Хүмүүст заавал шагнал өгөх ёстой
“Одон гавъяа шагналыг байх ёсгүй үеэ өнгөрөөсөн зүйл, Барууны ертөнцөд ийм юм хэнд ч хэрэггүй хог” гэж хэлсэн улстөрчтэй хурал дээр зад үзэлцэв. Мэтгэлцсэний үр дүнд “нээрээ чиний зөв байж” гэж байх юм. Аяга цайн дээр арав хувирсан этгээд гэж би ахиад голов.
Төрд хүндэтгэлийн дээд, нандин зүйл-одон медаль гавъяа шагнал байх ёстой.Европчуудтай харьцуулахад монгол хүний хэмжүүр өөр билээ. Үнэт зүйл өөр. Монгол хүн хэзээ ч мөнгө, үнэтэй эд хогшил, өндөр хадгаламж гэж явдаггүй. Өөрийнхөө хөдөлмөрөөр бахархах, олон хүүхэдтэй болох нь чухал-энэ бол монгол хүний үнэт зүйлсийн ялгаа.
Европын хүмүүс ондоо. Аль болохоор цөөхөн хүүхэдтэй байх гэнэ. Хүүхдүүд нь насанд хүрсэн л бол тусад нь гаргачихаад чөлөөтэй байхыг эрхэмлэнэ. Тэд нар нь ч бараг л ээж аавыгаа эргэж ирэхдээ авчирсан хүнснийхээ талон биллийг нь авчирч өгдөг гэж ярьдаг. Гэтэл монгол хүний сэтгэл өөр дөө.
Одон медалийг өмөөрөх хоёр шалтгаан надад байна.
Нэгдүгээрт, бид өнөөдөр иргэдэд хангалттай цалин, хичнээн мянган ам.доллар зарим орон шиг өгч чадахгүй. Ахмадуудыг тэтгэвэрт нь гаргахдаа ч хуримтлалтай болгох нөхцөлийг хангаж чадахгүйгээс хойш үүнийг ямар нэг хэмжээгээр нөхөх ёстой. Төрийн шагнал одон бол социализмын үеэс ирсэн гавъяа шагнал. Өмнөх зуунуудад ч бас байдаг л байсан уламжлал. Өгөх ёстойг нь өгч чадахгүй байна. Энэ хүмүүс заавал авах ёстой.
Өнөөдөр Ерөнхийлөгчийг шагнал хавтгайрууллаа гэж шүүмжилцгээдэг л юм. Гэтэл тэр шагнуулж буй хүмүүсийг нь харахад дөчин жил гучин жил улсад ажилласан ариун цагаан мөртэй эмч, багш гээд олон мэргэжлийн хүмүүс байдаг. Энэ хугацаанд хэдэн сая ам.долларын хадгаламжтай болсон бусад орны эмчтэй адилгүй. Яагаад бид энэ эмчид Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль өгөхөөсөө харамлах ёстой юм бэ? Алтыг нь аваад авдрыг нь хаяж болохгүй. Заавал бусад орныг дуурайх хэрэг байна уу? Саяхан гадаад залуу эхнэрийнхээ гэрийн ажлын хөдөлмөрийн хөлсийг нэг бүрчлэн бодож жилд 72000 $ болж байгаа талаар бичсэнийг фейсбүүкээс харлаа. Энэ хүнд ачааг нуруундаа үүрсэн ээжүүдийг Алдарт эхийн одонгоор энгэрийг нь мялаахад биднээс тийм их юм унана гэж үү?
Хоёрт, бид Баруун Европоос өөр хэмжүүрт амьдарч байна. Европт ахмадуудын амиа хорлолт өндөр. Тэр хүмүүст байр нь байдаг, мөнгө байгаа, өөхөөр доторлож, торгоор гадарласан ч нөгөө сайхан халуунаараа үнэт зүйл байдаггүй. Амиа бодож довоо шарлуулж, аливаад дан ганц хувийн эрх ашгийн үүднээс хандана. Хонины бэлчээрт хормой дор төрсөн жирийн монгол хүн хүүхдүүдээ тойруулаад, байгаагаа хувааж идээд, бахархах одон медалиа гаргаж зүүгээд цагаан сараар байгууллага дээрээ очоод л, манайх муу ч сайн ч хэдэн ахмадуудаа жилдээ нэг хүлээж аваад, амралтанд явуулаад харж үзээд байдаг. Мөнгө гэхээсээ илүү өөр хэмжүүр. Монгол хүмүүсийн элэг өөр. Ахмад үеэрээ бид чинь бахархдаг.Тийм учраас би одон медалийг нь өгөх нь зүйтэй гэж боддог.
