ерөнхийлөгч л ганцаараа улсынхаа төлөө зүтгэж, арга ядахдаа хариуцлагын талаар ярихаас аргагүй болж байгаа мэт сэтгэгдэл, мессежийг нийгэмд төрүүлж болохгүй. Шударга байцгаая л даа. 

-Таны хувьд УИХ-ын гишүүнээр сонгогдоод үндсэндээ гурван жил болох гэж байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд З.Баянсэлэнгэ гэдэг хүн улстөрчийн хувьд хэрхэн өсч хөгжив, ямархуу өөрчлөлт өөрт тань мэдрэгддэг вэ? 

УИХ-ын гишүүн болоод гурав дахь жилдээ ороод явж байна. Одоо эргээд харахад улстөрчийн хувьд үг яриа маань нэлээн цэгцэрсэн нь анзаарагддаг. Мэдээж хүний амьдралын гурван жил гэдэг баяр хөөр, уйтгар гуниг, зовлон, жаргал бүх л зүйл ээлжилнэ шүү дээ. Нэг танхимд тохой залган суугаа энэ олон хашир туршлагатай гишүүдээс сурж мэдэх, анхаарч авах зүйлүүдийг өдөр тутам л ойлгож, мэдэрч өөртөө шингээж явна.

Хамгийн гол нь “Би чинь төр, түмнийхээ өмнө тангараг өргөсөн төрийн түшээ шүү” гэж дотор хүндээ байнга хэлж, төрийн албыг чин шударгаар гүйцэтгэх ёстойгоо өдөр бүр санаж, мэрийж ажилладаг. Ер нь З.Баянсэлэнгэ гэдэг хувь хүний итгэл үнэмшил, үзэл баримтлал, ноён нуруу хугараагүй л гэж бодож байна. Мэдлэг боловсролын хувьд төрийн түшээгийн туршлага, ухаан тэгширч л яваа гэж боддог. 

-Өнгөрсөн хавар МАХН-ын дарга Н.Энхбаяр "Ааруул идэх гэж ирээд АН-ыг бужигнуулчихаад яваад өглөө" гэх яриа хүчтэй өрнөж үндсэндээ Н.Алтанхуяг сайдыг ч унагачихсан. Та хувь улстөрчийнх нь тухайд Н.Энхбаяр даргаа хэрхэн үнэлж дүгнэж явдаг вэ ?

АН, МАН-д лидер байдагтай адилхан манай намд ч гэсэн тодорхой хувь хүн, улстөрийн лидер бий. МАХН-ын лидер бол дотоодод төдийгүй, гадаад улс орнуудад хүлээн зөвшөөрөгдсөн, яах аргагүй томоохон стратегич, улстөрийн алсын хараатай удирдагч мөн. Тэр ч утгаар Н.Энхбаяр даргыг дагаж улстөрийн итгэл үнэмшил, үзэл бодол нэгтэй хүмүүс хамтран нэгдэж энэ намыг сэргээн байгуулсан.

Өнөөдөр ч тэр итгэл үнэмшлээрээ л яваа. Миний хувьд Н.Энхбаяр даргыг туршлагатай улстөрч, тулхтай удирдагчийнх нь хувьд их үнэлж, хүндэлж явдгаа хэнээс ч нуудаггүй. Намын даргынх нь хувьд ч итгэж, найдаж дагаж яваа жирийн гишүүдийнх нь л нэг. Намайг Н.Энхбаяр даргыг ярихаар л “Энэ Баянсэлэнгэ Н.Энхбаярыг үгээ олохгүй магтаж, өмөөрдөг” гэж л байдаг юм.

Намын даргаа гишүүд нь өмөөрч, хамгаалахгүй юм бол өөр хэн тэр хүнийг хамгаалж, хайрлах юм бэ, тийм үү. Одоо жишээ нь АН, МАН-ынхан Н.Энхбаяр даргыг хамгаалж, өмгөөлөхгүй шүү дээ. Манай намын олон мянган жирийн гишүүдийн Н.Энхбаяр даргыг гэсэн сэтгэл, итгэлийг тэр болгон зурагтаар гаргаж, үзүүлж чадахгүй, тийм ээ. Тэгэхээр МАХН-ын идэвхтэй гишүүд, ялангуяа УИХ дахь гишүүд бид байр сууриа илэрхийлээд явах нь байх л ёстой асуудал гэж бодож байна.

Н.Энхбаяр дарга өнгөрсөн хавар ирэхдээ ганц өдөр аятайхан амарч чадаагүй. Улс оронд үүсчихээд байгаа өнөөдрийн нөхцөл байдлыг хөндлөнгөөс хараад сууж тэвчээгүй. Тийм ч учраас зоригтой шийдэл гаргаж, зоримог үйлдэл хийсэн. Харин хэвлэл мэдээллээр хэтэрхий дэгс шуугиад байгаад шиг нэг хүн ирээд л монголын улстөрийг бужигнуулаад, хагаралдуулаад байна гэж юу байх вэ дээ. 

Ганц хоёр хүнээс болоод тарж бутрахдаа тулдаг улстөрийн хүчин, хариугүй хэврэг нам байж болохгүй шүү дээ. Харин эсрэгээрээ Н.Энхбаяр гэдэг хүнийг дахиж мөддөө битгий эргэж ирээсэй, улстөрд дахиж битгий ороосой, МАХН битгий бэхжиж, хүчирхэгжээсэй, өөрсдийнхөө хийгээд байгаа бохир заваан улстөрд битгий хөндөлдөөсэй гэсэндээ тодорхой улстөрийн хүчин, хувь улстөрчид олиггүй цуурхал, үг яриа тарааж байгааг бид мэдэж л байгаа.

Гэхдээ тэдний хүсэж, бодсоноор бүх зүйл шийдэгддэг юм гэж хаана байх вэ дээ. Хэдийгээр Н.Энхбаяр, Н.Алтанхуяг дарга нарын байгуулсан гэрээг элдвээр дайрч давшилсан ч нөгөө талдаа МАНАН-гийн бүлэглэл улам илүү тодорч, хэн нь хэн бэ гэдгийг монголын нийгэм илүү таньж мэдэрлээ шүү дээ. Энэ нь л Н.Энхбаяр даргын бас нэгэн ялалт болсон. Товчхондоо ийм.