Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба МУГТ О.Гүндэгмааг хүлээн авч уулзлаа
Эрүүл мэнд, спортын яам
2015.04.17

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба МУГТ О.Гүндэгмааг хүлээн авч уулзлаа

БНСУ-ын Чанвон хотод явагдсан "Дэлхийн цом"-ын тэмцээнээс 25 метрийн спорт гар бууны эмэгтэйчүүдийн дасгалд нийт 70 буудагчаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа хятадын тамирчныг ялж Дэлхийн цомын аварга болсон. Ингэснээр тэрбээр Монголын тамирчдаас "Рио-2016" олимпийн наадамд оролцох анхны эрхийг албан ёсоор авсан юм.

Өнөөдөр Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба МУГТ О.Гүндэгмаа болон түүний дасгалжуулагч Л.Ундралбат нарыг хүлээн авч, уулзлаа. Уулзалтын үеэр МУГТ О.Гүндэгмаа буудлагын тамирчидад тулгамдаж байгаа зарим асуудлыг салбарын сайддаа уламжилж арга хэмжээ өгөхийг хүсч байлаа. Тамирчдын хувьд бэлтгэл сургуулилалт хийхэд сумны хангалт хамгийн чухал тул олимпийн бэлтгэл хангах сумны хүрэлцээг бүрэн шийдвэрлэж өгөхийг хүссэн. Түүнчлэн тэрбээр БНСУ-ын Чанвон хотод явагдсан "Дэлхийн цом"-ын үеэр түүний буу хоёр удаа гацаж оноо хасуулахад хүрсэн. Энэ нь сумаа зориулалтын бус чийгтэй орчинд хадгалаж байгаагаас үүдэлтэй байж болзошгүй тул зориулалтын орчин нөхцөлд сумаа хадгалах боломжийг бүрдүүлэх тал дээр арга хэмжээ авч өгөхийг хүсч байлаа.

Олипмийн эрхээ авсан тамирчины хувьд дахин буу гацах зэрэг эрсдлээс болж оноо алдахгүй байх нөхцлийг бүрдүүлэх үүднээс шинэ буугаар хангах асуудлыг ч анхааралдаа авч эртхэн шийдвэрлэж өгвөл эртнээс буундаа дасаж бэлтгэл сургуулилтаа базаах нь чухал гэдгийг хэлж байлаа. 

Энэ үер Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба спортын бүхий л төрлөөр олимпийн эрх авч байгаа тамирчдад тулгамдаж асуудал бүрийг анхааралдаа авч Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх талаар анхаарч ажиллахаа илэрхийлэв.

alt