Шагнал, одон төгс хэмжүүр биш. Босго өндөртэй болгоё, шагнал хавтгайрлаа гэдэг л юм.Энэ бол сайжруулж болох жижиг техникийн асуудал. Гэхдээ төрийн эрхэм дээд цол, төрийн одонд ямар нэг далд санаа байхгүй гэдэгт бүгд итгэдэг. Нэртэй, хүндтэй хэвээрээ байдаг. Тэнгэрээс од шүүрсэн юм шиг, ховорхон аз тохиосонд баярлах ахмадуудад сэтгэлд нь хур бууж байдаг юм.
Орчлонгийн улаан тоосонд одон шагналын байр байж л байсан. МЭӨ 3 мянган жилийн өмнө эртний Египтэд хүзүүний алтан зүүлтэн одонгоор шагнадаг байжээ. Эртний Ромын иргэнийг хаста пура жуухаар шагнадаг байв. Индонези, индианы эрэлхэг дайчдын шагналд шивээс нэмж шивдэг байжээ. 1792 оноос хойш одоо хүртэл Польшид Виртути Милитар одонгоор шагнасаар байна. Өнөөдөр ОХУ, АНУ, Их Британийн Засгийн газар эрэлхэг эсхүл олон нийтийн төлөө ажилласан, нийгэмд үнэтэй хувь нэмэр оруулсан бие хүн иргэдээ иргэний одон медалиар шагнадаг. АНУ гэхэд Конгрессийн алтан медаль, Ерөнхийлөгчийн эрх чөлөөний одон гээд явж өгнө. НҮБ хүртэл өөрийн одонтой.
Монголын Богд хаант улсын анхны одон “Эрдэнэ Очир” одонг 1913 оноос олгодог байжээ. Петербург хотын Бокийн пүүсэнд “Эрдэнэ Очир” одонг захиалж хийлгэсэн гэдэг. Ардын засаг 1925 онд анх Цэргийн гавъяаны, Бичгийн гавъяаны гэсэн хоёр одонг баталсны Бичгийн гавъяаны одон нь хожим Аж ахуйн гавъяаны гэж, одоо Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон гэж нэршжээ. Энэ одонгоор анх Д.Лосол, Б.Цэрэндорж нар шагнуулж байжээ.
Эцэст нь хэлэхэд, шагнуулахыг хүсч байгаа, төрдөө үнэлүүлэхийг хүссэн бүхэл бүтэн үе одоо амьдарч байна. Хойт хөршөөсөө нэг жишээ татъя. Москвад Улаан талбайн хойморт байрладаг В.И.Лениний бунханг буулгахаар болоод В.В.Путинаас асуутал “Хэрэггүй. Энэ бол хүний түүх. Энэ бол зөвхөн В.И.Ленин гэдэг хүний зөв буруу алхам биш, энэ хүнтэй холбоотой бүхэл бүтэн үе амьдарч байгаа. Энэ үеийн хүмүүсийн дурсгалыг хүндэтгээд энэ Мовзолей байж байх нь хэрэгтэй” гээд Владимир Владимирович татгалзжээ. Тодорхой, тууштай байр суурь.
Насаараа ажилласан манай дүүргийн ахмадуудыг одон медаль гардаж байгааг харахад төрийн мэлмийд багтсан тэр хүмүүсийн нүдэнд нь нулимс цийлэгнэж, туйлын их баярлаж байгааг харахад өрөвдөх бас бахдах сэтгэл төрдөг. Хий нь гарсан, үхэхээс бусдыг үзсэн, бидний өнөөдрийг босгох гэж бор зүрхээрээ зүтгэсэн, амьдралын хатуу хүтүүг туулсан хүмүүс шүү дээ. Төрдөө үнэлүүлж, түмэндээ хүндлүүлэг л дээ. Усыг нь уугаад худгийг нь мартах манай ёс лав биш.