БСШУ-ы сайд Л.Гантөмөр “Хөсөгтөн”-д талархал илэрхийлэв
2015.05.18

БСШУ-ы сайд Л.Гантөмөр “Хөсөгтөн”-д талархал илэрхийлэв

Өнөөдөр “Авьяаслаг Азичууд” шоунд амжилттай оролцож хоёрдугаар байр эзэлсэн "Хөсөгтөн" хамтлагийн залуусыг БСШУ сайд Л.Гантөмөр БСШУЯ-д хүлээн авч уулзан баяр хүргэлээ.

Уулзалтын үеэр Л.ГантөмөрХөсөгтөн хамтлаг Монгол ардын язгуур урлагийг уламжилж ирсэн байдал, хөг аялгууг нь дэлхийн тайзнаас сонсоход бахархам сайхан байлаа.

Та бүхэндээ Монголынхоо ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэн, үзэгч түмэн та бүхний тоглолтыг төлбөр төлөн үздэг байгаасай гэж хүсч байна” хэмээн хэлээд Монгол төрийн сүлд, морин хуур бүхий бэлэг дурсгалын зүйлс гардуулж талархал илэрхийлэв. Мөн хамтлагийн залуу гишүүн морин хуурч  н.Түмэнбаярт СТА цол гардууллаа.

У.Хүрэлбаатар: Монголыг мэддэггүй маш олон хүн байдаг юм байна гэдгийг мэдэж авсан. Бид өөрсдийгөө дэлхийн томоохон хотуудад очиж тоглолт хийх бүртээ Монголоо сурталчилж олон хүнд таниуллаа гэж боддог байсан.

Гэтэл одоо бидний хийх ажил ямар их байгааг олж харсан. Бид дэлхийд Монголоо улам их таниулж, танихгүй, мэдэхгүй хүн үгүй болгоно гэдэгтээ итгэлтэй байна. Зүүн өмнөд Азид манай ардын урлагийг хэрхэн хүлээж авсныг үзэгч түмэн маань харсан болов уу?  

В.Батзориг: Тайзан дээр байхад сэтгэгдэл маш өндөр байсан. Би гэхэд хэр барагтай л нулимсаа гаргадаггүй хүн нулимс дусаасан. Сүүлд шалгарч үлдсэн хоёр хамтлагийн уран бүтээлийн тоглолт дээр сэтгэл хөдлөөд яг юу болж өнгөрснийг ч сайн санахгүй байгаа.

Бидний хамгийн хүчтэй өрсөлдөгч Филиппиний өрсөлдөгчид байлаа. Мэдээж түрүү байранд орж чадаагүй ч гэсэн Монголынхоо ард түмэнд биднийг нэгэн үзүүрт сэтгэлээр дэмжиж байсанд маш их баярлаж байсан. Хэдийгээр хол байгаа ч гэсэн та бүхний дэмжлэг бидэнд сэтгэлийн асар их урам зориг өгч байсан шүү.

Ч.Амарбаясгалан: Цаашид юун дээр анхаарвал зохистой вэ гэж үү? Энэ удаагийн наадамд бүх зардал мөнгийг цаанаас нь даасан болохоор бидэнд асуудал бараг гарсангүй. Гэхдээ тэмцээний үеэр шилдэг есөн хамтлагийг дагаж тус тусын улсын нэг нэг телевиз оччихсон байсан.

Хэрвээ болдогсон бол манайхаас нэг телевиз очоод бид тайзны ард яаж бэлдэж, яаж зүтгэж байсныг, тэр том шоу ямар зохион байгуулалттай, ямар хатуу дүрэм журамтай ямар болдог вэ гэдгийг ард түмэндээ  харуулахсан гэж хүсч байсан.

Д.Ариунболд: Энэ бол Монголын хөгжим шүү гэдэг философи хэзээ ч алдагдаагүй. Манай ардын урлаг, ялангуяа морин хуур бол ямар ч улсын ардын хөгжмийг бодвол илүү сонгодог тал руугаа, орчин цагийн ая аялгууг гаргаж чаддаг юм байна гэдгийг олж харлаа. Агуу том соёлыг бүтээж чадсан монголынхоо өвөг дээдсээр бахархаж байсан.

Тэмцээний зохион байгуулалтын хувьд асар өндөр зохион байгуулалттай байдаг. Учир нь энэ тэмцээнд 1000 гаруй бүтээл оролцсоноос 120 шилдэг бүтээл шалгарч 24 тунаж, тэндээс есөн уран бүтээл, есөн уран бүтээлээс шилдэг гурав, шилдэг гураваас  шилдэг хоёр гэж багассан. Тайзны ард бусад уран бүтээлчид юу тоглож байгааг мэдэх боломж байхгүй, нууцлалын өндөр түвшинд байдаг.

Тоглолтын үеэр таних танихгүй хүмүүстэй уулзах нь хориотой, эсвэл цагийн хуваарьтай байдаг гээд маш хатуу дэгтэй.  Урд нь ардын урлаг гэхээр бид ардын урлагийнхантай, бөхийнхөн бөхийнхөнтэйгөө барилддаг. Гэтэл шоу гэдэг бол бүх төрлийн төрөл жанруудыг хооронд нь уралдуулчихдаг. Тэгэхээр  энэ бүх төрлөөс түрүүлж гарч ирнэ гэдэг бол гайхалтай.

Г.Адъяадорж: Өмнө нь хөсөгтөн хамтлаг дэлхийн том том тайзан дээр гарч, дандаа тэргүүн байрыг эзлэж байсан учраас яг үнэнийг хэлэхэд өөрсөддөө дэндүү их итгэлтэй байжээ. Бусад хамтлагууд шиг тэнцэх тоолондоо уйлж, дуулж, баярлаж, сэтгэлийн хөдлөлөө барьж чадахгүй байсан шиг зүйлс байсангүй. Биеэ барих чадвар илүү байсан. Эхний байранд орно гэдэгтээ маш их итгэлтэй байсан.

Гэхдээ энэ удаагийн тэмцээнээр Монголчууд яаж нэгдэж чаддаг вэ? гэдгийг дахин нэг удаа харууллаа. Бидний Монголчууд 3 сая хүн амтай мөртлөө 2008 онд олимпын аврагаар хэрхэн нэгдсэн, дараа нь Дэлхийн мисс-2015 үеэр хэрхэн нэгдсэн, сая Хөсөгтөн дээр бас дахин Монголчууд хэрхэн нэгдэж чаддаг вэ? гэдгийг харууллаа.

О.Чулуунбаатар: Амжилт үзүүлнэ гэдэг нэг хэрэг. Амжилтыг хадгалж явна гэдэг хамгийн хэцүү. Олны итгэлийг авна гэдэг бол хариуцлага нэмэгдэхийн нэр. Энэ итгэлийг, энэ сайхан сэтгэлийг хөсөрдүүлэхгүйн тулд бид чадах бүхнээ хийнэ. Үзэгчиддээ зориулж бид тоглолт, шинэ цомог  гээд бүгдийг нь хийж эхлэхээр төлөвлөсөн байна.