БНСУ-ын иргэнийг байгаль орчны тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнав
БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл Байгаль орчны тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсан БНСУ-ын иргэн И.Мёнжин
2015.05.22

БНСУ-ын иргэнийг байгаль орчны тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнав

БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл Байгаль орчны тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсан БНСУ-ын иргэн И.Мёнжинийг хүлээн авч уулзан, шагналыг нь гардууллаа.

БНСУ-ын иргэн И.Мёнжин 2008 оноос Булган аймгийн Баяннуур суманд цөлжилтийн эсрэг мод тарих ажлыг БНСУ-ын шашны болон иргэний нийгмийн байгууллагуудыг нэгтгэн анх эхлүүлжээ. Түүнээс хойш иргэний нийгмийн байгууллагуудыг уриалж 2009–2013 оны хооронд Булган аймгийн Баяннуур суманд хэрэгжсэн нуур сэргээх төслийн хүрээнд 100,000 мод тарьж, орон нутгийн 2000 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, сумын сургуулийн сурагчдад комьпютер зэрэг хэрэгцээт зүйлээр тусалж дэмжиж иржээ.

Түүний хийж буй эдгээр сайн дурын ажлууд нь Монгол, Солонгос хоёр улсын соёлын болон найрсаг харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг шагнал гардуулах үеэр БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл тэмдэглэн хэлэв. И.Мёнжин нь БНСУ-ын ардчилсан хөдөлгөөний зүтгэлтнүүдийн нэг бөгөөд дэлхий нийтийн ядуурал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цөлжилтийн эсрэг үйл ажиллагааг идэвхтэй явуулдгаараа алдаршсан нэгэн юм.